Dark Light
Нийтлэл | 2025-06-09

А.ОТГОНЦЭЦЭГ: НАМАЙГ АВЧ ЯВЖ АЛАХ ГЭЭД БАЙНА ГЭЖ НӨХӨР МИНЬ ХЭЛСЭН БАЙНА ЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2022 оны долдугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Хасу шивэрт амралтын газар амиа алдсан эмч Г.Ганжаргалын гэргий А.Отгонцэцэгтэй ярилцлаа. 
-Тухайн хэрэг болсныг та хамгийн анх хэзээ, хэнээс мэдсэн бэ?
-2022 оны долдугаар сарын 9-ний өглөө 10:00 цагийн үед надад дуудлага ирсэн. “Ганжаа багш уначихлаа” гэсэн. Хаанаас юунаас унасан юм бэ. Эмч дуудсан юм уу? арга хэмжээ аваач гэтэл “Багш нас барчихсан” гэхээр нь итгээгүй. Үнэхээр шоконд ороод “Надаар тоглоод байгаа юм уу. Яаж тийм юм байж болдог юм бэ” гээд би үнэхээр чихэндээ итгээгүй. Тэгээд утсаа тасалчхаад яахаа мэдэхгүй сандраад, хадмууд руугаа залгаад хурдан хүрээд  ирээч гэсэн. Манай хадмууд юу гэж ойлгосон гэхээр хүүхэд нь гэмтээд янз бүрийн зүйл болоод сандрахдаа бид хоёр руу залгачихлаа гэж бодоод хүрээд ирсэн. Би хүүхдээ тэврээд уйлаад зогсож байгаа юм. Тэгээд болохгүй юм болчихжээ гэдгийг тэр үед нь ойлгож байгаа юм. Бид 10:00 цагт мэдээд л 12:00 цагт бөөндөө хотоос гараад явчихсан. Тэгтэл замын турш хэргийн газарт ажилласан Шүүхийн шинжээч эмч Отгонжаргал ойр ойрхон залгаад, та нар хаана явна. Ирж байна уу, бид талийгаачид яаралтай шинжилгээ хийнэ гэсэн. Бид эхлээд хүнээ хармаар байна. Танимаар байна. Биднийг очтол түр хүлээж байгаач ээ гээд гуйсан. Тэгээд хаана явна, хаана явна гээд замын турш асуусан. Замд Хасу шивэртийн хаяг байсан. Тийшээ оччих гэхээр яалт ч үгүй хурдал, түргэл гээд байсан учраас хэрэг болсон газар юу болсон, ямар байдалтай байсныг харахыг хүсэж байсан боловч цаашаа шууд явсан. Очоод талийгаачийн цогцсыг харахад дээшээ харсан байдалтай хойшоо гэдийчихсэн байсан. Энэ хүн доошоо харсан байдалтай та нар олсон гээ биз дээ. Яагаад хойшоо гэдийчихсэн байгаа юм бэ гэж хэлсэн. Гараа тас атгачихсан. Хойшоо гэдийгээд байдгаараа ямар нэгэн юм барьж авах гэж байсан юм шиг гэдийчихсэн. Нүдээр харсан ч итгээгүй. Би нөхрийнхөө бүх бие хааг хаана ямар гэмтэл шарх авсан бүгдийг нь нэг бүрчлэн тэмтэрч үзэж харсан. Өндрөөс унаад нас барсан гэж хэлэхийн аргагүй аймшигтай олон зулгаралт, гэмтэл, шарх байсан. Яагаад ам нь ангайчихсан юм бол оо гээд амны хөндийг нь шалгахад дүүрэн цустай байсан. Хэл нь амнаасаа цухуйчихсан. Хэлээ хазсан юм болов уу гэсэн хазсан зүйл байгаагүй. Гэхдээ эрүүний баруун оочны хэсэгт хугарал үүсчихсэн. Тэгээд гар хөлийн байдал, хөшилтийг нь хараад энэ ерөөсөө өндрөөс уналт биш байна гэж ойлгосон. Тэр хэрэг болсон газар нь, унасан гээд байгаа газрыг нь очиж үзэхгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Хамгийн сонин нь зүүн талын оочны хэсэгт нь эрхий хуруу орох хэмжээний гүн шарх үүсчихсэн. Энэ юун шарх вэ, яагаад ийм шарх үүсчихсэн юм бэ. Унахад яаж ийм шарх үүсдэг юм бэ гэтэл шинжээч нь өндрөөс цээж хүзүүгээ нидэрч унах үед сэртгэр төмөр ороод гарсан гэж байгаа юм. Би өөрөө эмч хүн шүү дээ. Ямар ч сэртгэр төмөр орж гарлаа гэхэд тийм цэвэрхэн шарх үүсэх боломж байхгүй. Тэр мохоо зүйлээр үүсгэгдсэн шарх байгаа юм. Тэгээд унаж байгааг нь хажуугаас нь хараад зогсож байсан юм шиг дүгнэлт гаргахаасаа өмнө бидэнд яагаад ийм тайлбар тавьж байгаа юм бол гэж бодогдоод маш их сэжигтэй санагдсан. Ерөөсөө л тэр газар руу нь очихгүй бол болохгүй юм байна гэж бодогдсон. 
-Тийш хэзээ очиж үзэв?
-Тэр газар руу нь орой очсон. Бид хотоос 12:00 цаг гэж гараад 18:00 цагт Архангай аймагт оччихсон. Тэгээд шинжээч нь “Би өдөржин хоол ундгүй явлаа. Харьж хоол ундаа идээд амармаар байна” гэж хэлж яваад 22:00 цагт ирнэ гэж хэлээд явсан боловч цагтаа ирээгүй. 23:00 цаг өнгөрөөд бараг 00:00 цагийн үед задлан шинжилгээ хийж эхэлж байгаа юм. Тэгээд 01:00 цаг өнгөрч байхад дуусаад, бид шөнө болсон ч хамаагүй тэр газар нь очиж үзье гээд нөхөртэй минь хамт байсан хэдэн багш нараар замыг нь заалгаад очсон. Бид үүрээр 05:00 цаг өнгөрч байхад тэр газар нь очсон. Аль тагтнаас унасан юм бэ заагаад өг гэхэд баруун талаасаа гурав дах тагтыг зааж өгсөн. Тэр тагт руу нь гараад үзтэл доор нь том генератор байсан. Яг тэр тагтных нь эгц дор нь генератор. Тэр маш сонин. Энэ генератор нь зүв зүгээр байх юм. Үүн дээр унах ёстой юм биш үү. Яахаараа хажууд нь очоод уначихдаг юм бэ. Унасан гээд байгаа та нарын заасан тагт биш юм уу гээд асуухаар цагдаа нар үзээд энэ тагт гэсэн. Яагаад гэхээр 2 давхрын тагтны хашлаганы хүрээ мод унаад талийгаачийн хажуугаас олдсон учраас 2 давхарт цохигдоод унасан гэж үзээд байгаа. Энэ тагтнаас унасан гэж байгаа юм. Тэгээд бид 2 дахь тагт руу нь гарч үзсэн. Тэр нь унасан гэх газартай нь ойрхон байгаа юм. Энэ тагт юм биш үү гэхээр үгүй гээд байсан. Тэгээд ч тагтны хашлага дээр шувууны сангас баас байдаг шүү дээ. Тэр нь хэвээрээ байгаа юм. Тэрнээс биеийнх нь аль нэг хэсэгт наалдаад, түрхэгдээд унах ёстой байсан биз дээ. Тийм зүйл хувцас биед нь огт наалдаагүй байсан. Биш байна аа гэсэн. Тэр хоёр давхрын өрөө рүү орж үзэх гээд хаалгыг нь тогштол барилгын засварын ажил хийж байгаа гээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Шөнө ямар нэг чимээ сонссон уу? гэж асуутал шөнийн 01:00-02:00 цагаас хэтрэхгүй шалан дээр юм унаж байгаа юм шиг түр гэх чимээ сонссон гэсэн хоёулаа. Тэгээд өрөө рүү нь ортол нэлээн олуулаа цуг байрласан