Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт эмийн хэрэглээ ихээр нэмэгдэж, энэ төрлийн бодисыг хэрэглэснээс үүдэн гэмт хэргийн гаралт ихсэх болсон талаар хууль хүчний байгууллагууд мэдээлсээр байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 25-26-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Шалгалтаар 560 иргэн /эрэгтэй 210, эмэгтэй 350/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгасан. Урьдчилсан байдлаар Монгол улсын 11, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын 2, Украйн улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мөн 2 этгээдээс 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авсан талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлсэн.
Энэ төрлийн бодисыг хориод жил идэвхтэй хэрэглэж, эцэс сүүлд нь цагдаад баригдаж, шоронд хоригдож гарч ирсэн хэрэглэгч байсан хүн залуус, дүү нартаа сургамж болгох үүднээс ярилцлага өгч, ганц ч гэсэн хүнийг энэ төрлийн хэрэглээнд бүү ороосой гэж сэрэмжлүүлэг өгөхийг хүсэн бидэнд хандлаа. Түүнийг Л гэдэг. Одоо 40 хүрч яваа. Үг бүрээс нь харамсал, ухаарал, айдас бас гэмшил мэдрэгдэж байсан юм.
Ингээд Л-тэй хийсэн ярилцлагаа хүргэе.
- ХҮЧТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭЭД Л БИ АЛДАЖ БОЛОХ БҮХ ЗҮЙЛЭЭ АЛДСАН -
-Анх яагаад хэрэглэсэн юм бэ. Сэдэл яаж төрсөн бэ?
-Одоо би 40 нас хүрч яваа эр хүн шүү дээ. Анх хэрэглэх үед хорин настай л байсан. Эд бужигнуулдаг залуу насан дээрээ явлаа. Хүн найз нөхөд, хүрээллээ л зөв сонгох ёстой юм шиг байна лээ. Найзуудын дунд хэрэглэдэг хүн байгаад л тухайн үед найзуудтайгаа шоудаж яваад, нэг нь санал болгоод хэрэглэж үзсэн. Тэрүүхэн үедээ л гоё юм шиг санагдсан. Тэгээд л гоё санагдсан мэдрэмж мартагдахгүй бодогдоод байдаг юм билээ. Хамгийн анх хэрэглэхдээ манай улсад ургадаг ургамал байдаг шүү дээ. Гадуур явахаар хүмүүс мөн, биш л гээд яриад байдаг. Тэр чинь мөн байхгүй юу. Зүгээр л ургадаг байсан. Одоо гэхдээ хотын төвд байрны гадаа ургадаг байсан нь больсон байна лээ. Хар тамхитай тэмцэх газраас зэрлэгээр ургадаг тэдгээр ургамлуудыг устгадаг гэсэн. Тэгээд л устгасан байх. Тэр ургамлыг л хамгийн анх хэрэглэж үзсэн.
-Донтож байна гэдгээ хэзээнээс яаж мэдсэн бэ. Эсвэл мэдээгүй юу?
-Би олон жилийн хэрэглээний дараа ярьж байна шүү дээ. Донтож байна гэдгээ яаж мэдсэн гэхээр хамгийн анх 1 гр ургамал хэрэглэж байсан бол 2 гр, 3 гр болно. Энэ чинь донтоод байгаагийн хэлбэр юм байна лээ. Тэгээд анхны авсан мэдрэмжээ хайгаад байдаг. Тухайн үед ямар байдалтай яаж хэрэглээд тэр мэдрэмжийг авсан бүү мэд. Одоо ингээд больсон хойноо эргээд бодоход тэр анхны мэдрэмж ахиж надад хэзээ ч давтагдаагүй.
-Хамгийн анх найзуудтайгаа ямар орчинд яаж хэрэглэж байсан юм бэ. Хэрэглээд, донтоод ирэх тусам мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүс нуугдмал байдалд ордог юм шиг байна лээ?
