Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-аар томилсон. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

-АТГ-т яллагдагчаар татагдчихсан байгаа хүнийг ЭМДЕГ-ын даргаар томилох нь зөв үү?

-Оны өмнө томилогдсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга Засгийн газрын хурлаар орж томилогддог. Энэ удаагийн томилгоо ч Засгийн газрын хурлаар орж танилцуулагдаад авлигатай тэмцэх газраас энэ хүнийг албан тушаалд томилох гэж байна, ямар нэгэн зөрчил байна уу гэдэг бичгийг нь аваад, ямар нэг зөрчилтэй гэдэг зүйл ирээгүй учраас энэ албан тушаалд нь томилсон.

-АТГ-аас Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа Цахим эрүүл мэнд төслийг албан тушаалаа урвуулан ашиглаж үр ашиггүй зарцуулсан гэдгийг зарласан байдаг...

-Бид албан ёсоор, бичгээр асуудлуудаа тавих ёстой. Албан ёсны хариултаар цаашдынхаа үйл ажиллагааг явуулах ёстой. Тиймээс ямар нэг зөрчилтэй хүн үү гэдэг бичиг явуулсан. Энэ албан тушаалд томилоход ямар нэгэн зөрчил алга, томилж болохоор байна гэдэг утгатай дүгнэлт ирсэн учраас албан тушаалд нь томилсон.

-Энэ хүнийг томилох саналыг хаанаас гаргасан бэ?

-ЗГХЭГ-аас орж танилцуулагдаад томилогдсон.

-Та салбарын сайд хүн. Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж, яллагдагчаар татагдсан байгаа хүн ЭМДЕГ-ын даргаар томилогдсон асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Надад яллагдагчаар татагдсан гэдэг албан ёсны мэдээлэл байхгүй. Хүнийхээ хувьд Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан. Өнгөрсөн жил ЭМДС нэлээд хүнд байдалд орлоо. Төвлөрүүлэх ёстой мөнгийг төвлөрүүлээгүй энэ өр шир байсан. Энэ нөхцөл байдал яагаад үүссэн, цаашдаа ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой юм гэдэг тал дээр нэлээд өндөр туршлагатай гэж харж байна.

-Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг томилох нь хуулиараа ч тэр болохгүй асуудал. Засгийн газар үүний эсрэг олон арга хэмжээ авсан. Бодлогын эсрэг шийдвэр юм биш үү?

-Тэгэлгүй яах вэ. Авлига албан тушаалын хэрэгт холбогдож, улсад хохирол учруулсан бол төрд ажиллах нь байтугай хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Бүх юм албан журмаараа явах ёстой. Албан журмаар ирсэн бичиг дээр нь ийм зүйл байгаагүй.

-Хамтарч ажиллах хүний хувьд та хэрхэн харж байна. Ковид-19-ийн үед хамгийн өндөр төсвийг зарцуулсан сайд шүү дээ. Эрүүл мэндийн салбарыг доройтуулсан сайд гэж хүртэл зарим хүмүүс үзэж байна...

-ЭМДЕГ-ыг сайжруулах мэдлэгтэй туршлагатай хүн л гэж харж байгаа.

-Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа Цахим эрүүл мэнд төсөл ямар шатандаа явж байгаа вэ? Эхний шатны санхүүжилт татагдсан...

-Энэ төсөл бүрэн зогссон. Үргэлжлэхгүйгээр, дахин хэрэгжихгүйгээр бүр мөсөн төсөл зогссон.

Таны сурталчилгаа