Монголын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын асуудлаар "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.
Татварын маргаан хөрөнгө оруулалтад саад болж байна
Мэргэжилтнүүдийн онцолсноор, бизнесийн орчны гол тулгамдсан асуудал нь татварын маргааны шийдвэрлэлт байсаар байна. Татварын багц шинэчлэлийн хүрээнд 10 шинэчлэл санал болгосон ч, хөрөнгө оруулагчидтай холбоотой татварын маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа нь хөрөнгө оруулалт саатах үндсэн шалтгаан болж байна.
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын данс олон сараар хаагдах, үйл ажиллагааг зогсоох явдал тасрахгүй байгаа нь бизнес эрхлэгчдийг хохироож байна.
-"Рио Тинто" зэрэг томоохон хөрөнгө оруулагчидтай татварын маргаантай хэвээр байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
-Татварын байгууллагаас маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нийт дүнг бүрэн төлөхийг шаардаж, төлөхгүй тохиолдолд дансыг нь хаах бодлого явуулж байна.
Монголын бизнесийн орчинд татварын уян хатан бодлого нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шаардлагатай байгааг төлөөлөгчид онцолж байлаа.
10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хаагджээ
Монгол Улс уул уурхайн эдийн засагтай орон гэж үздэг ч, сүүлийн 3-4 жилийн дотор 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжоо алдсан байна.
-Уул уурхайн салбарын АМНАТ болон татварын давхардсан бодлого энэ асуудлыг улам хүндрүүлж буйг судалгаагаар тогтоожээ.
-Газрын ховор элемент, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж хүргэх боломжтой гэж үзэж байна.
Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Н.Сувд хэлэхдээ:
"Монголд хөрөнгө оруулалт татахад хамгийн том саад нь татварын маргааны асуудал болон хүнд суртал байна. Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжихэд зөвшөөрөл авахын тулд 170 гаруй гарын үсэг цуглуулах шаардлагатай байдаг. Энэ нь 3 орчим жилийн хугацаа шаардаж, хөрөнгө оруулагчдыг үргээж байна" гэж онцоллоо.
Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах шаардлагатай
"CEO" клубын ерөнхийлөгч Б.Гантулга бизнесийн орчны доголдлын талаар:
"Монголд дотоодын үйлдвэрлэл эрхлэх сонирхол эрс буурсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого маш сул байлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй бол гадагшаа мөнгө урссаар байх болно" гэдгийг тодотгов.
Үндэсний үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь хамгийн чухал шийдэл гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Үүнд:
-Орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх
-Дархан, Эрдэнэт, Ховд, Чойбалсан зэрэг хотуудад цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг хурдасгах
-Томоохон үндэсний компаниудыг орон нутаг руу шилжих боломжоор хангах
Монголын бизнесийн орчныг сайжруулахын тулд татварын маргааны тогтолцоог шинэчлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал гэдгийг мэргэжилтнүүд санал нэгтэй илэрхийллээ.