байсан. Тийм олон хүн байгаа гэж мэдээгүй. Тэгээд тагтыг нь орж үзээд гараад иртэл нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай хүний багийн найз Нямхүүтэй хамт зогсож байсан. Тэгтэл Нямхүү нь хэлсэн ярьсандаа байна шүү. Айгаад байх юм байхгүй гэсэн сонин зүйл ярьсныг нь нөхрийн найз, ээж хоёр сонссон. Тэгээд бид хоорондоо ярьж байгаа юм. Эд нар юу ярьчихав. Яагаад хэлсэн ярьсандаа байна шүү. Айгаад байгаа юм байхгүй гэж юу яриад байгаа юм бэ. Юуг хэлсэн ярьсандаа байна шүү гэв гээд тухайн үед бид шоконд орчихсон байсан болохоор ойлгоогүй. Одоо бол ерөнхийдөө учир нь олдож байна гэж би харж байгаа. 
-Хэрэгт хамааралтай хүмүүс гэж үзэж байна уу?
-Хамааралтай хүмүүс гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн оны зургадугаар сарын 21-ний өдөр тусгай мэдлэг бүхий физикийн дүгнэлт гарсан. Энэ хүн өндрөөс унасан нь үнэн үү. Унасан бол тэрхүү унасан гэх байрлалд нь очих ёстой байсан уу. Хоёр давхрын тагтанд цохигдохдоо хүрээ модыг унагасан гээд байгаа шүү дээ. Тэрхүү хоёр давхрын тагтанд цохигдох боломжтой юу. Цохигдох үед нь хүрээ мод цуг унасан уу гэх мэт. Тэр дүгнэлт юу гэж гарсан гэхээр 4 давхраас энэ хүн чөлөөт уналтаар уналаа гэж үзэхэд хоёр давхрын тагтыг цохих, мөргөх, шүргэх ямар ч боломжгүй гэж гарсан. 4 давхраас уналаа гэж үзэхэд доошоо харсан байдалтай унасан байгаа нь урагшаа биш арагшаагаа савж унаж байж л доошоо харсан байрлалд очно. Хэрвээ урагшаа тонгойгоод унасан бол энэ хүн дээшээ харсан байдалтай л олдох байсан. Ер нь энэ генератор дээр л унах ёстой байсан. Энэ байрлал биш байна аа гэдгийг маш олон талаас нь тооцоолол томьёолол хийгээд гаргаад ирж байгаа юм. 
-Хоёр давхрын тагтанд хүрээгүй юм бол яагаад хажууд нь унасан юм бол оо?
-Тэрхүү мод нь гурван өөр хэсэгт цусаар бохирлогдоод талийгаачийн толгойноос 85 см зайд олдсон. Энэ модыг хэн нэгэн зориудаар хоёр давхрын тагтанд цохигдсон болгож харагдуулахын тулд хөшиж авсан. Тэгээд цусаар бохирлоод толгойн хажууд нь тавьсан гэж бид хардаж байгаа. Тэр модонд цохигдсон байна гэж үзэхэд нэг л газар цусаар бохирлогдоно шүү дээ. Яагаад гурван газраа цусаар бохирлогдов. Түүн дээр физикийн дүгнэлт гарсан нэг цаг хугацаанд гурван өөр газар цусаар бохирлогдох боломжгүй гэж гарсан. Тэр мод яагаад салж унасан. Ямар хүчний нөлөөгөө салсан гэсэн дээрээс ямар нэг хүчээр унаж ирээд цохигдсоны улмаас тэр мод унаагүй. Тэрхүү мод нэг шуруп дээр бэхлэгдэж байсан. шуруп нь 90 градусаас дээш өнцөг үүсгээд тагтны хашлагаас салж унасан. Гэхдээ доороос хөшиж, гөжих байдлаар салгасан байна гэсэн дүгнэлт гарсан. Модыг 400 кг хүчээр доороос нь хөшиж салгасан гэх дүгнэлт нь гарчихсан байгаа. 
