Зэвсэгт хүчин өнөөдөр эх орондоо залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан офицер, ахлагч нараа цэргийн тэтгэвэрт гарахаас өмнө нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшихэд нь бүх талын дэмжлэг үзүүлж байна. Энэ нь цэргийн мэргэжилтэй алба хаагчдаа тэтгэвэрт гарсан ч нийгэмд ажил мэргэжилтэй, хамт олонтой байхад нь сэтгэл зүйн бэлэн байдал болоод эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт хийж буй бодлого юм.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого” баримт бичгийн хүрээнд төрлийн цэргийн командлал, Удирдах газар, нэгтгэл, ангиуд цэргийн тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа алба хаагчдадаа өөрийнх нь сонирхол, сонголтоор нийгэмд эрэлттэй ажил мэргэжил эзэмшихэд нь 3 хүртэлх сарын цалинтай чөлөө өгч, дэмжлэг үзүүлж буй явдал юм.
ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу цэргийн тэтгэвэрт гарч буй алба хаагчдынхаа дараагийн ажил, амьдралд том дэмжлэг үзүүлж буй энэхүү бодлогыг Хуурай замын цэргийн командлал, харьяа нэгтгэл ангиуд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан амжилттай хэрэгжүүлсээр байна. 2023, 2024 оны байдлаар Хуурай замын цэргийнхэн 60 гаруй цэргийн алба хаагчийг цэргийн тэтгэвэрт гарахаас өмнө нийгэмд эрэлттэй 10 гаруй төрлийн мэргэжлийг эзэмшүүлж, ажлын байрт зуучлахад нь тусалсан талаар тус командлалын Хүний нөөцийн хэлтсийн тайлан мэдээлэлд дурдагджээ.
Орон нутаг дахь ангиуд аймгийнхаа МСҮТ-ийн дэмжлэгтэйгээр, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 014, 119, 120, 326 дугаар анги Налайх дүүрэг дэх Политехник коллеж, Техник Технологийн Политехник коллеж, “Чухал амжилт” МСҮТ зэрэг хэд хэдэн боловсролын байгууллагуудтай хамтран хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, гоо сайханч, автозасварчин, цахилгаанчин, тогооч, хүнд машин механизм зэрэг мэргэжил эзэмшүүлжээ.
Тайлан мэдээлэлд дурдсанаар Хуурай замын цэргийнхэн 2023, 2024 онд тус бүр 30 гаруй алба хаагчийг нийгмийн салбарын мэргэжил эзэмшихэд нь тусалсан бөгөөд үүний 50 орчим нь эрэгтэй, 10 гаруй нь эмэгтэй цэргийн алба хаагч багтжээ. Тэр дундаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхнаар жишээлбэл Дорнод аймгийн МСҮТ-тэй хамтран хоёр жил дараалан зам барилгын машин механизмын оператор мэргэжлээр хошууч Т.Дамдинсүрэн, ахмад Р.Батболд, сургагч ахлагч Б.Төмөрбаатар, Н.Батзориг, Р.Алтанбилэг, Б.Булган, А.Наранбаатар, М.Төмөрбарс, ахлах ахлагч Б.Амарбаатар, М.Ууганбаяр, Б.Батбилэг, Б.Батсайхан, Б.Хонгорбаатар, Ж.Болдбаатар, Э.Батсайхан нарын 2 офицер, 13 ахлагчийн бүрэлдэхүүнийг сургажээ.
Зэвсэгт хүчний 167 дугаар анги мөн ялгаагүй аймгийнхаа МСҮТ-тэй хамтран 2023 онд тэргүүн ахлагч Б.Осор, ахлах ахлагч Э.Бат-Эрдэнэ, Э.Бямбадэлгэр нарыг, 2024 онд сургагч ахлагч Ж.Дондогмаа, ахлах ахлагч О.Эрдэнэтунгалаг нарыг суралцуулсан бол Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удирдлагууд 2023 онд сургагч ахлагч С.Ганболд, ахлах ахлагч С.Мөнхбат, 2024 онд хошууч О.Батмөнх, сургагч ахлагч Д.Дагважамц, ахлах ахлагч Б.Батболд нарыг өөрсдийнх нь хүссэн мэргэжлээр цэргийн тэтгэвэрт гарахаас нь өмнө сургаж, бэлтгэсэн байна.
Дээр дурдсанчлан 3 сар хүртэлх хугацаагаар чөлөө өгч сургах бодлогоос гадна Зэвсэгт хүчний Жанжин штабаас сүүлийн жилүүдэд их дээд сургууль, МСҮТ-үүдтэй хамтран алба хаагчид болон тэдний гэр бүлийнхнийг дэмжих зорилгоор мэргэжлийн зэргээ ахиулах, цэргийн гэрээт, хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил олгох төрөл бүрийн богино хугацааны сургалтуудад хамруулсаар ирсэн билээ.
Ахмад Д.БОЛОР