-Анх бол найзуудтайгаа шоудаж яваад шөнийн цэнгээний газрын 00-д хэрэглэж байсан. Эхний гурван жилдээ алдаг оног олдвол хэрэглээд, олдохгүй бол хэрэглэхгүй ингэж явсаар гурав дах жилээсээ өдөр бүр хэрэглэдэг болсон. Өдөрт 1-2 гр хэрэглэдэг байсан бол сүүлдээ өдөрт 20-30 гр хэрэглэдэг болно. Тэрэндээ ч сүүлдээ ханахаа болиод хүчтэй бодис хэрэглэнэ. Хүчтэй бодис хэрэглэх үедээ би сургууль соёлоо төгсчихсөн, ажил төрөлтэй болчихсон. Тухайн үедээ хэр баргийн аавын хүүгийн хэрэглэдэг бүх зүйл надад байсан. Хүчтэй бодис хэрэглэж эхлээд л би алдаж болох бүх зүйлээ алдсан. Амь насаа алдаагүй шалтгаан нь цагдаад баригдаад шоронд орсондоо баярладаг гэх юм уу даа. Тэгж байж алдсан зүйлээ олж авах гээд хичээгээд амьдарч байна. Одоо миний амьдарч байгаа амьдрал маш олон хайртай зүйлээр минь солигдож ирсэн амьдрал.
- ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЛЭХИЙН ТУЛД ДАВХАР ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ ЭХЭЛСЭН -
-Цагдаад яаж баригдсан юм бэ?
-Хэрэглэх бодисоо аваад явж байхдаа баригдсан. Хадгалж байсан гэдэг үндэслэлээр 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Цагдаад баригдаад ял эдлэхээс өмнө би энэ зүйлээс холдъё гэж олон удаа бодсон ч чадаагүй. Сүүлдээ тэр зүйлийг яах гэж хэрэглэдэг болсон гэхээр архичин хүн архи уугаад шартдаг шүү дээ. Архи уугаад маргааш нь шартана. Шарталтаа давж чадахгүй дахиад архи уудаг. Яг түүнтэй адил би энэ бодисыг зүгээр л биеэ өвтгөхгүйн тулд хэрэглэдэг болсон. Зүгээр л хэвийн байхын тулд хэрэглэдэг болсон.
-Өвчин намдаах л зорилгоор уу?
-Тийм. Хэрэглэхгүй л бол хамаг бие чичирнэ, салгална. Бүх бие өвдөнө. Хөлс чийхраад, тэвчихийн аргагүй болно. Дээрээс нь маш их мартаж санана. Ааш авир догшин хэрцгий болж хүнээс гарахааргүй үйлдэл хийнэ. Хэрэглэхгүй байж чадахгүй юм байна гэж бодно. Хэрэглэхгүйгээр байж чадахгүй юм байна гэж бодно. Тэгж байгаад цагдаад баригдаад 1 жил 6 сарын ял аваад хоригдсон. Хоригдчихоор хэрэглэхгүй байж болж л байгаа байхгүй юу. Тэгэхээр л сэтгэл зүйн асуудал юм байна лээ. Тэгээд л шоронгоос суллагдаад сэтгэлзүйчидтэй уулзаж байна. Зөвлөгөө авч байна. Бас үе үе бодогдоно л доо. Сэтгэл санаагаар унасан үед, амьдрал болж бүтэхгүй байгаа үед бодогддог. Нөгөөхөөсөө ганц хусчихдаг ч юм уу гээд бодно. Тэснэ. Суллагдсанаасаа хойш сэтгэлзүйчидтэй уулзаад, уншиж судлаад, интернэт, ном сониноос судаллаа. Ер нь тэр зүйлээс дор хаяж 3-5 жил хол байж байж ангижирдаг юм байна лээ. Би одоо жил гаруй суугаад, гарч ирээд жил гаруй болчихлоо. Тэгэхээр гурван жил хол байна. Дахиад хоёр жил тэсчихвэл гайгүй болох байх. Ер нь гүрийж, тэвчиж л амьдарч байна даа. Алдсан зүйлсээ олж авахын тулд хичээж байгаа.