-Гэрчүүд мэдүүлгээсээ буцсан, өөрчилсөн зүйлүүд байдаг уу?
-Хоёр давхарт байсан эрэгтэй эмэгтэй хоёр эхний мэдүүлэгтээ газар юм унах түр хийсэн чимээ 01:00-02:00 цагийн хооронд сонссон гэсэн байдаг. Хоёр дахь удаагийн мэдүүлэгт энэхүү мэдүүлгээ өөрчилсөн. Тэгж мэдүүлгээ өөрчилсөн нь хэргийг шалгаж байсан Бүүвэйбаатар гэх мөрдөгчтэй холбоотой гэж бид үзэж байгаа. Хэргийн газрын анхны үзлэг долдугаар сарын 9-нд хийгдсэн бол нөхөн үзлэг гурван сарын дараа буюу аравдугаар сарын 18-нд хийгдэж байгаа юм. Нөхөн үзлэг хийх нэрийдлээр 2 давхарт байсан гэрч гэх эрэгтэйг дагуулж очоод генераторын дээврийг хонхойлгочихсон байгаа юм. Цохигдоод хонхойлгоод хэлбэрийг нь өөрчилчихсөн. Хэлбэрийг нь өөрчлөхтэй зэрэгцээд хоёр давхарт байсан хүмүүсийн мэдүүлгийг өөрчилсөн. Дээд давхарт юм унах түр хийх чимээ гарсан гэж байсан нь цахилгаан үүсгүүрийн төмөр хашаа шажигнаж дугарсан болчихсон. Генератор дугараад хонхойлт үүссэн. Генераторт цохигдож унасан болгох гэж байна шүү дээ. Гэтэл хэргийн газрын анхны үзлэгийн зурагтаа тэр хонхойлт байхгүй. Ямар ч цохигдсон ул мөр юу ч байхгүй. Бид ч хэргийн газрыг очиж үзэхдээ баримтжуулаад бичлэг хийгээд авчихсан байгаа. Тэр бичлэгт нь энэ генераторын дээвэрт ямар ч хонхойлт үүссэн ул мөр байхгүй. Гэтэл мөрдөгч хоёр давхарт байсан гэрчтэй нийлж нотлох баримтыг өөрчлөөд, мэдүүлгээ ч тэр дагуу өөрчилчихсөн. 
-Тухайн үед Г.Ганжаргал эмч хүнтэй маргалдсан зүйл бий болов уу?
-Тухайн үед ямар нэгэн байдлаар хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй гэж хүмүүс хэлж байгаа боловч хэд хэдэн хүнтэй маргалдах зүйл бий болсон юм шиг байна лээ. Яагаад гэвэл Эрүүл шүд-Эрүүл монгол хөтөлбөрийн хүрээнд 17-18 хоногийн турш явсан. Маш зутруу явсан юм байна лээ. Хамт явсан рецедентүүдтэй нь уулзахад майханд хонуулаад, сургуулийн спорт зааланд хонуулаад ч гэдэг юм уу аягүй тав тухгүй, хагас цэрэгжилтийн байдалтай, маш их дарамттай юунд явчхав даа. Ер нь их хэцүү байсан бидэнд гэж ярьсан. Тэгээд хамгийн сүүлийн өдөр бас майханд хонуулах гэж байсан. Гэтэл Ганжаргал багш энэ хүүхдүүд ийм олон хоног маш зутруу явсан. Хамгийн сүүлийн өдөр нь ганц удаа тавтай тухтай унтуулчихъя гэж хотод байсан Нямхүү гэх шавьдаа хэлсэн. Тэр шавь нь Хасу шивэрт амралтын газрын захирал