Цаг үеийн мэдээ

Кино найруулагч П.Золжаргалтай ярилцлаа.

-Соёлын сайд Ч.Номин “Баавгай болох сон” киноны зардлын 30 хувийг Кино урлагийг дэмжих сангаас олгосон гэж Байнгын хорооны хурал дээр хэлсэн. Хүмүүс үүнд эргэлзээ төрөх болсон. Та үнэхээр Кино урлагийг дэмжих сангаас хөрөнгө оруулалт авсан нь үнэн үү?

-Хэдхэн хоногийн өмнө Соёлын сайд, ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Номин асар том худал үг хэллээ. Юу гэж хэлсэн бэ гэхээр миний кино буюу “Баавгай болох сон” киноны санхүүжилтийн 30 хувийг улсаас өгсөн гэж хэллээ. “Баавгай болох сон” кино мөнгөн ба мөнгөн бус дэмжлэгийг оруулаад нийт төслийн үнэлгээ 500 мянган ам.доллароор бүтсэн. Дэлхийн чанарт нийцсэн кино хийхийн тулд 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх нь олон улсад жижигхэн буюу маш бага хөрөнгө оруулалт гэж хэлэгддэг. Ч.Номин сайдын хэлсэн киноны 30 хувийн зардал гэдэг нь 150 мянган ам.доллар. Би энэ киног бүтээхэд Кино урлагийг дэмжих сангаас нэг ч төгрөг аваагүй. Дахиад хэлье би нэг ч төгрөг аваагүй. Харин авсан гэж хэлж байгаа нь аваагүй гэдгээ хэлэх нэг шалтгаан надад байгаа. Яагаад гэвэл энэ киног хийхийн тулд маш олон хувийн байгууллага, олон улсын байгууллага, хувь хүмүүстэй уулзаж байж хамгийн сүүлд би байраа зарж хийсэн кино. Тэгэхээр хүн намайг тэнд 500 сая төгрөг авсан гэж хэлж байгаа болохоор би аваагүй гэдгээ хэлэх ёстой. Цаанадаж миний хамтрагчид юу гэж бодох вэ. Наанадаж миний гэр бүлийн хүн юу гэж бодох вэ. Намайг чи 500 сая төгрөг авчхаад байраа заруулчхаж байгаа юм уу гэж бодвол яах вэ. Хэлэх ёстой бас нэг шалтгаан нь би төрсөн өдрөөрөө хандивын өдөрлөг хийсэн. Би бүх найзуудаа, хайртай хүмүүсээ уриад би кино хийх гэж байгаа надад мөнгө өгөөрэй, хандив өгөөрэй гэсэн. Надад 1 сая, 500 мянга, 200 мянга бүр 5000 төгрөг явуулсан олон хүн бий. Ийм олон хүмүүсийн хандиваар энэ кино бүтээгдсэн. Би дахиад хэлье. Тийм байхад 500 сая төгрөг авсан гэж сайд хүн хэлж байгаа нь би аваагүй гэдгээ дахин дахин хэлмээр байна. 

-Тэгээд Кино урлагийг дэмжих сангаас ямар ч дэмжлэг үзүүлээгүй юм уу?