-Гэр бүлээсээ анх мэдээж нууж хэрэглэсэн байх. Гэр бүлийнхэн нь хэзээнээс мэдэх болов. Мэдээд яаж хүлээж авч байв?
-Ямар олиг байх вэ дээ. Нөгөө хэдэн нөхөдтэйгөө нийлж хэрэглэж байгаад л эхнээсээ баригдах нь баригдаад, тэнгэрт дэвших нь дэвшээд л... Ер нь ганцаараа бүрэг болчихдог. Нуугдаад л, ажил төрлөөсөө гарлаа. Тэр чинь гудамжинд зүгээр хэвтэж байдаг зүйл биш шүү дээ. Гэрт байгаа эд зүйлсээ нэг нэгээр нь зарж, үрж эхэлнэ. Хүнээс худлаа хэлж мөнгө авч эхэлнэ. Хулгай хийж эхэлнэ. Юу ч гэмээр юм дээ... Миний хийж байсан зүйл чинь гэмт хэрэг шүү дээ. Тэгээд л түүнийгээ хэрэглэхийн тулд дахиад давхар гэмт хэрэг хийж эхэлж байгаа юм. Гэр бүл минь энэ бүхний араас ухааруулах гэж үзнэ. Маш удаан миний араас хөөцөлдсөн. Би ханьдаа гомддоггүй. Миний араас маш удаан татаж авах гэж хичээсэн. Одоо эрүүл болчхоод эргээд бодоход яаж тийм байдалд хүн амьдрах вэ дээ гэж бодогддог.
- МАШ ИХ ЗҮЙЛЭЭР СОЛЬЖ ҮЛДСЭН Ч ЭНЭ АМЬДРАЛЫГ НЭГ ИХ ХҮСЭЭД БАЙХ АМЬДРАЛ БИШ -
-Анх гэр бүл нь мэдчихээд танд яаж хэлж байв. Шууд яваад өгөөгүй араас тань маш их явсан гэж байна шүү?
-Шууд л хэлж байсан. Чи яагаад байгаа юм бэ. Юу хэрэглээд байгаа юм бэ. Чи тийм болчихсон юм уу гээд л асууж байсан. Би ч үгүй гэж гүрийсэн. Гэр бүлээсээ зугтана. Баригдана. Зодоон нүдээн хийнэ. Хэрүүл уруул болно. Үр хүүхэд, эхнэрээ зодож нүдээд л... /уйлав/ Тэгээд л сүүлд нь гарцаагүй байдалд ороод үнэнтэй нүүр тулж байгаа юм л даа. Манай хадмууд ч мэдсэн. Намайг эмчлүүлэх гэж мөнгө төгрөг гаргаад л миний араас зөндөө явсан. Би л чадаагүй байхгүй юу.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Гурван хүүхэдтэй. Ямар олиг байх вэ дээ. Гурван хүүхдийн нулимсаар... Юу ч гэмээр юм дээ... /уйлав/ Одоо би боддог юм. Миний том хүү 17 настай. Магадгүй 1-2 жилийн дараа над шиг зүйл хэрэглээд явж байх вий дээ гэхээс би маш их айдаг...
-Одоо та хүүхдүүдтэйгээ уулзаж байна уу?
-Үгүй.
-Яагаад?
-Хүүхдүүдтэйгээ нүүр бардам уулзах эрх алга. Юу юу ч байхгүй. Тоглоом бариад очих мөнгө алга. Уулзлаа гэхэд цагийг зугаатай өнгөрөөх мөнгө байхгүй. Дагуулаад явъя очих газар алга. Тэгэхээр миний энэ амьдрал надад маш их үнээр үлдсэн зүйл. Маш их зүйлээр үлдсэн энэ амьдралыг нэг их хүсээд байх зүйл биш гэдгийг хүүхэд залуустаа сануулмаар байна.
