Хиймэл оюун ухаанд суурилсан зүрхний эхо шинжилгээ нь зүрхний булчингийн ховор өвчний явцыг нарийвчлан тодорхойлж байна
Швейцарын Цюрихийн их сургуулийн эмнэлгийн доктор Доминик С.Бензээр ахлуулсан судлаачдын баг хиймэл оюун ухааны (AI) тусламжтайгаар хийсэн зүрхний хэт авиан (эхокардиографи) хэмжилтүүд нь транстиретиний амилоид кардиомиопати (ATTR-CM) хэмээх зүрхний булчингийн ховор эмгэгтэй өвчтөнүүдийн өвчний явц, эрсдэлийн түвшинг маш өндөр нарийвчлалтай тодорхойлж чадна гэдгийг тогтоожээ.
Ховор өвчний оношилгоо, эмчилгээ, асаргаа сувилгаанд чиглэсэн, анагаах ухааны мэдээ, мэдээллийн цахим платформ Rare Disease Advisor-т нийтлэгдсэн энэхүү судалгаагаар бүрэн автоматжуулсан хиймэл оюун ухааны программ хангамж ашиглан гаргасан зүрхний эхо хэмжилтийн үр дүн нь мэргэжлийн эмчийн гараар хийсэн хэмжилттэй дүйцэхүйц буюу статистикийн хувьд ялгаагүй гарсан байна. Тиймээс судлаачид уг технологийг эмнэлзүйн өдөр тутмын практикт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж дүгнэжээ.
Судалгааны гол үр дүн ба тоон үзүүлэлтүүд
Эрдэмтэд ATTR-CM оноштой 347 өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бүрэн автомат AI программ ашиглан зүүн ховдлын цацалтын фракц (LVEF), зүрхний булчингийн нийт тууш агшилтын үзүүлэлт (GLS) болон гурван хавтаст хавхлагын цагиргийн систолын шилжилт (TAPSE) гэсэн гурван гол хэмжүүрийг тооцоолсон байна.
-
Дунджаар 2.4 жилийн хугацаанд өвчтөнүүдийг хянахад нийт оролцогчдын 41 хувьд нь зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх (23 хувь) эсвэл нас барах (17 хувь) эрсдэл тохиолдсон байна.
-
Хиймэл оюун ухааны хэмжилтэд үндэслэн өвчтөнүүдийг эрсдэлийн гурван бүлэгт хуваахад дунд эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдийн хүндрэх эрсдэл 4.14 дахин, харин өндөр эрсдэлтэй бүлгийнх 7.81 дахин илүү байгаа нь батлагджээ.
-
Нэг жилийн хугацаанд өвчин хүндрэх магадлалыг урьдчилан таамаглах чадвараараа хиймэл оюун ухааны хэмжилт нь эмчийн гар аргаар хийсэн хэмжилттэй ижил түвшинд байсан аж.
ATTR-CM гэж ямар өвчин бэ?
Транстиретиний амилоид кардиомиопати (ATTR-CM) нь бие махбодод транстиретин (TTR) хэмээх уураг буруу эвхэгдэн зүрхний булчингийн эдэд хуримтлагдсанаар үүсдэг, цаг хугацааны явцад даамжирдаг ховор төрлийн зүрхний эмгэг юм. Хэрэв эрт үед нь оношилж эмчлэхгүй бол зүрхний булчинг гэмтээж, улмаар зүрхний хүнд хэлбэрийн дутагдал болон амь насанд аюул учруулдаг байна.
Дашрамд дурьдахад Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС) Зүрх судлалын тэнхимийн эрдэмтэд зүрхний дутагдал, кардиомиопатийн төрлүүд болон зүрхний хэт авиан оношилгооны нарийвчлалыг сайжруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад судалгаагаа танилцуулсаар ирсэн.
Монголын эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг дүрс оношилгоонд (ялангуяа уушгины рентген, компьютер томографи болон зүрхний цахилгаан бичлэг унших чиглэлд) нэвтрүүлэх туршилт, судалгааны төслүүд сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд



