Dark Light
Нийтлэл | 2025-04-30

Т.МӨНХСАЙХАН: МИНИЙ ТУШААЛ ШИЙДВЭР ГАРГАЖ, ГАР ХӨЛИЙН ҮСЭГ ЗУРСАН НЭГ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас "Эмийн шагийн наймаа" хийхээ зогсоох уу? Хамгийн хямд эм чанартай гэх нотолгоо байна уу? Яагаад олон улсын байгууллагатай 6 сарын турш хийсэн хэлэлцээрийг зогсоож БНСУ-ын таван компанитай шууд худалдан авалтын гэрээ хийв? зэрэг асуудлуудаар тодрууллаа.

-Тендерийн сонгон шалгаруулалтгүй БНСУ-ын компаниас яагаад шууд худалдан авалт хийв?

-Миний хувьд янз бүрийн шууд худалдан авалт хийсэн юм уу, тушаал шийдвэр гаргаж, гар хөлийн үсэг зурсан нэг ч зүйл байхгүй.

-Таны гарын үсэгтэй албан тоот бий?

-Шинэчлэн найруулагдсан эмийн тухай хууль, Засгийн газрын 42 дугаар тогтоол гэх мэт зүйлүүдийг үндэслээд нэг эх үүсвэрийн худалдан авалт гэдэг зарчмаар өнөөдрийн зах зээл дээр байгаа эмийн үнийг бууруулж, чанартай эм хэрэглэх зорилгоор худалдан авалтууд хийгдсэн. Тэр нь дан ганц солонгосоос биш. ЮНИСЕФ-ээр дамжиж авах ёстой гэсэн байр суурь эхэндээ байсан. Түүний дагуу судлагдаж байсан эмүүд нэгдүгээрт, манай улсад шаардлагатай эмүүд биш. Хоёрдугаарт, өндөр үнэтэй байсан. Одоогийн бидний хэлцэл хийгээд авч байгаа эмээс өндөр үнэтэй байсан. Тэгэхээр бидний чанартай эмийг хямд үнээр авах бодлоготой зөрчилдсөн. Хамгийн гол нь бид чанартай үнийг хямд үнээр авах. Энэхүү эмийг оруулж ирээд бодитоор үр ашгийг нь хүртсэн хүмүүс зөндөө бий. Сахарын эм сард 60 мянгыг төлж авдаг байсан бол өнөөдөр 6600 төгрөгөөр авч байна. Цус шингэлэх эмийг байнга хэрэглэдэг хүмүүс 70-80 мянган төгрөг төлж авдаг байсан бол өнөөдөр 7-8 мянган төгрөгөөр авч байна. Үүн дээр хамгийн гол нь ашиг сонирхлын зөрчил үүсэж үү, үгүй юу гэдгийг нь тогтоодог хууль хяналтын байгууллагууд нь тогтоох учиртай.

-Хамгийн гол нь яагаад тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй юм бэ?

-Хуульдаа биччихсэн байгаа. Шууд үйлдвэрлэгчтэй гэрээ хийх замаар хямд чанартай эмийг эх орондоо нийлүүлэх боломжийг нь хуульдаа олгоод өгчихсөн. Иргэдэд ямар нэгэн байдлаар тулгасан зүйл огтоосоо байхгүй. Хуучин хэрэглэж байсан эм тариа сонголтууд нь бүгд байгаа. Харин сонголтод нь хямдаар авах боломжийг нь нээж өгсөн. Маш олон үйлдвэрүүдтэй хэлцэл хийсэн. Ийм үнээр авах хүсэлтээ байна гээд хүсэлтээ тавьсан. Маш олон хүсэлтүүд ирснээс хамгийн чанартай, тухайн улсынхаа дотоод хэрэглээнд хэрэглэгдэж байгаа хамгийн хямд үнэ өгсөн үйлдвэрүүдтэй гэрээ хийсэн.

-Үүнд өрсөлдөөн байхгүй хамгийн хямд үнэ ирүүлсэн компаниас л шууд нийлүүлсэн байна. Гэтэл 3 жилийн гэрээ хийгээд 120 тэрбумаар эм авахаар болжээ. Энэ эмүүд монголчуудын хэрэгцээг хангаж байгаа юу. Чанартай юу гэдгийг яаж тодорхойлоод байгаа вэ. Эмийн лабораторийн дарга нь бид эмээ шинжилж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ?

-Засгийн газраас өргөн барьсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрөө ажлын хэсгийг нь ахлаад баталсан хуульд нь ямар эмийг чанартай эм гэх вэ гэдгийг маш тодорхой заагаад өгчихсөн. ДЭМБ-аас зааж өгсөн хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэгдсэн үйлдвэртэй шууд гэрээ хийж авч болно гэж заасан. Тэгэхээр ДЭМБ-аас хамгийн өндөр үнэлэгдсэн эмийн хатуу зохицуулалттай улс бол Солонгос улс. Тэдний дотоод зах зээлд нь үйлдвэрлэгдээд хэрэглэгдэж байгаа авсан.

-Эрүүл мэндийн салбарын сайдын хувьд нийт ард иргэдийн эрх ашиг чухал уу. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг чухал уу? Жишээ нь, Даатгалын сан мөнгөгүй болчихлоо гээд даатгалаар үйлчилгээ үзүүлдэг зарим хувийн хэвшлүүд үйлчилгээ үзүүлэхээ больчихлоо шүү дээ?

-Үүн дээр гишүүн маань өөрөө хүмүүст буруу ойлголт өгөөд байгаа. Ямар нэгэн байдлаар 9.6 тэрбумаар худалдан авалт огтоосоо хийгээгүй. Гурван жилийн гэрээ огтоосоо хийгээгүй. Тухайн үеийн худалдан авалтын гэрээ л хийгдсэн. Дээрээс нь нийт орж ирж байгаа эмэн дээр 1.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Энэ нь эргээд ЭМД-аас хөнгөлж олгодог эмэн дээр дахин 5-10 дахин хэмнэлт хийх боломжийг олгосон. Тэгэхээр ямар нэгэн байдлаар 9-10 тэрбум төгрөгөөр эм аваагүй. 1.3 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийсэн эргээд даатгалын санг хэмнэх боломжийг бүрдүүлсэн. Миний хувьд бүх ард түмний эрүүл мэнд чухал. Бүх ард түмэнд зориулагдсан чанартай эмийг хямд үнээр авах нь чухал. Тэгэхгүй бол зарим тэтгэврийн хөгшчүүл сар бүр уудаг чихрийн шижингийн эмээ авч чадахгүй байна. 60 мянган төгрөг төлж чадахгүй байна шүү дээ. Үүнийг зохицуулсан бодлогот эм маань арваннэгдүгээр сараас хойш орж ирж байгаа. Ийм бодлого хэрэгжиж байна. Ийм эмнүүд орж ирлээ гэдэг мэдээллийг тогтмол арваннэгдүгээр сараас хойш өгч байгаа.

-Эдгээр эмэнд ямар баталгаа өгөх вэ?

–Лабораторийн хувьд хүчин чадал нь муу байна. Зарим нэг шинжилгээнүүдийг хийхгүй байна гэдэг дээр би сайдын ажил авснаас хойш байнгын анхаарал хандуулаад хөрөнгө оруулалтыг нь шийдээд энэ оны 10, 11 сард ашиглалтад оруулаад бүх шинжилгээгээ хийдэг болгох гэж байна.   

Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00