2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах таван ханатай гэр шатаж, галын улмаас 25 настай эмэгтэй, 3 настай охины хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар сурвалжиллаа.
2025 оны есдүгээр сарын 24-ний 16:30 цаг: СХД-ийн 40 дүгээр хорооны байрыг хайлаа. 40 дүгээр хороо нь СХД-ийн долдугаар хороог хувааж шинээр байгуулагдсан хороо аж. Тиймээс одоогоор google map-д ороогүй тул хаана байдгийг нь мэдэхгүй тэр хавийнх нь хүмүүсээс сурагласаар 41 дүгээр хороонд очлоо. 41 дүгээр хорооныхноос 40 дүгээр хорооны байршлыг заалгав.
2025 оны есдүгээр сарын 24-ний 17:02 цаг: СХД-ийн 40 дүгээр хорооны байрыг олж очлоо. Тус хорооны Засаг даргатай уулзах хүсэлт тавьсан ч үүдэнд цэвэрлэгээ хийж байсан 50 гаруй насны эмэгтэй "Засаг дарга дөнгөж саяхан гараад явсан эзгүй байна" гэв. Хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар нь байна уу гэхэд "тэр өрөөнд байгаа" гээд гараараа заав. Эргэж хараад заасан өрөө рүү нь орлоо. Шилэн хаалтны ард гурван эмэгтэй, нэг эрэгтэй тус тусын суудлыг эзлэн суужээ. Зохион байгуулагч гэсэн хаягтай эмэгтэй рүү очлоо.

-Засаг дарга эзгүй байгаа тул танаас хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Уржигдар айхавтар гал болж танай хорооны хоёр иргэн галд өртсөн байна?
-Энэ талаар Нийгмийн ажилтнаас асуу.
-Нийгмийн ажилтан нь аль билээ гэхэд урд талд нь хойшоо харж суусан эмэгтэй “Би” гэв.
-Би уржигдрын галын ослын талаар тодруулах гэсэн юм. Ямар айл байсан юм бол?
-Манай хороонд нүүж ирээд удаагүй. Долдугаар сард нүүж ирээд хоёр сар гаруй л болж байсан. Хоёр хүүхэдтэй залуухан гэр бүл байсан юм. Тэр хашаа өөрсдийнх нь хашаа биш. Түрээсэлж сууж байсан. Түрээслүүлсэн айл нь манай үндсэн оршин суугчид. Тэр айл түр оршин сууж байсан юм.
-Тэгэхээр түрээслүүлсэн хүмүүс нь тэр хашаандаа байгаагүй юм уу?
-Байгаагүй. Тэр айл долдугаар сараас хойш амьдарч байгаа. Хэцүү зүйл болсон. Ар гэр нь сэтгэл санаа хүнд байгаа.
-Аль хавьд байсан юм бол?
-Автобусны буудлаар хойшоо эргээд нэлээд явна.
Ингээд тухайн айлыг хорооны нийгмийн ажилтны хэлснээр хайлаа. Хойш явтал тийм гудамж байхгүй гэж хүмүүс хэллээ. Хаана байж болох вэ гэж таамаг дэвшүүлээд эргэж байтал өөдөөс 30 гаруй насны залуу хашаандаа машинаа оруулахаар зогсов.
-Уржигдар энэ хавьд гал гарсан тухай дуулсан уу?
-Тэр нэлээд урагшаа явна. 2 буудал орчим яваад байгаа. Энэ хавьд биш.
Залуугийн заасан зүг рүү эргэлээ. Заасан замаар нь явсаар гал гарсан хашааг олж харав.
