Цаг үеийн мэдээ

“Ковид-19” цар тахлын талаар дөрвөн боть ном бүтээсэн эрдэмтдийн багийг өнөөдөр (2024.12.16) Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. 

Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ хүч мөхөстсөн, хүн төрөлхтөн хөл алдсан коронавируст цар тахлыг даван туулахад академичид, эрдэмтэд, судлаачид, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад салбарын хамтын ажиллагаа маш чухал үүргийг гүйцэтгэсэн.

Манай улсыг дэлхий нийтэд тэр дундаа Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ болохуйц стратегийг хэрэгжүүлсэн хэмээн ДЭМБ болон бусад улс орнууд дүгнэсэн.

“Угтаж мэдээд тосож бэлдээд тэсэж гарна” гэх эртний үг бий. Аливаа үйл явдал болоод өнгөрсний дараа дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Нөгөөтээгүүр дэлхий дахинд аливаа зүйлийн хувьсал маш хурдтай явагдаж байна. Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Технологи болон бусад хөгжил, шинэчлэлтэй холбоотой эрсдэлүүд ч бий болж байна. Хүний болон амьтны гаралтай вирус, түүний хувьсал мутаци цаашид яаж өрнөхийг бид хэлж мэдэхгүй. Тиймээс ямар ч үед ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад төрийн бодлогыг бодитой бөгөөд илүү шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо их чухал.

Он цагийн бичээст тэмдэглэгдэн үлдэх түүхийн энэ үеийг:

“Халдвар өвчинтэй тэмцсэн түүх, хуримтлуулсан мэдлэг, ухаарал”

“Коронавируст халдварын  цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн”  

“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага сургамж-салбар дундын эрдэм шинжилгээ, судалгааны ажил”

“Монгол Улс цар тахлыг туулсан нь зурагт альбом” гэсэн дөрвөн боть бүтээл болгон үлдээж байгаа нь дараа дараагийн болзошгүй цар тахлын үед бидний хойч үед үнэлж баршгүй гарын авлага, архив болж үлдэнэ.

Энэхүү үнэт өвийг Академич, Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Ш.Болд, Академич П.Нямдаваа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Э.Оюунсүрэн, Шинжлэх ухааны академийн Төрийн төрөлжсөн академиуд хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан, Ерөнхий редакторууд болон редакторуудад, Эрүүл мэндийн яам, Монголын фото мэдээ сэтгүүлийн хамт олон эмхэтгэн бүтээлээ. 

Таны сурталчилгаа