“Мегаватт”
Сүүлийн хоёр жил бид бүгд цахилгааны “мэгаваат” /буюу МВт/ гэдэг үг тогтоож авав, бүр чухамдаа ДЦС-4 нь 600-700МВт орчим, ДЦС-3 нь 150 МВт орчим үйлдвэрлэдэг бөгөөд манай нийт хэрэглээ оргил ачааллын үеэр 1600-1700МВт хүрдэг талаар ч тоонуудыг тогтоосон байх. Шинээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, үйлдвэр бариасай гэж бүгд хүсдэг ч тэдгээр нь эрчим хүчний эх үүсвэртэй юу гэдгийг ихэнх нь мартчихдаг бөгөөд сүүлийн жилүүдэд л тогоо таслуулан байж нэг юм ухаарч байх шиг. Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр 150-200МВт-аар нэмэгдэж буй, 2030 он гэхэд 3300МВт орчим цахилгаан бидэнд шаардлагатай. Урьд жил манай улс 200МВт-ын цахилгааны дутагдалтай өвлийг давжээ /мэргэжлийн хэллэгээр 1500 орчим фидер дэх 2 сая хэрэглэгчийн 3151МВт хязгаарлалт!/. Харин анзаарсан бол энэ өвөл 12-р сарын 20 хавьцаанаас хойш буюу ерөнхийдөө ”ес эхэлснээс хойш” цахилгааны хязгаарлалт хийсэнгүй, уг нь ноднингоос хэрэглээ нь 150-200МВт-аар нэмэгдчихсэн байгаа шүү дээ.
50МВт+150МВт
Шулуухан хэлэхэд нийслэлийн эрчим хүчний асуудалд Нийслэл өөрөө анх удаа аминд тулсан маневр хийж чадсан юм. Хотын дарга 2024 оны хавар 300 тэрбумын 50МВт-ын батерэй хуримтлуурын станц барих тендер зарлаж, улмаар 9-р сард Хятадын “Энвижин Энержин” салбартаа тэргүүлэх компанитай гэрээ байгуулж, барилга угсралтыг 77 хоногт гялалзуулж, санхүүжилтийг нь “International Financial Corporation”-ын 7.7 хувийн хүүтэй бондоор шийдэж, 12-р сар гэхэд төвийн системд эрчим хүч нийлүүлж, тохируулгын үүрэг гүйцэтгэж эхэллээ. Харьцуулахад 2023 онд 80МВт-ын батарей хураагуурт хоёр жил зарцуулсан байдаг. Батарей хуримтлуурын станц уг нь барилга угсралтын ажил нэг их цаг авдаггүй, бичиг цаас, мөнгө цаасны ажилд л хамаг цаг нь явдаг аж. “Багануурын батерэй”-г товч тайлбарлахад 200МВт/ц буюу 50МВт чадлыг 4 цаг нийлүүлнэ, шөнөдөө цэнэглээд, оргил ачааллын үеэр нь нийлүүлнэ гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээний хэлбэлзлийг ДЦС-ууд яг тухай бүрд нь тааруулж үйлдвэрлэх боломжгүй заавал тохируулга шаарддаг ажээ. Тохируулгыг одоогоор Оросоос эсвэл батарей хуримтлуурын станцаар шийдэж буй. Багануурын 50МВт станц тохируулга хийхээс гадна 25 мянган айлыг цахилгаанаар хангах чадалтай. Сонсоход амархан ажил мэт ч улс төрийн зүтгэл манлайлал байгаагүй бол ажил ийм шуурхай шийдэгдэхгүй байлаа.
Түүнчлэн Бөөрөлжүүтийн ДЦС-ын эхний 150МВт блок аравдугаар сард ашиглалтад орж, зүгшрүүлэлт тохируулгын ажил хоёр сар хийгдэж 12-р сард төвийн эрчим хүчний системд цахилгаан өгч эхэлсэн бөгөөд Улаанбаатар бондоос дамжуулан санхүүжүүлж, эргэн төлөлтийг Бөөрөлжүүт ДЦС бүрэн хариуцахаар гэрээлсэн байна. Үнэ тарифын хувьд 2016 оны гэрээгээр 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан /орос хятадаас авдаг тарифаас 35 хувь хямд/. Олон жил ужгирсан эрчим хүчний төслүүдийг шуурхайлах боломжтой ажээ, харин асуудлын углуурга юу байв?
