Цаг үеийн мэдээ

Нийгмийн бодлогын байнгын хорооны өдрийн хуралдаанаар /2024.11.19/ "ГБХНХ- сайдын Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт", "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай", "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах" гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэлд:  2023 оны байдлаар Монгол Улсад нийт хүн амын 10.1 хувь буюу 385.3 мянган ахмад настан (эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш настай) байна. Цаашид ажиллах хүч насжиж, хөдөлмөрийн насны нэг хүнд ногдох ахмад настнуудын тооны харьцаа 2010 онд 10 ажилтан тутамд 1 ахмад настан байсан бол 2040 он гэхэд 4 ажилтан тутамд 1 ахмад настан болохоор байгаа бөгөөд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардал өснө гэж тайланд дурдав. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны эрүүл, идэвхтэй насжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврийн хэмжээг инфляц, хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн хийж буй ажлуудын талаар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг нар ахмадын сангийн журам, төрөөс олгож буй тэтгэвэр тэтгэмж, амьдралын чанарын үнэлгээ, үйлчилгээний хүртээмж, стандартын талаар тодрууллаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ. НДҮЗ-ийн дүрэмтэй холбогдуулж гишүүд мэргэжлийн хороодын хараат бус байдал, даатгуулагчийн эрх ашиг, зөвлөлийн үйл ажиллагааны нээлттэй байдлын талаар санал гаргаж, тусгуулахаар болов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг дүрмийг батлахыг дэмжлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах асуудлыг хэлэлцсэн боловч ЭМДҮЗ-ийн гишүүдийн эрх үүргийг дэлгэрүүлэх, ЭМЯ, ЭМДЕГ-ын ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс байнгын хороодын гишүүд уг дүрмийг дахин боловсруулаад оруулж ирэх санал гарган, батлахыг дэмжсэнгүй.

Таны сурталчилгаа