Урьд шөнө гэр шатсаны улмаас таван иргэн амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн мөрөөр сурвалжиллаа.
2025 оны зургаадугаар сарын 5-ны шөнө 01:36 цагт БЗД-ийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гэр шатаж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Ингээд БЗД-ийн 34 дүгээр хороог зорин очлоо. Шар хадны эцэст гэр хороолол дунд хорооны байр байрлах аж. Хороо засвартай байгаа тул хойд хаалгаараа иргэдэд үйлчилж, урд хаалгаа барьжээ. Хойгуур нь тойрч хажуудах дэлгүүрийнх нь араар орлоо. Хорооны хойд хаалга онгорхой иргэдэд үйлчлэх цаг, цайны цагийг бичин үүдэндээ наасан нь нүдэнд тусав. Хороо руу оронгуут үүдэнд нь хэсгийн төлөөлөгч гэх хоёр хижээл насны эмэгтэй иргэдийнхээ бүртгэлийг нягталж байгаа бололтой хоорондоо тоо хэлэлцэн сууна. Тэднээс хорооны даргын өрөөг асуутал урд мухрын өрөө хэмээн заав. Очиж хаалгыг татаж үзтэл цоожтой байлаа.

Нийгмийн ажилтнаас тодруулахад “Би энд шилжиж ирээд удаагүй. Иргэдтэйгээ сайн танилцаж амжаагүй байна. Урьд шөнө болсон хэргийн талаар дуулсан. Тухайн айл нь тэрхүү хашааг худалдаж аваад удаагүй. Дөнгөж өчигдөр нүүж очоод гэрээ бариад, тогоо ч залгуулж амжаагүй айл байсан. Ямар хүмүүс байсныг нь сайн мэдэхгүй байна” гэлээ.

Хорооны дарга Н.Дөлгөөнтэй утсаар холбогдон тодруулав. Тэрбээр “Хэдэн хүүхэдтэй ямар хүмүүс байсныг Хувь хүний нууцын тухай хуулиар хэлэх боломжгүй. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. Дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө” гэв.
Ингээд хорооны даргаас хаягийг асуугаад тухайн айл руу хөдлөв. Нэлээд өгсүүр газраар замдаа таарсан хүмүүсээс асуусаар уулын оройд байрлах хэдэн айлд тулаад очлоо. Эгц өөдөөс хорооны даргын хэлсэн хаяг зурайн харагдана. Хашааг гаднаас нь хартал дотор нь хүн үгүй, урьд шөнийн шатсан ул мөр тэр чигтээ үлджээ. Хоёр гэрийг ханаар нь холбож залгаж барьсан байх аж. Хашааны үүдэндээ өөрсдийн хэрэглэдэг байсан приус-30 машинаа байрлуулсан байжээ. Зүүн урд өнцөгт нь жорлон нь байх бөгөөд орж үзтэл саяхан ухаж шинээр бариад удаагүй бололтой. Хашааг шороо асган тэгшилсэн бололтой сул шороо ихтэй харагдана. Хашааны баруун буланд хоёр гэрээ ханаар нь залган барьсан нь дутуу шатсан багана, шал л үлдэж, бусад нь бүгд юу ч үгүй шатжээ. Шатаж үлдсэн гэрийг ойр тойрны хэн нь ч мэдээгүй бололтой хашаа ямар ч эзэнгүй эл хуль, дутуу шатсан гэрийн эд хэрэглэл, хүүхдийн хувцас, хоёр гэрийн буурийн голд хоёуланд нь зуух байрлуулсан нь гал түлсэн болов уу гэх таамаг дэвшүүлэхэд хүргэв. Гэрийн хойд талд угаалгын машин байсан нь ард хэсэг нь хайрагдан хайлжээ. Хажууханд нь угаалгын пластик түмпэн дотор хүүхдийн горшок мөн ард хэсэг нь хайрагдан хайлсан байлаа. Гэрийнхээ гаднах баруун урд буланд банзаар тавиур засан дээр нь кабелийн антенаа байрлуулжээ. Хашаанаас гарч хөршүүдээс нь юу болсон талаар тодруулахаар ойр хавийн айлуудын хашааны хаалгыг тогшсон ч эзэнтэй ховор байлаа. Жаахан уруудаад явж байтал хашаа нь онгорхой нэг гэрээс 30-аад насны эмэгтэй гарч ирэв. Түүнээс урьд шөнө болсон зүйлийн талаар тодруулахад “Шөнө нойрон дунд нээрээ галын машин дугараад байсан. Тийм зүйл болсон талаар мэдсэнгүй. Тэр айл нүүж ирээд удаагүй. Олон жаахан хүүхэдтэй л айл байх шиг байсан. Ирээд удаагүй болохоор сайн танихгүй” гэлээ.

Тус хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийв. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э.Энхзаяа: Өнгөрсөн шөнө буюу 2025 оны зургаадугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 01:25 цагт цагдаагийн байгууллагад “БЗД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух айл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлагын дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас жижүүрийн бүрэлдэхүүн, Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмч болон галын шинжээч зэрэг мэргэжилтнүүд хэргийн газарт очиж ажилласан. Урьдчилсан байдлаар тус хороонд оршин суух хаягтай иргэн Х-ийн залгаа барьсан хоёр гэр шатсаны улмаас 1 насанд хүрсэн иргэн болон 0-12 насны дөрвөн хүүхэд нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Шалгалтын ажиллагааг БЗД-ийн цагдаагийн газрын III хэлтсээс үргэлжлүүлж байна.


