Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан “Эко хотхон-Ногоон хөгжил” төслийг 2022-2024 онуудад харьяа нэгтгэл, ангиуддаа амжилттай хэрэгжүүллээ.

Хоёр жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар явагдсан энэхүү төсөл, болзолт уралдааны хүрээнд нэгтгэл ангиуд алба хаах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор мод үржүүлгийн төвүүдийг байгуулж, мод сөөгийг үрээр болон суулгацаар тариалж, арчлан хамгаалж, түүнийг дагасан бүтээн байгуулалтыг өрнүүлсэн юм. Төслийн хүрээнд командлал, нэгтгэл, ангиуд 808 мянган шилмүүст болон навчит модыг үрээр, суулгацаар тариалж, 4 тонн олон наст зүлгийг суулгаж, хөрсний доройтлыг бууруулахаас гадна эрүүл эко орчныг бүрдүүлж чадсан байна.

Болзолт уралдааны дагуу хийгдсэн ажлуудыг Хуурай замын цэргийн командлалаас саяхан дүгнэсэн бөгөөд бүх нэгтгэл, ангиуд идэвх санаачилгатай жигд оролцож, ногоон байгууламжийг мэргэжлийн алба хаагчдын заавар зөвлөмжөөр бүтээн байгуулж, эргэн тойрноо эко орчин болгожээ. Тэр дундаа Зэвсэгт хүчний 014, 186, 167 дугаар ангиуд ногоон байгууламжаараа тэргүүлж, шагнагдсан байна.

Болзолт уралдааныг дүгнэгчид ихээхэн үр дүнтэй төсөл байсныг цохон тэмдэглэж, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангаж, нэгтгэл, ангидаа ая тухтай эрүүл, эерэг нөлөөллийг авчирсан сайн жишиг боллоо гэж онцоллоо. Төслийг ирэх онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан дахин өрнүүлэх ажээ.

Таны сурталчилгаа