-Одоо намайг эдгээр хүмүүс ямар учиртай мөнгө авсан гээд байгааг тайлбарлая. Реналиталентс буюу залуу кино уран бүтээлчдийг дэмжих маш том хөтөлбөр байдаг. Жил болгон 3500 гаруй өргөдөл очоод 200-хан уран бүтээлчийг сонгож, Берлиний кино наадмын дэргэд хөгжүүлдэг сургалт бий. Түүнд би тэнцээд баярлаад байж байтал Кино урлагийн зөвлөлөөс “Баяр хүргэе. Бид та бүхэнд онгоцны зардалд нь дэмжлэг үзүүлье” гэсэн. Тэр үед би маш их баярласан. Би түүнийг нь аваад сургалтдаа яваад ирсэн. Тэр чинь “Баавгай болох сон” кинонд өгөөгүй. Хувь уран бүтээлч Золжаргалд өгч байгаа юм. Тэгээд яваад иртэл “Одоо чи мөнгө авсан юм чинь сургалт орно шүү” гэсэн. Би уг нь дэмжлэг гэж бодсон. Гэтэл бартер юм уу, хариу нэхсэн. Энэ бол дэмжлэг биш. Намайг авсан мөнгөндөө ажил гүйцэтгэ гэсэн. Би авсан мөнгөндөө тааруулаад 30 гаруй хүнд сургалт орох болов уу гэсэн 130 хүнд сургалт оруулсан. Бүр ичихгүй “Бид сургалтыг чинь бичиж аваад сайтдаа тавьчих уу? Гэж асуусан. Хувь хүний мэдлэг, боловсрол, уран бүтээлчийн чадварыг үнэлдэггүй, дээрэлхдэг, мөлждөг улс. Тэгэхээр тэрхүү  мөнгийг би дэмжлэг биш миний цалин юм байна гэж би ойлгож байгаа. Би ингэж ойлгосоор ч явах болно. Харин дараа нь “Баавгай болох сон” кино Каннын кино наадамд шалгарах үед би хэвлэлийн бага хурлаас нь өмнө би Ундрал дарга руу явж ороод энэ миний хүндлэл юм л даа. Монгол уран бүтээл шалгарлаа. Монгол зураглаач хүний нүдээр, зөвхөн монгол уран бүтээлчид хийсэн бахархам зүйл байхгүй юу. Биднийг баг болж ажиллаж чадахгүй гэдэг. Энэ олон гадаад руу явж байгаа кинонууд дандаа гадаадаас уран бүтээлчид авчирдаг. Гадаад зураглаач, гадаад дууны найруулагч, бүр гадаад туслах найруулагчаа чирч ирээд найруулагч нь л монгол кинонууд байдаг. Тэгээд би баярлаад хэлтэл “Эрт хэлэхгүй яасан юм бэ. Одоо санд мөнгө байхгүй” гэж хэлсэн. Би “Та нар монгол киноны түүхэнд юу болоод байгааг ойлгохгүй байна. Ямар чухал зүйл болж байгааг ойлгохгүй байна” гэсэн. Миний зардлыг манай хамтарсан продакшн гаргаад явсан. Би монгол хүн болохоор монголын кино урлагийн түүхэнд шинэ хуудас нээж байгаа болохоор тэрхүү зургийг авсан зураглаачтайгаа хамт алхахыг хүссэн. Продсертайгаа алхахыг хүссэн. Би хүүхдүүдтэйгээ цуг тэнд алхахыг хүссэн. Каннын кино наадамд энэ киног төлөөлж долоон хүн явсан. Ингээд би гурван жүжигчин хүүхэд, зураглаачтайгаа, хоёр продюсертэйгээ долуулаа явсан. Зардлаа хандиваар цуглуулаад явъя гэж бодсон. Яагаад гэвэл зураглаачгүйгээр өөрсдөө яваад очвол нүдний булай болох байхгүй юу. Тэгээд хэлтэл хандив цуглуулна гэдэг үгнээс асар айсан. Тэгээд Ундрал дарга сайдтайгаа ярилцъя гэсэн. Ингээд сайдын нөөцийн багцаас хоёр уран бүтээлчийн зардлыг дэмжье гэсэн. Надад өгөөгүй. Золжаргал түүнийг аваагүй. Дүрслэлийн хэлтэй зураглаач нь түүнийг авч, тэнд монголын нэрийг гаргаж хивсэн дээр алхчихаад ирсэн байхгүй юу. Тэгэнгүүт бидэнд Каннын кино наадамд “Баавгай болох сон” киног оролцуулсан гэж хэлж байгаа юм. Тэнцсэнийх нь дараа хоёрхон хүнд мөнгө өгсний төлөө шүү дээ. Үлдсэн таван хүн нь өөрсдөө мөнгөө гаргаад явсан. Гурван хүүхдэд маань хувийн компаниуд мөнгө өгсөн. Би жирэмсэн том гэдэстэй хүн энэ тэндээс богино хэмжээний кинонуудаа үзүүлж мөнгө гуйгаад, 35 сая төгрөг гуйж цуглуулаад явсан. Тэгтэл түүнийг минь бүтэн жилийн турш бид явуулсан гэж ярьсан. Бүх зардлыг өгсөн юм шиг ярьж байсан. Би авах ёстой зүйлээ авсан. Би ингэж бодох болсон. Би өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин. Би өнөөдөр төсөл бичиж чаддаггүй 130 хүнд нэг хүнд 100 мянган төгрөгөөр ордог хичээлээ үнэгүй орсон. Тэгэхээр би энэ газраас авлагатай. Тэгсэн надад “Тэгээд чи наадхаа эрт хэлээд шүүхдээд явахгүй яасан юм бэ. Чи мөнгө авсан л байна шүү дээ” гэсэн. Уучлаарай. Өнөөдөр залуу уран бүтээлчид юун энэ зөвлөл энэ тэр байтугай балиар кино хийдэг ах эгч нарынхаа өмнөөс А ч дугарахаас айдаг бүгдээрээ. Энэ салбар чинь жижигхэн. Ахаа эгчээ гэж долигонож, бялдагдаж явж байж л оршдог. Өрөвдөлтэй салбар байхгүй юу. “Баавгай болох сон” киноноос өмнө Берлиний кино наадамд яваад ирсний дараа эд намайг хөдөлмөрийн мөлжлөгт оруулсан гэхээр хэн намайг сонсох юм бэ. Өнөөдөр хүмүүс яагаад намайг сонсож байна гэхээр би Каннын кино наадамд оролцоод ирсэн учраас л дэлхий намайг сонссон учраас хүмүүс намайг сонсож эхэлсэн. Би айж байгаа. Би хэрэлдээд явж чадахгүй. Одоо ч гэсэн хар. Энэ санаа нь бүр завхарчихсан. Хэн ч дугарахгүй байгаа биз дээ.

