Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Орон нутгаас зорьж ирсэн зочдыг НИТХ-ын Төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар нар угтав. Зочин Төлөөлөгчид нийслэлийн ИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа хэрхэн, ямар байдлаар явагддаг, Нийслэл Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Тэргүүлэгчид төдийгүй, нийслэлийн ИТХ хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, туршлага солилцох, уялдаа холбоог сайжруулах боломжийг судлахаар иржээ.
Зочдод хандан Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот 2040 бодлогын голлох ажил болох түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтцийн олон талт арга хэмжээг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн цаг дор та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Ажлын хэсэг бямба гараг бүр хуралдаж байгааг онцоллоо. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд Улаанбаатар хот 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгалаа. Тухайлбал, авто замын түгжрэлийг бууруулахын тулд хотод 730 мянган авто машин явах тооцоо судалгаа гарсан. Гэтэл он гарсаар 64 мянган авто машин авто замын хөдөлгөөнд илүү оролцож байгаагаас тэг зогсоход хүрлээ. Тиймээс метро, дүүжин тээвэр, BRT буюу тусгай замын автобус зэргийг барьж байгуулахаар эхний шатны ажлууд эхэлсэн гэлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх голлох төсөл, арга хэмжээ, бодлогоо танилцуулж, дурсгалын зураг татууллаа.
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, үйлдвэрлэл, хөгжлийн хорооны дарга С.Ганцогт “Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа дээрх асуудал Орхон аймгийн ч асуудал болох ирээдүй тун ойртсон. Газар нутаг хомс, үйлдвэрлэлийн томоохон бүс болсон манай аймагт ч мөн агаар, хөрсний бохирдол, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, орон сууцжуулах оновчтой бодлого хэрэгжүүлэх, дэд бүтцийн асуудал нүүрлэсэн. Биднийг ижил хувь заяа хүлээж байгаа гэсэн үг. Тиймээс сайн шийдэл, оновчтой бодлогоос суралцана, хэрэгтэй гэж үзвэл хуулна” гэлээ. Зочдын тухайд,
Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн С.Юмэнхүү
Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат
Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны дарга С.Ганцогт
Нийгмийн хөгжлийн хорооны дарга Б.Мөнхзаяа
Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны төлөөлөгч С.Эрхэмбаяр
Байгаль орчин, ХАА-н хөгжлийн хорооны дарга О.Мөнх-Од
Цахим бодлогын хөгжлийн хорооны дарга Д.Ганболд
Ёс зүйн хорооны дарга Б.Мягмарсүрэн
Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Тунгалаг
Аймгийн ИТХ-ын Хороод, төлөөлөгчийн үйл ажиллагаа, иргэний танхим хариуцсан мэргэжилтэн Б.Дуламрагчаа нар зочилж, аймгийнхаа нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлог, хийж хэрэгжүүлэх ажил, бүтэц зохион байгуулалт зэргээ танилцууллаа.
Эх сурвалж: ИТХ-ХМОНХА