ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хонгилд 6 шөнө 7 өдөр хоносон талаар иргэн Х.Номинцэцэг өнөөдөр мэдээлэл хийсэн. Тухайн асуудлаар ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлэл өглөө.
ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Д.Дашням: Өнөө өглөө зарим мэдээллийн хэрэгслээр иргэн Х.Номинцэцэг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хонгилд 6 шөнө, 7 өдөр хоносон гэх мэдээлэл цацагдсан. Нэгдүгээрт Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжид иргэнийг цагдаагийн байгууллага удаан хугацаагаар саатуулах, хонуулах ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ бол үндэслэлгүй худал мэдээлэл.
Хоёрдугаарт, цагдаагийн байгууллага иргэний дуудлага мэдээллийг хүлээж аваад авто эргүүлийн алба дуудлага мэдээллийн газарт очихоос авхуулаад энгэрийн камерын бичлэг хийгээд тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явагдах явцад Улсын ерөнхий прокурорын баталсан стандартыг хангасан мэдүүлэг байцаалтын өрөөнд дуу дүрсний шаардлага хангасан мэдүүлэг байцаалтыг авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилдэг.
Гуравдугаарт, ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр байсан санаж байна. Иргэн Х.Номинцэцэг гэгчээс Х гэгч компани тамга тэмдэг хууль бусаар ашиглан, үйл ажиллагаа явуулж байна, орлого олж байна. үүнийг шалгаж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргасан. Гомдол мэдээллийг 2022 ондоо цагдаагийн байгууллага мэдээллийн бүртгэлдээ аваад прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд мөрдөгч тодорхой санал гаргаад прокурорын байгууллагад санал танилцуулсан. Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд өнөөдрийн байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.