-Хоёр хүний зардлыг Кино урлагийг дэмжих сангаас өгсөн юм байна. Тэгвэл бусад киноноос Кино урлагийг дэмжих сангаас хэдэн хүн дэмжлэг авсан юм бол. Нийт хэдэн хүн сангийн зардлаар явсан юм бэ?

-Тэр тоог би мэдэхгүй шүү дээ. 

-Хамт баг болж яваагүй хэрэг үү?

-Үгүй. Би өөрөө таван хүнийхээ зардлыг гаргаад, хоёр хүний зардал өөрсдийнх нь данс руу орчхож байгаа шүү дээ. Тэгээд манай киноныхон л баг болж явсан. Хоёр хүний минь зардлыг даасанд би баярлаад хийсэн үдэшлэг дээр нь очсон. Тэнд бүр сурталчилгааны хэсэгтээ “Баавгай болох сон” киноны постер болгоод наачихсан. Миний киногоор Монголын кино урлагийн зөвлөл өөрсдийнхөө нүүрийг зөндөө тахалж явж байгаа. Үдэшлэгээ хүртэл монгол кино сэргэж байна. зөндөө ингэж явсан. Гэхдээ би зүйлийг хэлье. Энэ сан бол залуу уран бүтээлчдийн хувьд үнэхээр чухал сан. Даанч энэ сангийн мөнгийг шийдэж байгаа зөвлөл 11 хүн хэтэрхий өндөр настай. Хэтэрхий хоцрогдсон хүмүүс. Байгаа залуучууд нь хэтэрхий өөрийн ашиг сонирхлын төлөө тэнд байж шийдвэр гаргадаг. Дээрээс нь Ундрал гэдэг хүн асар нэр хүнд, царай зүс хардаг. Өөрийг нь гоё сайхан гэж хэлж байж, эгчээ эгчээ гэж явуулахыг хүсдэг. Энэ хүн бол төрийн ажил хийх ямар ч чадваргүй. Харилцааны ур чадвар ч байхгүй хүн. Ийм хүн олон жил төрөөс кинонд дэмжлэг үзүүлэхийг хүсдэг сангийн толгойд суучхаад, яг үнэндээ залуу үеийг дээрэлхэж байна. 

