Цаг үеийн мэдээ

“Эрдэнэт үйлдвэр” үйлдвэрийнхээ орлого, ашиг, улсын төсвийн бүрдүүлэлтийг бууруулахгүй байж, нийгэм, эдийн засгийн амьдралд оруулж буй өгөөжийг хадгалах, нэмэгдүүлэх зорилгын үүднээс тодорхой бодлого, үе шаттайгаар хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлсээр ирсэн. Үүний гол бүрэлдэхүүн хэсэг нь өрөмдлөг тэсэлгээний ажил байдаг. 

Монгол Улсад усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын  анхны үйлдвэрийг 1994 онд Эрдэнэт үйлдвэрт барьсан түүхтэй. Жилдээ 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрт 2005 онд өргөтгөл хийж, 13 мянган тонны хүчин чадалтай болгосон юм.

Өдгөө 30 дахь жилдээ ажиллаж байгаа уг үйлдвэрийг техник технологийн хувьд шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ онд гүйцэтгэж, шинэ үйлдвэрээ ашиглалт орууллаа. Үйлдвэрийг хүлээн авах ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтуяа, уг төслийг “түлхүүр гардуулах” нөхцөлтэй гүйцэтгэсэн “Монголиан Инвестмент, Корпорэйшн” компанийн удирдлага, хамт олон, уурхайчдын төлөөлөл оролцлоо. 

Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр нь жилдээ 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай бөгөөд хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 17 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжтой юм.

Тус шинэ үйлдвэрийн ихэнх шат дамжлагууд болон технологийн хольц бэлтгэх хэсэг нь бүрэн автомат ажиллагаатай, үйлдвэрлэлийн технологийн шугамд суурилуулсан орчин үеийн насос, мэдрэгчүүд нь дэлхийд нэр хүндтэй NETZSCH, SIEMENS зэрэг брэндийнх байгаа нь чанартай эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжийг урт хугацаанд хангах нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барьж ашиглалтад оруулснаар гаднын байгууллагаас худалдан авах 4,000 тонн тэсрэх бодисыг өөрсдөө үйлдвэрлэж, нэг жилд 4.4 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэснээр анхны хөрөнгө оруулалтаа 34 сар буюу 3 жилийн дотор нөхөх боломжтой юм.

Таны сурталчилгаа