Билэгбаатартай найзууд. Загасанд хамт явдаг байсан юм байна лээ. Тэгээд шавь нь энэ хүмүүс олон хоног ингэж яваа хөнгөлөлт үзүүлээч гэдэг байдлаар гуйсан юм байна лээ. Тэгж 50 хувь хөнгөлөхөөр болоод г болон д блокт нь байрласан. Багш нь нэг тусдаа блокт, 31 рецедентүүд нь нөгөө блокт нь байрласан юм байна лээ. Тэр хэд өрөө өрөөндөө ороод байрласны дараа судалгааны ажлыг удирдаж явсан Нүүр ам судлалын сургуулийн захирал Батбаяр нь энэ хүмүүсийн зардал мөнгийг хэн хариуцах юм бэ. Яагаад энэ хүмүүсийг ийш нь оруулсан юм бэ гэх мэтээр уурлаж бараг тэр хашаан дотор нь дахин майхан бариулж хонуулах гэж байсан юм шиг байна лээ. Амралтын газрын захиралтай яриад 50 хувь хөнгөрүүлчихсэн. Сүүлийн өдөр нь байшин саванд тухтай амраая гэсэн зүйл ярьсан. Хэн мөнгийг нь төлөх юм бэ гээд төлбөр мөнгөтэй холбоотой маргаан үүссэн байгаа юм. Мэдүүлэгтээ ч тэнд байсан хүмүүс ярьсан. Би бол түүнтэй давхар холбоотой л гэж бодож байгаа. Өмнө нь ч хооронд төлбөр мөнгөтэй холбоотой асуудал яригдаж байсан. Замын туршид мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд яригдаж байсан гэж байгаа. Үүний цаана их хэмжээний мөнгөний гэрээтэй холбоотой асуудал байгаа гэж би хардаж байгаа. Яагаад гэхээр Австри улсын буцалтгүй тусламжаар орж ирсэн 10 сая еврогийн гэрээ байдаг юм байна лээ. Тэр нь Нүүр ам судлалын сургуульд 2 сая еврогийн буцалтгүй тусламж ирж байсан. Түүгээрээ Нүүр ам гажиг заслын лаборатори зориулж хийнэ гэж байсан. Түүнтэй холбоотойгоор манай хүн 2021 оны наймдугаар сард жилийн чөлөө авсан. Хүүхдээ харах нэрийдлээр шалтаглаж сургуулиасаа бүрэн гаръя гэж найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд ярьчихсан байсан. 2020-2021 оны хооронд Нүүр ам судлалын сургуулийн хажууд байдаг эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Тэр үед маш их дарамт ирж байсан. Ажлаа өгье, маш их дарамттай, маш их хэл амтай ажил байна гэж ярьж байсан. Үүн дээр ч гэсэн Нүүр ам судлалын сургуулийн захирал Батбаярын дарамт шахалт нөлөө байсан гэж би хувьдаа харддаг. Тэр хүнтэй өмнө нь найз нөхдийн холбоотой гэж яриад байдаг боловч сүүлийн 2-3 жилд найзалж нөхөрлөж уулзах асуудал байхгүй болчихсон. Ер нь маш хөндий болчихсон байсан. 
-Жилийн чөлөө авсан байж яагаад тэр хүмүүстэй явсан юм бэ?
-Хөвсгөлд манай нөхөр байшин бариад дуусчихсан. Барилгын цэвэрлэгээ хийнэ гэдэг шүү дээ. Хэд хоногийн дараа бид араас нь очно гээд ярьчихсан байсан болохоор байшингаа янзлаад жижиг сажиг ажлуудаа дуусгаад байж байя гээд түрүүлээд явсан. Гэвч манай хүү салхин цэцгийн хүндрэл болчихсон араас нь очих боломжгүй болсон. Цуг засвар хийж байсан найз нь хот руу яаралтай буцах болчихлоо гэхээр нь өөрийнхөө машиныг өгөөд явуулсан байсан. Тэр үед нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд Нүүр ам судлалын судалгааны баг оччихсон ажиллаж байсан. Тэр баг нь Алаг-Эрдэнэ, Мөрөн, Хатгал сумдаар явахад нь үзлэгт нь туслаад явчихъя гэж бодоод цуг явсан. Манай Хатгалд баригдсан байшинд ч тэр хүмүүс нь хоёр хоног байрласан юм байна лээ. Тэрхүү судалгааны ажил цаашаа үргэлжлээд өөр газар руу явахаар болсон. Тэгэхдээ манай хүний долдугаар сарын 4-нд хүчээр дагуулаад аваад явсан байгаа юм. Үүнийг нь яаж мэдсэн гэхээр манай хүний ах дүү нар Хөвсгөлийн Хатгалд байдаг. Тэгээд ахындаа очоод ахаа энэ хүмүүс намайг авч явах гээд байна. Би гэхдээ явмааргүй байна гэж хэлсэн байгаа юм. Ахын дүү гэрийнхэн нь ирэх гэж байхад яагаад заавал явах гэд байгаа юм бэ. Үлдээд байшингаа барь гэж ах нь хэлсэн. За тэгнэ ээ ахаа би үлдээд байшингаа барина гэж ярьсан. Тэгж ярьчхаад маргааш нөгөөдөр нь 2-3 хүн дагуулаад ахындаа ороод ирсэн ахаа би явахаар болчихлоо гэсэн. Ахын дүү байшингаа бариад үлдэнэ гэсэн яагаад явахаар болчхов гэхэд нь Нүүр ам судлалын сургуулийн захирал Батбаяр нь улсын ажлаар явах гэж байна. Та юугаа мэддэг юм бэ. Чи заавал явна шүү Ганжаа. Явахгүй гэх юм байхгүй шүү гэсэн байна лээ. Манай хүн доошоо харж суучхаад за ч гэхгүй, үгүй ч гэхгүй тиймэрхүү байдалтай байсан. Ер нь өөрөө явах маш дургүй байсан. Тэгээд тэр судалгааны ажилдаа хүчээр авч явсан. Маш зутруу хэцүү, дарамт шахалттай явсан. Тэнд цуг явсан шавь нар нь хэл ам үүсгэх, маргаан гарахад манай хүн шавь нараа хэл ам хийгээд хэрэггүй. Энэ Батбаяр нэг зуучихвал маш хэцүү зантай. Та нар ч төгсөхөд асуудал гарч магадгүй. Хүүхдүүдээ чимээгүй байж байгаад эвтэйхэн явсан нь дээр. Битгий хэл ам гаргаарай гэж багш тайвшруулж байсан учраас бид аль болох хүлцэнгүй байсан гэдэг зүйлийг цуг явсан шавь нар нь ярьдаг.  
-Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн анхны дүгнэлт юу гэж гарсан байдаг вэ?
-Анхны дүгнэлтээр энэ бол өндрөөс уналт. Биед үүссэн 23 төрлийн зулгаралт, гэмтэл, шархнууд нь нэг цаг хугацаанд зэрэг үүссэн гэж гарсан байдаг. Нэг цаг хугацаанд тэр олон шарх гэмтэл яаж үүсэх вэ. Тэр олон шарх нэг цаг хугацаанд зэрэг үүсэх боломжгүй гэдгийг маш олон шинжээчид хэлсэн. Ялангуяа цээжинд үүссэн том шарх зулгаралт. Хүзүүний урд хэсэгт үүссэн байгаа боолтын ормууд ч гэсэн өндрөөс уналттай огт холбоогүй байна. Өндрөөс унахад яагаад ч ингэж үүсэх боломжгүй. Гадны нөлөөтэй гэдгийг нь маш тодорхой хэлчихсэн байгаа. 
-Та ЦЕГ-ын дарга нартай уулзсан тухайгаа цахим орчинд мэдээлсэн байсан. Шинэ ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ танилцуулна гэсэн бэ?