-Оскарын шагналд нэр дэвшүүлэх шалгаруулалтын үеэр юу болсон юм бэ?

-“Баавгай болох сон” киног Оскарт явуулахгүй гэдэг нь энэ сан ямар аймшигтай илжирсний илрэл. Үүнээс илүү би та нарыг тэвчин хүлцэж чадахгүй нь ээ гэдэг байдалд орсон мөч. Энэ жил хоёрхон кино ирсэн. Оскарт явуулъя гээд. Түүний нэг нь миний кино. Нэг нь Кино урлагийн зөвлөлийн гишүүний зохиолыг бичиж, продюсерлаж, туслах найруулагчаар нь ажилласан кино. Шийдвэр гаргах ёстой 11 гишүүний нэг нь киногоо явуулъя гээд ямар ч ичгүүр сонжуургүйгээр ирүүлсэн. 11 гишүүн гэдэг нэг хамт олон шүү дээ. Нэг нь киногоо явуулъя гэтэл бусад нь түүнийг дэмжинэ. Ийм ч учраас ашиг сонирхлын зөрчил гэж зүйл байх ёсгүй гэсэн дүрэм бий. Дэлхий даяар ийм дүрэмтэй. Чи энэ шийдвэр гаргагчийг таньдаг бол материалаа өгч болохгүй. Тэнд зүгээр л дээрэлхээд ороод ирсэн. “Баавгай болох сон” киног өгч байна. Тэгвэл би өөрийнхөө киног өгчихье. Манайхан намайг дэмжинэ гээд өгсөн. 11 гишүүний долоо нь хуралдаа ирснээс тав нь тэр хүний киног дэмжсэн. Хоёр “Баавгай болох сон” киног явуулъя гэсэн. Тэнд яалт ч үгүй нэг хуулийн хүн байсан болохоор наадах чинь ашиг сонирхлын зөрчил шүү гэж хэлсэн байгаа юм. Тэгтэл үлдсэн нэг кино нь явах ёстой доо. Гэтэл үгүй наадах чинь хоёрхон санал авсан юм чинь явуулахгүй гэж шийдсэн гэж олон нийтэд мэдэгдэл хийж байгаа юм. Ашиг сонирхлын зөрчлөө ч эд ойлгохгүй байна. Би “Баавгай болох сон” кинонд Катар Доха хотоос дэмжлэг авсан. Зүгээр л өргөдөл явуулахад Дохагийн кино сангийн гишүүдийн хэн нэгнийг чи таньдаг уу? Ямар нэг харилцаа холбоотой юу гэж асуудаг. Тийм, үгүй гэж хариулна. Тийм гэж хариулсан бол өөрийн чинь өргөдлийн материалыг нээж ч үзэхгүй. Олон улсад энэ сан чинь ийм цэвэрхнээр явдаг. Тийм ч учраас жинхэнээсээ дуу хоолойгоо илэрхийлмээр байгаа хүн өнөөгийн нийгмийнхээ, эрх баригчдыг шүүмжилмээр байгаа кинонууд эсвэл нийгмийн цөөнх, бэлгийн цөөнх, нийгмийнхээ цөөнх болоод байгаа хүмүүсийн дуу хоолойг кино урлагаар гаргаж болдог. Манайд бол эсрэгээрээ буглачихсан, бугшчихсан байна. Энэ асуудал эцсийн бүлэгтээ санг татан буулга гэдэг гунигтай нөхцөл байдалд очиж байна. 

Б.УУГАНБАЯР

Таны сурталчилгаа