Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо болно. Олимпийн өмнөх жил болж буй учир олимпын жингийн эхний 6 байр эзэлсэн тамирчдад “Токио 2020” олимпийн эрх олгох аж. /Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76/
Манай улсаас нийт 22 тамирчин Казахстаныг зорино. Эдгээр 20 тамирчин УАШТ-д түрүүлж эрхээ авсан юм. Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай бөхчүүд 3 медаль хүртсэн бөгөөд О.Насанбурмаа мөнгө, Б.Шоовдор, Т.Түвшинтулга нар хүрэл медаль хүртсэн билээ. Нур-Султаны ДАШТ-д манай улсаас С.Батцэцэг болон Ө.Батзул нар дэлхийн чансаанд 3, 4-т жагссан учир хэсгээ тэргүүлэн барилдана.
Эмэгтэй бөхчүүдийг дүгнэвэл хамгийн хөнгөн жинд Ц.Намуунцэцэг барилдана. Хасу Мегастарсын нэр дээрээс барилддаг тэрбээр чөлөөт бөхөөр хичээллээд удаж буй. Үрийн зулай үнэрлээд дэвжээнд эргэн ирсэн тэрбээр олимпийн эрхээ авах бүрэн боломжтой. Цаашилбал медалийн тавцанд зогсоход ч гайхах учиргүй бөх билээ. Мөн 62 кг-д барилдах Хилчиний Энхбатын Гантуяа дэлхийн дэвжээнд барилдаад үзсэн бөх учир олимпийн эрх авахын төлөө өөрт байгаа бүхий л бололцоогоо дайчлан барилдах бизээ.
55 кг-ын жинд Женкогийн Бат-Очирын Болортуяа, 65 кг-д Аврагчийн Хүрэлхүүгийн Болортуяа нар энэ жил ДАШТ-д оролцохоор болж байна. Эдгээр бөхчүүд мөн л өөрсдийгөө харуулж дэлхийн бөхчүүдтэй ана мана өрсөлдөхөөр бэлтгэл сургуулалтаа хийж буй бизээ.
Нурсултанд “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэн 72 кг-д хүч үзэхээр болсон билээ. Тэрбээр 2011 оноос хойш хүнд бэртлийн улмаас дэвжээнд гараагүй бөгөөд найман жилийн дараа УАШТ-ий дэвжээнд эргэн ирсэн юм. Зүгээр ч нэг эргэн ирсэнгүй, 72 кг-ын жинд түрүүлж ДАШТ-д явах эрх өвөртөлсөн. Хүнд бэртлийг даван туулж, дэвжээндээ эргэн ирсэн Б.Оюунсүрэн дэлхийн аваргад хоёрдахь удаагаа барилдана. ДАШТ-д анх удаагаа 2011 онд оролцож мөнгөн медаль хүртэж байсан түүний хичээл зүтгэл талаар бололгүй Казахстаны дэвжээнд дахин төрийн далбаагаа өндөрт мандуулах болтугай.
Тэгвэл ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, 2016 оны Азийн аварга, МУГТ О.Бурмаа энэ жилийн УАШТ-д барилдаж мөн л Казахстаныг зорих визээ баталгаажуулсан. Хамгийн хүнд жинд барилдах О.Бурмаа нас бол ТОО юм шүү гэдгийг харуулж Монголын чөлөөт бөхийн нэгэн цаг үеийг эзэгнэж явна. Түүний хичээл зүтгэл талаар бололгүй Казахстаны дэвжээнд дахин Төрийн далбаагаа мандуулна хэмээн найдаж байна. Хөдөлмөрлөсөн хүнийг л Бурхан шагнадаг гэлцдэг.
2018 онд Будапештийн дэвжээнд хүрэл медаль хүртсэн Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) Нурсултанд 59 кг-ын жинд зодоглоно. Хоёр ч дэлхийн аварга дараалан медалийн төлөө барилдаж буй тэрбээр энэ жил медалийн өнгөө хувиргах бүрэн боломжтой бөх.
Мөн олимпийн жин болох 68 кг-д ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, МУГТ Соронзонболдын Батцэцэг, 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд хүч үзнэ. С.Батцэцэг УАШТ-д жин өгсөж барилдсан ба хүчтэй өрсөлдөгч О.Насанбурмааг ялж эрхээ авсан бол С.Цэрэнчимэд А.Батцэцэгийг ялж дэлхийд барилдах эрхээ авсан билээ.
Нурсултаны дэвжээнд Монголын төрийн дуулал олонтаа эгшиглэж, Алтан соёмбот далбаа олонтаа намирах болтугай.
Эмэгтэйчүүдийн
50 кг Цогт-очирын Намуунцэцэг (Хасу Мега Старс)
53 кг Эрдэнэчимэгийн Сумъяа /Хилчин/
55 кг Бат Очирын Болортуяа /Женко/
57 кг Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
59 кг Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)
62 кг Энхбатын Гантуяа (Хилчин)
65 кг Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
68 кг Соронзонболдын Батцэцэг Хилчин
72 кг Банзрагчийн Оюунсүрэн (Женко)
76 кг Очирбатын Бурмаа (Женко)
“Нур-Султан-2019” ДАШТ-д оролцох манай эрэгтэй бөхчүүд
57 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаяр
61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга
65 кг-д ОУХМ Т.Тулга
70 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран
74 кг-д ОУХМ З.Сумьяабазар
79 кг-д ОУХМ Д.Гомбодорж
86 кг-д ОУХМ О.Үйтүмэн
92 кг-д ОУХМ Б.Нямбаяр
97 кг-д ОУХМ Ө.Батзул
125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга