Цаг үеийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааны асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудыг дуудаж, үүрэг, чиглэл өгчээ. Тухайн асуудлаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээлэл өглөө. 

Ө.Золбаяр: "Шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлж байх үед буюу 2019 оны өвөл утааны түвшин тодорхой хэмжээнд 40-50 хувь буурч байсан. Одоо яагаад тэр байдлаасаа ухарчих ваа. Шахмал түлш улам сайжраад явах байтал энэ түлш яагаад муудчих ваа гэх асуудлыг маш олон эх сурвалжууд хөндөж ярьж байна шүү дээ. Ерөнхийлөгч гол нь энэ асуудлыг л хөндөж ярилаа. Хоёрдугаарт хяналт шалгалтын асуудлууд нэлээд суларсан байна гэдэг дээр ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг илэрхийлж, хяналт шалгалтаа сайжруул аа, шахмал түлшнийхээ хатаалтын байдал, орц буюу барьцалдуулагч зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллах, утааг бууруулах нь ганцхан байгууллагын ажил биш. Төр засаг бүх шатанд уялдаа холбоотой ажиллаж байж үр дүн гарах ёстойг хэлж санууллаа. Урьд нь Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байсан. Тэр хороог татан буулгасан. Яагаад энэ хороог татан буулгаж байгаа юм бэ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн үед шахмал түлштэй холбоотой асуудлууд нийслэл Улаанбаатар хот руу түүхий нүүрс орж байгаа, гарч байгаа бүх асуудлуудад хяналт шалгалтаа тавьж ажилладаг байсан. Одоо энэ хяналт шалгалт байхгүй болсон. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Монгол улсын ерөнхийлөгч энэ асуудлуудаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тус хуралд ерөнхий сайд хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Ер нь бол ерөнхий сайдыг оролцооч ээ гэдэг хүсэлтийг бол тавьсан байсан. УИХ-ын дарга, бүлгийн дарга нар оролцсон.

Тавантолгой түлш компанийн шинэ удирдлага өнөөдрийн уулзалтад ирсэн. Тухайн байгууллагаас шахмал түлшний хатаалт өмнөх түвшиндээ хүрэхгүй байгаа гэх мэдээллийг ажил хариуцсан холбогдох хүмүүс өгсөн. Өөрөөр хэлбэл чийгшил ихтэй түлш асах юм бол утаа их гардаг. Энэ нь зарим лабораторийн шинжилгээгээр баталгаажсан.

Ер нь аливаа улс орнууд бүгд анх түүхий нүүрс түлдэг байсан. Дараа шахмал түлш түлсэн. Дараа нь хагас коксжих түлш түлсэн. Хамгийн сүүлд нь газ байгалийн хий буюу ямар ч хаягдалгүй түлш ашиглаж агаарын бохирдлын асуудлаа шийдсэн. Манайх энэ хөгжлийн дагуу түүхий нүүрс түлдэг байж байгаад шахмал түлш орж ирсэн. Дараагийн шат руу явах ёстой байсан ч шахмал түлш чанарын түвшинд хүрэхгүй урагш биш хойшоо ухарчих ваа гэдэг асуудал гараад байгаа. Энэ асуудлын хариуцаж байгаа эзэн хэн байна гэх асуудлыг ярьж байна. Энэ асуудлыг тавина гэдэг үр дүн гарна гэсэн үг” гэлээ.

Таны сурталчилгаа