- ТЭР ҮЕД Л ОЙЛГОХ МИНЬ ЯАВ ГЭСЭН ХАРУУСАЛ, БАЧИМДАЛ МАШ ИХ ТӨРДӨГ -
-Та хэллээ шүү дээ. Хүн найз нөхөд, хүрээллээ зөв сонгох ёстой гэж. Тухайн үед мансууруулах бодис цуг хэрэглэж байсан найзуудтайгаа тааралдаж байна уу. Тэдэнтэй дахиж уулзсан уу?
-Би одоо тэдэнтэй аль болох таарахгүйг хичээдэг. Мэр сэр сураг сонсохоор ганц нэг нь энд тэнд байдаг гэсэн. Хэрвээ таарах юм бол яг буцна. Тэгэхээр аль болох таарахгүй байхыг хичээж байна. Одоо бол надад найз гэж байхгүй. Ганцаараа л байна. Хүмүүс ярьдаг шүү дээ. Найз нөхөдгүй амьдраад байж болно. Мөнгө төгрөггүй амьдарч болно. Эрүүл мэндгүй бол амьдарч чадахгүй. Тэр хугацаанд алдсан эрүүл мэндээ энэ хугацаанд олж авахаар хичээж л амьдарч байна.
-Таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн бэ. Одоо биеийн байдал ямар байна вэ?
-Түүнийг хэрэглээд олигтой юм юу ч байхгүй. Зүрх маш их томорсон. Бөөр уураг алдалттай. Бөөрний дутагдлын шинж тэмдэг илэрсэн. Элэг циррозны шатанд орсон. Уушги маш их хэмжээгээр хатуурсан. Баруун талын уушги бас их... юутай... юу билээ. Тэгээд дээрээс нь маш их мартдаг болсон. Юм ярих гэхээр мартчихна. Ой тогтоолт маш муу. Ажил хийгээд мөнгө олъё гэхээр бие дийлэхгүй. Оюуны ажил хийе гэхээр ингээд мартаж санаад, ой тогтоолт муудчихсан. Тэгэхээр машин угаалга гэх мэт ойр зуур л юм хийгээд байж байна.
-Одоо та хэнтэй цуг амьдарч байна вэ?
-Одоо ганцаараа л байна. Ээж маань манай дүүтэй хамт амьдардаг. Аав минь намайг ял эдэлж байх үед бурхан болчихсон. Эхнэр хүүхдүүд тусдаа. Аль алинд нь гай болчихгүй юм сан гээд л өөрөө өөрийгөө авч явах гээд л нийтийн байранд өрөө түрээслээд амьдарч байна. Би тэдэндээ гай болох үедээ хангалттай гай болсон. Амь амьдралаа зориулсан аав минь миний араас ямар их зовсон бол гэхээс үнэхээр харамсдаг. Тэр үед л ойлгох минь яав гэсэн харуусал, бачимдал маш их төрдөг. Тэглээ гээд бүхнийг эргүүлж чадахгүй болохоор одоо л хичээж явъя гэж боддог болсон.
- НАЙЗ МИНЬ НҮДЭН ДЭЭР ӨНДРӨӨС УНАЖ НАС БАРСАН. НЭГ НЬ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН -
-Олон залуус нийлээд мансуурахаар гэмт хэрэг, янз бүрийн хуулиас гадуур зүйл хийдэг шүү дээ. Таныг тэгж хэрэглэж явахад хууль бус зүйлүүд, гэмт хэрэгт холбогдох ч гэдэг юм уу харамсалтай зүйл болж байв уу?
-Хамт хэрэглэж мансуурсан найз минь нүдэн дээр өндрөөс унаж нас барсан. Бас нэг залуу хүний аминд хүрсэн. Хүмүүст ярихаар хар тамхи гэдэг зүйл өөрөөс нь хол юм шиг санагддаг. Гэхдээ энэ чинь маш ойрхон байгаа. Хаалгыг чинь тогшоод л байж байгаа. Гэр бүлийнх нь хэн нэгэн хэрэглэдэггүй бол надад хамаагүй гэж боддог. Энэ зүйл хүн болгонд хамаатай. Иргэн бүр энэ талын мэдлэгтэй байж энэ зүйлээс хол байх ёстойгоо ойлгодог байх хэрэгтэй. Ингэж л хэлмээр байна.