“UB Business Opportunity”
Эрчим хүчний эх үүсвэрийн асуудал бол угтаа мөнгөний л эх үүсвэрийн асуудал. Өмнөх хотын даргын үеэс яригдсан 500 тэрбумын “Улаанбаатар бонд” дотооддоо гаргасан нь тэр дороо зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагч нар Нийслэлийн ирээдүйд итгэлтэй байгааг харуулсан дохио болов. Товчхондоо хөрөнгө оруулагчид 12% хүүтэй 500 тэрбумыг Нийслэлд олон жилийн хугацаатай зээлдүүлж буй хэрэг. Улмаар гадагшаа 500 сая долларын бонд гаргахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотыг 10 тэрбум долларын бизнесийн боломжтой гэж гаднын хөрөнгө оруулагч нар дүгнэж буй. Сураг дуулах нь ээ хотын дарга Лондонд очиж 3 тэрбум паундын эх үүсвэр, Британийн Засгийн газрын баталгаа хөөцөлдөж яваа ажээ. Саяхан Бээжинд зохион байгуулсан “UB Business Opportunity” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр зааланд 150 зочин ирнэ гэж төлөвлөж байсан ч санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын 204 байгууллагын 500 гаруй хүн цугларч, зарим нь босоогоороо зогсож мань хотын дарга бараг хамба лам шиг олныг хуйлруулсан байгаа юм. Уг нь манай хот дэлхийн бусад том хотуудтай харьцуулахад жижигхэн хот, бидэндээ том санагдаад буй асуудлууд маш шуурхай шийдэгдэх бололцоотой. Үүнд харин улс төрийн манлайлал, шийдэмгий тууштай чанар л хэрэгтэй юм.
Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ
Яах Вэ дээ, бусад аар саар шүүмжлэл бухимдал явж л байдаг ч зарим дорвитой ажлууд хийгдээд эхэлсэн байна. Олон жилийн нийтийн тээврийн асуудлыг ч хотын дарга болсон даруйдаа цэгцэлж 600 “хар биш саарал” автобус шуурхай шийдэж оруулав. Жаахан тоо бодъё, нийслэлд одоогоор 2000 айлын газар чөлөөлж 12,000 айл буюу хуучнаар 1,3,4-р хорооллуудыг нийлүүлсэнтэй тэнцүү хороолол босгохоор болоод буй. Тэрхүү 12,000 айл орон сууцанд орсноор дахиад 12,000 айлын газар чөлөөлөгдөж тэнд нь дахиад 60-70 мянган айлын орон сууц баригдаж, тэр айлууд нь газраа чөлөөлснөөр дахиад цаашаа гэх мэтээр геометр прогрессоор өсөөд явбал хэдхэн жилд гэр хорооллыг орон сууцжуулах боломжтой. Туулын хурдны зам, тойрог замын төслүүд ч гараанаасаа гарсан.
Хотын дарга Х.Нямбаатарт улс төр, ажил хэргийн нэг давуу тал байдаг нь ямар ч ажлыг шуурхай, зоригтой шийддэг явдал. Тиймээс ч хамгийн галтай асуудал бүрд очиж явдаг, ямар сайндаа Гандантэгчэнлин хийдийн Чойжамц хамба ажлаа өгөхөд хүртэл “дараагийн хамба Нямбаатар уу?” гэсэн мааз яриа явж байх вэ.
Хүмүүс тэгтлээ анзаараагүй өнгөрсөн Багануурын 50МВт батарей хуримтлуурын станц бол Нийслэлдээ л бараг “мега төсөл”, бонд буюу зээлээр боссон энэ станц борлуулалтын орлогоороо буцаагаад зээлээ төлчихнө. Тун дажгүй бизнес модель. Хариуд нь бид эрчим хүчтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй, хамгийн гол нь ажил ингэж хурдалж болдог юм байна, асуудал ингэж хурдан шийдэгдэж болдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй үлдэж буй юм.
Хуулийн сайд байхдаа Риотой хэлэлцээрийг ахалж өр тэглүүлсэн, Оранотой гэрээ шувтрах үеэр хотод томилогдсон, алдарт China Energy-ийн гэрээг ч бас эхлүүлсэн. Засгийн гишүүнээр ажиллах үедээ 50 ажлын хэсэг ахалж байгаад, улмаар хотод ирээд “Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ” гэсэн ерөнхий уриатай ажиллаж буй. Том асуудал нь мэдээж өнөөх утаа, түгжрэл, эрчим хүч. Болчих байхаа...
Нийтлэлч Аанхаа
Эх сурвалж baabar.mn
Зочин
2025-01-04
Ер бол төрийн албаны байгууллагууд, сургууль, цэцэрлэг, яам тамгийн газруудийн эрчим хүчийн 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл тасдах хэрэгтэй. Ямар ч хэрэггүй өрөөнийхөө гэрэл, компютерийг асаалттай орхино. Эсвэл ажлийн бус цагаар архи л ууна биздээ. Тэр хоосон байшингуудад эрчим хүч ямар хэрэгтэй юм. Камеруудыг нь гадна бгаа төвийн шугамд холбох хэрэгтэй.