-Тодорхой хугацаа хэлсэн. Гэхдээ түүнийг нь би хэлмээргүй байна. ЦЕГ-аас ажиллагаагаа хийгээд явж байгаа гэсэн. Өчигдөр ч гэсэн холбогдоод мөрдөн шалгах ажиллагаанууд хийгдэж байгаа, бид эргэж тантай уулзана гэснээрээ юмнуудаа хийгээд явж байна. Прокурор ч гэсэн ажлын хэсэг гаргаад, хэргийг татаж хянаад, ажлын хэсгийн 3-4 прокурортой хамтарч ажиллана гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдсэн. Энэ хооронд гурван хоногийн зайтай уулзалт хийхээр товлосон. Жижүүрийн хэдэн үгтэй. Одоо хэрэг дээр шинээр ажиллах баг гаргасан. Удахгүй илрүүлнэ гэдэг. Тэгэхээр нь за одоо нээрээ л илрүүлчих юм болов уу. Чимээгүй харж байя гээд хардаг. Хэсэг сенсацлангуут уулзъя гэж дуудаад л. Тэгээд л итгэнгүүт нөгөө өмнө мөрдөж байсан, шалгуулахаар өгсөн хүсэлтүүдийг шалгуулахгүй. Бүр дордуулчихсан. Нотлох баримтлах устгачихсан. Хийх ёстой ажиллагаанууд хийгдэхгүй. Үнэхээр аргаа барж байна. Гурван жил шалгалаа шүү дээ. Одоо юугаа шалгах гээд байгаа юм бэ. Илрүүлье гэвэл баримтууд байна. 
-Өрөөнд хэнтэй цуг байсан юм бэ. Тэднээс мэдүүлэг авсан уу?
-ДНХ шинжилгээ хийчихэд л болох асуудал. Тагтнаас унасан гээд байгаа тагтны бариулаас дээж аваад шинжлээгүй. Тэгэхэд өрөөнд нь цуг байсан гэх өөр багшийн ДНХ шинжилгээ байдаг. 
-Г.Ганжаргал эмч хүмүүстэй харилцахдаа ямар хүн байв. Зан ааш нь хувь хүн талаасаа ямар хүн байсан бэ?
-Манай хүн хүнтэй маш харилцаа сайтай. Эелдэг даруу. Ямар ч хүнтэй харилцсан сайхан эерэг сэтгэгдэл үлдээчихдэг. Хүнд үгүй гэж ерөөсөө хэлж чаддаггүй. За гээд л инээгээд явж байдаг. Хаа ч явсан дандаа инээгээд явж байна. Хүний өөдөөс муухай харж, муу үг хэлж байхыг би л хувьдаа ерөөсөө хараагүй. Үүнийг олон жил найзалж нөхөрлөсөн хүмүүс, шавь нар нь ч бүгдээрээ хэлдэг. Барагтаа л хүнтэй маргаад байдаггүй. 
-Хамгийн сүүлд та юу ярилцаж байв?
-Нэг ноцтой зүйл манай хүн Хөвсгөл аймагт ажиллаж байсан эмчтэй ярьсан байдаг. Энэ хүмүүс намайг авч явж алах гээд байна гэсэн байгаа юм. Тухайн үедээ тэр эмч нь багшаа өөрөө явах дургүй болохоороо ингэж хэлж байгаа юм байна даа гэж бодоод тоогоогүй. Гэтэл тэгж хэлээд явснаас хойш ердөө л 3-4 хоногийн дараа ийм зүйл болчихсон. 2023 онд би хэвлэлийн хурал хийсний дараа тэр эмч надтай холбогдоод хэлсэн. Багштай холбоотой хэрэг их сэжигтэй санагдаад байгаа. Надад тэгж хэлж байсан гээд хэрвээ зарим нэг мэдээлэл гэрчлэх зүйл хэрэгтэй бол би гэрчилж болно гэж хэлсэн. 
Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14