2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр 17:34 цаг: Зам дагуух нүүрний гудамжинд цэнхэр өнгөөр машины хаалгаа будсан жижигхэн хашаа байлаа. Цэнхэр будаг нь нэлээд удсан тул халцарч, хашааны зарим шон нь унажээ. Хаалга онгорхой байх тул хашаан доторхыг гүйлгэж харвал урд талдаа нэг гэр байсан нь цоожтой хүн алга. Хашаа руу ортол баруун талд нь нохой нь уяатай байлаа. Хүн орж байгааг харсан ч хуцсангүй. Урд байсан гэрийн хажуугаар хойш явбал галд өртсөн гэрийн буурь цэвэрлээгүй хэвээр. Тоос тортгийн хажуугаар сонин эхүүн үнэр үнэртэнэ. Архан талд нь жижиг байшин байлаа. Дотор нь хүн байгаа болов уу гээд ортол хүнгүй, хаалга нь онгорхой. Буцаж гараад урд талын гэрийг хартал ард талын эсгий давхаргууд нь шатжээ. Хашааных нь арын банзнууд уначихсан, эсвэл галыг унтраахаар хүмүүс унагаасан уу онгорхой байлаа.
2025 оны есдүгээр сарын 24-ний 17:47 цаг: Гал гарсан хашаа хоосон байсан тул хөршүүдээс нь тодруулахаар хажуу хаалгыг тогшлоо. 40 эргэм насны хөрслөг бор эрэгтэй “Хэн бэ” гэсээр жижигхэн байшингаас гарч ирлээ. Түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.
-Хажуу айлынхнаа та таних уу. Ямар хүмүүс байсан юм бол?
-Энэ айл нүүж ирээд удаагүй. Хуучин байсан айл нь манай найз юм.
-Түрээсээр байсан айл гэсэн?
-Тийм. Манай найзынх хашаагаа түрээслүүлээд явсан. Том тэрэгний жолооч залуу. Олон жил энд амьдраад, түрээслүүлээд удаагүй байсан юм.
-Урд байгаа гэрт нь бас түрээсийн айл байсан юм уу?
-Энийг би ёстой мэдэхгүй байна. Бас л сүүлд нүүж ирсэн айл.
-Та гал гарах үед гэртээ байсан уу?
-Би орой ажлаа тараад 19:20 цагийн үед ирэхэд гал авалцаж байсан. Манай гэр шатаж байгаа юм байхдаа гэж сандраад хар утаа суунаглачихсан ухаан жолоогүй гүйсэн. Тэгээд энэний цаад хашааны айлыг би бас таньдаг гүйж очоод танайд ус байна уу гээд хоёр талаас хамт цацсан. Олигтой нэмэр болоогүй. Бараг шатаад дуусчихсан байсан.
-Онцгой байдлынхан хэзээ ирсэн юм бол?
-Түүнийг нь мэдээгүй. Намайг ирэхэд ирчихсэн байсан. Тэгээд манайх шатаж байгаа юм байхдаа гэж сандарсандаа л юу хийж байгаагаа мэдэхгүй хэсэг шоконд орчихсон байсан.
-Түрээсээр байсан айл нь ямар хүмүүс байсан юм бол. Та таних уу?
-Хоёр жаахан хүүхэдтэй. Яагаад мэдээд байна гэхээр машин руу хашаа давуулж чулуу шидээд, би хоёр хүүхэд чинь машин руу чулуу шидээд байна. Цонх хагарах вий, машин зурах вий гээд хэлж байсан юм. Аав нь бололтой 30 дөнгөж гарч байгаа болов уу залуу байсан. Эхнэрийг нь сайн мэдэхгүй.
-Тухайн үед эхнэр нь нэг хүүхэдтэйгээ байсан гэсэн?
-Өчигдөр орой намайг гэртээ байж байхад хамаатных нь гээд нэг залуу том хүүг нь аваад явчихсан. Яг гал гарах үед том хүү нь гэртээ байгаагүй юм байна лээ. Улаан гал авалцаад яг гэр нь нурж байхад би автобусны буудал дээр буусан. Тэгээд манайхаас утаа саагиад байгаа юм шиг харагдаад өөрийнхөө хүүхдүүдийг л бодоод гүйсэн. Тэгээд л хэсэг шоконд орчихсон байсан.