-Ер нь хэрэглэж байхдаа яаж олж авдаг байсан юм бэ. Мэдээж хуулиар хориотой зүйл учраас маш нууцлагдмал явагддаг байх?
-Хүрээлэл бий болчхож л байгаа юм л даа. Авдаг хүнтэй болчихно. Би ч олон хүнээс авдаггүй байсан. 2-3 л харьцдаг хүнтэй. Тэднээсээ авна. Хар тамхины хэрэгтэй кинонууд байдаг даа. Тийм л зүйл болж байгаа юм.
-Кино гэснээс аль болох баян айлын хүүхдүүдэд санаатайгаар өгдөг гэх мэт зүйлүүд яригддаг. Кинон дээр ч гардаг. Ер нь тийм байдлаар санамсаргүй орох тохиолдол байдаг уу?
-Би сүүлд хэрэглэх бодисоо авч чадахгүй болоод, мөнгөгүй байсан. Хэрэглэмээр санагдаад олдохгүй. Гэтэл надад тийм санал тавьж байсан шүү.
-Юу гэж?
-Хүн аваад ир. Боломжтой айлын хүүхэд байвал сайн. Боломжийн ажил хийдэг хүн ч болно. Тэгэх юм бол тэр хүний хэрэглээнээс чамд илүүчилье гэж надад хэлж байсан. Тухайн үед надад мөнгө олдоогүй бол би тэгэх байсан байх. Харин ёстой тэгэхээсээ өмнө цагдаад баригдсан даа.
-Нэг жил зургаан сар хоригдоод гарсан гэж байна шүү дээ. Тэр хугацаанд маш их зүйлийг ухаарсан байх даа?
-Ёстой л өөрөө өөртэйгөө, үнэнтэйгээ нүүр тулж байгаа юм л даа. Эхний 3-4 сар хагас галзуу хүн шиг л байсан. Хар тамхины шарталт гээч нь маш ихтэй. Байнга толгой өвдөнө. Хөлс чийхарна. Бие чичирнэ, салгална. Үе мөч өвдөхгүй юм байхгүй. Дотор муухайрна. Та архи уугаад шартаж үзсэн үү?
- ХАМГИЙН АНХ Л ХЭРЭГЛЭЖ ҮЗСЭН ТЭР МЭДРЭМЖ... ТЭР МЭДРЭМЖИЙГ Л ДАХИН ДАХИН ХАЙСАН -
-Үзсэн.
-Түүнээс чинь хэдэн арав дахин илүү өвдөлт мэдэрнэ. Би тэгж л зүйрлэж бодож үзсэн. Шарталтаа даван туулаад өөртэйгөө маш их ярилцсан. Яагаад ийм зүйл болов. Хамгийн анх л хэрэглэж үзсэн тэр мэдрэмж... Согтуу байгаад хэрэглэсэн болоод ч тэр үү. Тэр мэдрэмжийг л дахин дахин хайсан. Хэзээ ч тэр мэдрэмжийг тэр олон жилд дахиж мэдрээгүй.
-Магадгүй тан шиг эд залуу насандаа юу ч хийхээс буцахгүй, нэг л удаа хэрэглээд үзье гэх бодол хүн бүрд л төрдөг байх. Тэдгээр хүмүүст та юу гэж хэлэх вэ?
-Хүмүүс нэг л удаа хэрэглэж үзье, сонирхъё. Тэгээд л больчихъё гэдэг. Нэг удаа л үзье гэж боддог. Нэг удаа гэж байхгүй. Харин анхны удаа л гэж байдаг гэж ярьдаг юм байна лээ. Тийм шохоорхолд л битгий автаарай. Битгий үзээрэй. Тэгээд дээрээс нь дандаа танил найз нөхөд, танилын хүрээллээр чинь тархдаг. Хэрвээ найз нөхөд дунд чинь тийм зүйл хэрэглэдэг нэг л хүн байвал зайгаа барь. Хэрвээ найз нөхөд, танил чинь санал болговол өсвөр насныхан бол эцэг эхдээ хэлдэг байх хэрэгтэй. Тэд чинь эцэг эх, гэр бүл. Хэзээ ч гэр бүлээс, эцэг эхээс дээгүүр тавигдах найз нөхөд гэж байхгүй. Хэрвээ үнэхээр гэр бүлээс, эцэг эхээс илүү найз нөхөд байсан юм бол өнөөдөр намайг амьдралд мөлхөөд явж байхад түшээд босгох найз алга л байна шүү дээ.
