МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй Олимпын зөвлөлүүдийн удирдах ажилтнууд эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотноо туршлага судлах албан айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Биеийн тамир, спортын газрын намын хорооны дарга Дү Божүн болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.
Уулзалтаар энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйг онцлон биеийн тамир, спортын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцов. Цаашид баг тамирчдын хамтарсан бэлтгэл зохиох, дасгалжуулагчдын туршлага судлах солилцоо хийх, залуу боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцлээ.