“Apple” компани хиймэл оюун ухаанд суурилсан “Siri AI”-ийн өргөтгөсөн хэрэглээг бие даасан захиалгын үйлчилгээ болгон худалдахын оронд “iCloud+” багтаамжийн багцтай уялдуулахаар шийдвэрлэжээ. Энэ нь “iPhone 18 Pro” болон “iPhone 18 Pro Max” зэрэг шинэ загварын хэрэглэгчид Siri-ийн хиймэл оюун ухааныг илүү өргөн ашиглахыг хүсвэл үүлэн хадгалах сангийн төлбөртэй багц худалдан авах шаардлагатай болно гэсэн үг юм.
Үнийн бүтэц ба өдрийн хязгаар
Саяхан танилцуулсан “iOS 27.3 beta” хувилбарт тусгагдсан үнийн бүтцээр хэрэглэгчдийн сонгосон iCloud+ багцаас хамааран өдөрт ашиглах Siri AI-ийн хязгаар дараах байдлаар өсөх аж:
-
200GB багц (сарын $2.99): Стандарт өдрийн хязгаарыг 2 дахин нэмэгдүүлнэ.
-
2TB багц (сарын $9.99): Стандарт өдрийн хязгаарыг 5 дахин нэмэгдүүлнэ.
-
6TB багц (сарын $29.99): Стандарт өдрийн хязгаарыг 10 дахин нэмэгдүүлнэ.
-
12TB багц (сарын $59.99): Стандарт өдрийн хязгаарыг 20 дахин нэмэгдүүлнэ.
“Apple”-ийн тусламжийн төвөөс тайлбарласнаар сэрүүлэг тавих зэрэг энгийн өдөр тутмын командууд уг хязгаарт тооцогдохгүй бөгөөд зөвхөн “Apple”-ийн серверт хандаж боловсруулдаг нарийн төвөгтэй буюу ахисан түвшний хүсэлтүүд өдрийн квотоос хасагдах юм. Өдрийн хязгаар шөнө дунд шинэчлэгдэх ба ашиглагдаагүй үлдсэн эрх дараагийн өдөрт шилжихгүй.
Яагаад бие даасан багц гаргаагүй вэ?
“Bloomberg” агентлагийн технологийн ахлах сурвалжлагч Марк Гурманы дүгнэснээр “Siri AI” нь одоогийн байдлаар зах зээл дээрх өрсөлдөгчдөөсөө чадварын хувьд хоцорч байгаа тул дангаар нь төлбөртэй үйлчилгээ болгон зарахад хүндрэлтэй байгаа аж. Тиймээс хэрэглэгчид үндсэндээ зураг, файлаа хадгалах багтаамжийн төлбөр төлж, харин Siri-ийн нэмэлт хэрэглээг дагалдах урамшуулал хэлбэрээр авч байна.
Харьцуулбал, “Google” компани ч мөн үүлэн багтаамжийг хиймэл оюун ухаантай хослуулан сарын 4.99 ам.доллараар 400GB багтаамж болон “Gemini”-ийн 2 дахин их эрх олгодог бол “Google AI Pro” багц нь сарын 19.99 ам.доллараар 5TB багтаамж дагуулж, “Pixel 11 Pro” худалдан авагчдад зургаан сар үнэгүй дагалдаж байна.
Хэдийгээр ахисан түвшний хэрэглэгчид “ChatGPT”, “Gemini” эсвэл “Claude”-ийг илүүд үзсэн хэвээр байж болох ч “Apple”-ийн хувьд төхөөрөмжид шууд суурилагдсан, харьцангуй хямд өртөгтэй байгаа нь гол давуу тал болж байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