-Би нэг баримтат киноноос үзэж байсан юм байна. Хар тамхинаас гарна гэж байхгүй. Тэвчих хугацаа л гэж байдаг гэж?
-Тийм. Түрүүн ярьсан 3-5 жил тэвччих юм бол ангирна гэж. Тэр л юм. Одоо би байнга эм ууж, эмчилгээ хийлгэдэг. Энэ чинь бодисын нөлөөнд орж, эд эрхтэнд өөрчлөлт орчихсон. Түүндээ л эмчилгээ хийлгээд байгаа юм. Түүнээс донтолтоо эмчлээд байгаа юм биш. Донтолт гэдэг чинь зүгээр л сэтгэлийн юм байдаг юм билээ.
-Бидэнтэй хандаж хүүхэд залууст өөрийн үзсэн туулснаа ярьсан танд баярлалаа. Нэг ч гэсэн хүн бидний ярилцлагаас ухаарал олж харах байх гэж найдаж байна. Ярилцсанд баярлалаа.
- ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛААР БАТАЛСАН БАГ ОЛОН ХЯНАЛТЫН ДОР ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ УСТГАДАГ -
Ингээд бид хар тамхи мансууруулах бодисын гэмт хэргийн гаралт, тэдгээрийн илрүүлэлт, хууль бус наймаатай тэмцэх ажил хэрхэн өрнөж байгаа талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Б.Батхуягтай ярилцсан эх сурвалжаар хүргэж байна.
Иргэдийн дунд цагдаа нар хурааж авсан хар тамхиа устгадаггүй. Цагдаа нар өөрсдөө худалдан борлуулдаг гэх мэт ойлголтууд байдаг. Энэ талаар тодрууллаа. Хар тамхитай тэмцэх газраас сүүлийн нэг жилийн хугацаанд 254 гэмт хэрэгт 221 этгээдийг холбогдуулан баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Энэхүү шалгалтын явцад 85334 хүн нэг удаа хэрэглэх бодисыг хураан авчээ. Уг бодисыг прокурорын байгууллагаас баталсан журмын дагуу улирал тутам устгах ажиллагааг явуулдаг. Эд мөрийн баримтаар хураасан мансууруулах бодисыг устгах ажиллагааны тусгай журам байдаг. Уг журмын дагуу хурааж авсан бодисыг устгах бүрэлдэхүүнийг Хар тамхитай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулдаг. Уг бүрэлдэхүүнд прокурорын байгууллагаас хянал тавих зорилгоор оролцоно. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан, шүүхийн шийдвэрийн дагуу устгах ажиллагааг явуулж байгаа учраас шийдвэр гүйцэтгэх байгууллагаас алба хаагчид оролцоно. Мөн Хар тамхитай тэмцэх газрын шинжээч, мөрдөгч, уг ажиллагааг эхнээс дуустал баримтжуулах Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн бичлэг хийж баримтжуулна. Ингээд устгах ажиллагааг хийхдээ тогтоол нэг бүрт заасан бодисын хэмжээ байдаг. Энэ бодис тэдэн гр. Үүнийг устгасугай гэсэн тогтоолоор тухайн улиралд хэдэн бодис устгах шийдвэр гарсан байна. Тэр бүхнийг тогтоолоор нь эд мөрийн баримт хадгалах өрөөнд орж тулгалт хийдэг. Анх энэ бодис хураагдахад ийм хэмжээтэй байсан байна. Шүүхийн тогтоолоор ийм хэмжээтэйг устга гэснийг тогтоолд дурдана. Тухайн хэмжээгээр байна уу гэдгийг жинлүүрт тавьж жинлэж үздэг. Ингээд хэрэг нэг бүрээр нь бодисын тулгалт явна. Тогтоолд Хар тамхитай тэмцэх газрын даргын баталсан бүрэлдэхүүн камерын хяналтад бодисын тулгалтаа хийж аваад, устгах объектод очих хүртэл тасралтгүй бичлэг хийгддэг байна. Устгах газар очоод дахин жинлүүр дээрээ тавьж үзээд, нийт жин тохирч байна гэдгээ дахин тогтоогоод шатаах аргаар устгадаг. Эд мөрийн баримт хадгалах өрөө, устгах өрөө, жин хэмжүүрийн өрөө бүгд 24 цагийн хяналтын камертай. Түүн рүү орох эрхтэй хүн Хар тамхитай тэмцэх газрын аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Хар тамхитай тэмцэх газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх эрхтэй байдаг.
- 11 АЙМГИЙН 5000 ГАРУЙ ГА ТАЛБАЙД МАНСУУРУУЛАХ УРГАМАЛ УРГАДАГ. ТҮҮНИЙГ ЖИЛ БҮР УСТГАДАГ. ИНГЭЭД ГУРВАН АЙМГИЙН НУТАГТ УРГАХАА БОЛЬСОН -
Хар тамхи мансууруулах үйлчилгээтэй бодисын нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр 11 аймгийн нутаг дэвсгэрт ургадаг ургамлыг жил бүр устгах ажил хийдэг. Энэ жил 1200 га талбай ургамлыг устгах ажлыг хийсэн. Эргээд наймдугаар сард устгал хэр зэрэг үр дүнтэй болсон талаарх хяналт шалгалтыг хийж, тархалтыг хумих ажиллагаа хийгдэнэ. Монгол Улсад дотоодод ургаж байгаа мансууруулах төрлийн ургамлыг зарж борлуулах нь нийт хар тамхитай холбоотой гэмт хэргийн 70 хувийг эзэлдэг. Мөн 30 хувьд нь буюу гадны улс орноос Монгол Улсад нэвтрүүлдэг сентэтик төрлийн бодисын нийлүүлэлтийг таслан зогсоох чиглэлээр “Бүлэг”, “Цохилт” гэх мэт арга хэмжээг явуулсан. Үүн дээр гааль, хилийн байгууллагынхан хамтран ажилласан. Мөн урлагийн томоохон тоглолтын арга хэмжээн дээр худалдах, зарж борлуулах зүйлүүд гардаг. Үүнийг хянах чиглэлээр дулааны улиралд “Fast” нэртэй үйл ажиллагааг явуулдаг. Нийлүүлэлтийг таслан зогсоохоос гадна эрэлтийг зогсоох ажил нь хамгийн үр дүнтэй арга хэмээн олон улсаас зөвлөдөг. Үүний тулд урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй, оновчтой, судалгаатай хийх шаардлагатай. Ингэхийн тулд сургууль, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багууд үүн дээр хамтран ажиллабал үр дүнтэй. Эдгээр хүмүүс өөрсдөө энэ талын мэдлэгтэй байх ёстой. Хар тамхи гэж юу болох, юуг хар тамхи гэх вэ. Ямар байдалтай харагддаг вэ. Хүүхдийн цүнх саванд юу байвал хар тамхи гэж үзэх вэ. Хүүхэд хар тамхи мансууруулах бодис хэрэглээд удаан хугацаа өнгөрсөн байхад хүүхдэдээ илэрч байгаа шинж тэмдгийг мэдэхгүй тохиолдол байдаг. Энэ хугацаанд хүүхэд хар тамхи хэрэглэгч, донтогч болоод түүнийгээ олж авахын тулд гэмт хэрэг хийх, тухайн бодисыг зарах худалдаалах сүлжээнд орчихсон байх, хүчтэй донтогч болж эд эрхтэнд нь нөлөөлөөд, гар хуруугаа тайруулах хэмжээнд очсон хойно, ойр дотны хэн нэг нь цагдаад баригдсаны дараа хүүхэд нь хар тамхи хэрэглэснийг мэдэх тохиолдлууд ч байна. Хүүхдийн нойр хоолны дуршил, зан төлөвийн өөрчлөлт, харилцаа хандлагыг шаардлагатай. Мөн хор уршгийг таниулах, хүүхдэдээ хэрэв ийм зүйлийг хэрэглэвэл хорих ял шийтгэл оноодог гэх мэтээр хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Гол нь хүүхдүүдээ мансуурч буйг таних, шинж тэмдгийг эцэг эхчүүд, асран хамгаалагчид өөрсдөө мэддэг байх ёстой. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Ангаар 1-2”, танихгүй хүн нөлөөлөхөөс сэргийлсэн “Unfriend” зэрэг аяныг хэрэгжүүлсэн.
- ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРГИЙГ МЭДЭЭЛЭХ 116 УТСЫГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА –
Хэрэв таны эргэн тойронд хар тамхи хэрэглэсэн байж болох ул мөр бүхий зүү тариур, өвс ургамал гэх мэт зүйл ажиглагдвал зургийг нь дараад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын фейсбүүк, пейж, твиттер, инстеграмм гэх мэт сошиал хуудсууд болон 116 дугаарын утсанд хандаж мэдээлэх боломжтой. Энэ чиглэлийн танхимын сургалтыг 130 мянга орчим хүнд орсон. Ингэсний үр дүнд эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирч энэ төрлийн гэмт хэргийг мэдээлдэг болсон. Хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох явдал буурч байна.
Ингээд хар тамхинаас үүдэлтэй амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа гэх мэт зарим статистик тоон мэдээллийг хүргэе.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 264 хүнд холбогдох, 161 гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “Asaр” санд оргодлоор эрэн сурвалжлагдаж байсан 31, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан 57, зөрчил үйлдсэн этгээд 15, шүүхээс даалгасан хүн 21, алга болсон тээврийн хэрэгсэл 4, оршин суугаа газраасаа сураггүй болсон хүн 3, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3-ыг тус тус олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоосон. Монгол Улсын гадна үйлдэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон Интерполын “Улаан булант” зар мэдээнд Олон Улсад эрэн сурвалжлагдаж байсан яллагдагч “У” Бүгд Найрамдах Киргиз Улсад, яллагдагч “Э” Бүгд Найрамдах Турк Улсад саатуулагдсан байгааг Монгол Улсад шилжүүлэн авахаар холбогдох ажиллагааг явуулж байна. Мөн “Хөх булант” зар мэдээнд 20 этгээдийг эрэн сурвалжилж байснаас Бүгд Найрамдах Турк Улсаас 3, Бүгд Найрамдах Солонгос Улсаас 1, Оросын Холбооны Улсаас 1 этгээд Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Манай улсад сүүлийн 8 жилийн хугацаанд 50 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснээс үүдэн харамсалтайгаар амь нас алджээ. Сүүлийн нэг жилд хар тамхи, мансууруулах сэтгэцэт бодисыг 13-17 насны 13 хүүхэд хэрэглэжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 254 хэрэг бүртгэгдэж, 221 сэжигтэй этгээдийг холбогдуулан шалгажээ. Дээрх гэмт этгээдүүдийн 197 нь эрэгтэй, 27 эмэгтэй, 13-56 насны иргэд байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас 10 хүн нас барж, 204 этгээд ял шийтгэл эдлэн хоригдож байна. Энэ хугацаанд 5 тэрбум 201 сая төгрөгийн өртөг бүхий 85.334 хүн нэг удаа мансуурах хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хураан авч, хууль бус эргэлтийг таслан зогсоосон байна. Зөвхөн сүүлийн хоёр шөнө нэр бүхий шөнийн цэнгээний газруудаар хяналт шалгалт хийж, 1043 иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр сорил тавихад Монгол Улсын 19, гадаад улсын 4, нийт 23 иргэнээс мансууруулах бодис илэрсэн тоон мэдээлэл байна.