Dark Light
Нийтлэл | 2025-06-30

ХОЁР ХОЖИГДСОН, ГУРАВ ДАХИА ХОЖИГДОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

3х3 Монгол Улсын үндэсний шигшээ эмэгтэй баг Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэв. Тэд энд хүрэхийн тулд багадаа 8 жил тууштай сагсанбөмбөгөөр хичээллэсэн. Үндэсний шигшээ багийн гишүүн, монголын анхны эмэгтэй легионер О.Хулан багаасаа ахыгаа даган тоглосон гэдгээ өөрийнхөө яриа болгонд дурддаг. Мэдээж түүний ах Үндэсний эрэгтэй шигшээ багийн гишүүн Онолбаатарын Энхбаатар. О.Хулан 2017 онд МУИС-д орсон цагаасаа сургуулийнхаа шигшээ багт сонгогдож тэр цагаас Сагсанбөмбөгийг тасралтгүй тоглосон. Тэрбээр ДАШТ-ий дундуур өгсөн нэгэн ярилцлагадаа “Өдөр бүр нэг зүйлийг 1000 удаа хийхээсээ залхахгүй бол өдөр бүр нэг л зүйлээ 10000 хийхийг сонгосон бол чи хий. Хэрвээ чи сонгосон замдаа итгэлтэй байгаа бол тууштай яв. Тэр чамайг амжилтад хүргэнэ” гэж байв. Харин тэдний үлгэр өчигдөр жаргалтай төгсгөл биш эхлэлийг авчрав. Энэ талаар Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг “Үнэхээр өөртөө ч итгэхгүй мөч байна. Мөрөөдөл минь биеллээ. Үлгэр шиг л санагдаж байна” гэж байв. Тэрбээр 3х3 ДАШТ тэмцээний турш 47 оноо авсан нь тус тэмцээний хамгийн өндөр оноо авсан эмэгтэй тамирчны нэгээр нэрлэгдээд байна. Үндэсний шигшээ багийн хамгийн залуу тоглогч Н.Нандинхүсэл АНУ-тай тоглохынхоо өмнө “Өмнө нь би АНУ-ын шигшээ багийн хоёр тамирчинтай U18 ДАШТ дээр таарч байсан. Тэдэнд хоёр удаа хожигдсон. Гурав дахь удаагаа хожигдохгүй” гэж хэлээд, хэлсэндээ хүрээд ДАШТ-ийн гурван удаагийн аварга охидыг өөрийнхөө талбайд буулган авсан юм. Тэр хэлсэндээ хүрсэн. Хасагдах шатанд гарсан цагаасаа охидын шигшээ багийнхны сэтгэл зүй тогтвортой, үйлдэл бүрээ хянасан, маш нягт нямбай байсаар финалд гарч ирэх мөчид хүргэсэн. Шигшээ дөрөвт үлдээд Польшийн эсрэг тоглох мөчид О.Хулангийн эхний хэдэн шидэлт орсонгүй. Энэ мөчид багийн ахлагч М.Цэрэнлхам “Зүгээр ээ. Чи минь хөөрхөн шүү. Дараачийн шидэлтүүд орно. Болно оо” гээд л зоригжуулав. Нээрээ түүнээс хойших шидэлтүүд нь их буу адил байндаа, кольцоондоо туссаар байсан юм. Багийн ахлагчийн ганц үг тамирчныг хэрхэн сэргээдгийг улсаараа үзлээ. Биширлээ. Шинэ түүх, шинэ үлгэр, шинэ амжилтын нэгэн хуудас эргэлээ. Мөнгөн медалиа гардаж авсны дараа багийн хамгийн залуу тоглогч Н.Нандинхүсэл “Энэ шинэ бүхний эхлэл. Энэ зүүд мөрөөдөл биш. Энэ үлгэр домог биш. Биднийг үүнээс илүү амжилт хүлээж байна” гэсэн юм. Тэд магадгүй олимп, дараагийн дэлхийн аварга болох их замаа өчигдөр зассан нь тэр байх...

Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02