Цаг үеийн мэдээ

Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44178, мөрдөн байцаалтын 3381 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 390 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, Өмчлөх эрхийн эсрэг 103, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Авлига, албан тушаалын 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 5, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2 хэрэг байна.       

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтан Э.Б, С.Н, П.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн ачаанд хяналт шалгалтыг дутуу явуулж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтан Л.Ч, М.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад шаардлага хангаагүй “Ч” ХХК-ийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Иргэн Н.Г, А.А нар нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Нидерланд улсаас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Архангай аймгийн прокурорын газраас сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийгмийн халамжийн сангаас болон асаргааны тэтгэмжийг олгох ёсгүй иргэдэд олгож, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баянхонгор аймгийн прокурорын газраас сумын засаг дарга Д.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Б” зохион байгуулалттай нөхөрлөлийн дарга Б.Т-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулж давуу байдал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Б нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах 43 ширхэг эд зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Таны сурталчилгаа