Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог түвшинд байна. Амбулаторийн 110 мянган үзлэг хийгдсэнээс 9788 тохиолдол бүртгэгдсэн. Нийт үзлэгийн 8.9 хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.2 хувь өссөн үзүүлэлт. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт нийт 10688 дуудлага ирснээс 18.8 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй дуудлага мэдээллийн тоог харьцуулахад 68.8 хувиар ихэссэн буюу нийт 2140 дуудлага нэг өдрийн дотор иржээ. Нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудад нийт 1636 ор дэлгэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах, яаралтай тусламжийн хэсгээр нийт 3311 хүүхэд үзүүлсэн. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 43 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэгт нийт 20 эмч ажилласан. Нэмэлтээр 11 эмчийг ажиллуулсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 9-15-ны өдрийн хооронд нийт томуугийн 20 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байгаа. Эдгээр амбулаторид 3299 үзлэг хийгдсэнээс 6.3 хувь буюу 611 хүүхэд нь хэвтэн эмчлүүлж байна.