Dark Light
Нийтлэл | 2025-09-29

Б.БАТЦЭЦЭГЛЭН: Б.АЛТАНЖАРГАЛ АХТАЙГАА ХАМТ 21 АЙМГИЙН АЯЛАН ТОГЛОЛТ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэнгийн шинэ пянз болон номын баяр боллоо. 
Энэ үеэр түүнтэй хэдэн хором ярилцлаа. 
-Таны хувьд олон баяр давхцаж байгаа өдөр. Пянз, номын баяраа зэрэг хийлээ. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоо мялааж байгаа үйл явдал юм болов уу? 
-Пянзаа хоёр жилийн өмнө хийх боломжтой байсан ч хойшлогдсоор байгаад өнөөдөр тохиож байна. Хойшлогдсон нь утга учиртай мэт санагдаж байна. МУГЖ гэдэг эрхэм хүндтэй цол хүртсэнээс хойш та бүхэнтэйгээ, сонсогч олонтойгоо уулзах хамгийн том шалтгааныг үүсгэхийн тулд хүлээлгэсэн юм болов уу гэж бэлгэшээж бодож сууж байна. Маш их баяртай байна аа. 
-Ойрын үед тоглолтоо хийх үү?
-МУСТА, дуучин Б.Алтанжаргал ахынхаа хамтаар аравдугаар сарын 19-нөөс эхлэн Багануур дүүргээс эхэлж 21 аймгийнхаа аялан тоглолтыг эхлэх гэж байгаа. Б.Алтанжаргал ахын маань ажил, хөдөлмөрийнхөө гараа дуучнаар биш уурхайчнаар Багануур дүүргээс эхэлж байсан учраас хүндэтгэл үзүүлж аялан тогтолтоо эхлүүлж байгаа. Удахгүй тогтолтын хуваарь гарна аа. 
-Та багадаа ямар хүүхэд байв. Дуу хууранд их дуртай хүүхэд байв уу?
-Миний багадаа үзэж харсан, өссөн орчин маань л одоогийн намайг бүтээсэн. Надад хамгийн нөлөөлсөн хүн эмээ минь байсан. Говийн халуун нар, олон гольцоо худаг, газрын гүнээс ховоо татаж, цангаж ундаассан малыг усалж байхад төрдөг сэтгэгдэл зэрэг тэр хат одоогийн миний хөдөлмөрч байдлын эхлэл болсон. Тэр үеийг бодвол өнөөдрийн хийж байгаа зүйлс юу ч биш юм шиг санагдаж байна. Тэр хатуужил морио мэдэхгүй харьцаж байсан, шөнө дөлөөр ч нүүдэллэж байсан. (Говьд өдөр наран халаад явдаггүй учраас шөнө нүүдлээ хийдэг.) Манайх дан охидтой айл учраас айж, ичихийг умартаж нүүдэлчин соёлд амьдрах гэж тэмцэж байсан тэр л намайг өдий зэрэгтэй сэтгэлийн хаттай, бие хаа сайтай явуулж байгаа хамгийн гол утга учир байх. Миний бага охин өнөөдөр долоон сар хүрж байна. Намайг уран бүтээл хийхэд түшиг тулгуур болж, үргэлж сэтгэлийг маань амар амгалан байлгадаг учраас сэтгэл хангалуун ажлаа хийдэг юм шүү гэж хүүхдүүддээ хэлмээр байна.
-Гэр бүлд нь дууч хуурч хүн байдаг уу?
-Байлгүй яах вэ. Миний ээжийн ээж сайхан дуулдаг хүн бий. Аав, ээж минь ч сайхан дуулна. Ер нь л манайх их найрч айл байсан. Тэндээс л дуулах гэж ийм юм байна гэдгийг мэдэж, нэг нэгнээсээ сурч явдаг байсан даа. 
 -Гэр бүлийнх нь талаар ярилцаж болох уу? Урлаг эмэгтэй хүнд хатуу гэдэг. Таны хувьд хань нь их дэмждэг байх? 
-Манай нөхөр хуурч, харваач хүн. Хоёр урлагийн хүн хэцүү гээд намайг уран бүтээлч болгохын тулд бизнесийн салбарт ажилладаг залуу бий. Уран бүтээлч хүн чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Боогдмол, баригдмал ямар нэгэн зүйлээс хараат сэтгэвэл өргөн дэлгэр байж чадахгүй. Тиймээс намайг ингэж чөлөөтэй ажиллах боломжийг олгодог гэр бүлийнхээ хүнд маш их баярлалаа.
 -Сүүлийн жилүүдэд хүмүүс тэр дундаа залуучууд ардын урлагаа их сонсдог болсон юм шиг санагддаг. Үүнд таны болон залуу уран бүтээлчдийн хөдөлмөр их үүрэг гүйцэтгэсэн байх? 
-Уран бүтээлийн сонсогч нар маань залуу сонсогч болон яг ардын дуу, хуураа мэддэг сонсогч гэсэн хоёр төрөлд хуваагдаад байгаа. Хамгийн сүүлд гаргасан “Цэнхэрлэн харагдах уул” гэдэг дууг би залуу сонсогч нартаа зориулж гаргасан. Арван жилийн хүүхдүүд болон дөнгөж 20 гарч яваа хүүхдүүдийн сонсох дуртай хөгжмийн аятай ардын дууг хүргэж байна. Үүнийг ардын дууг мэддэг сонсогч нар маань ойлгож хүлээн аваасай гэж хүсэж байна.
-Цаашдын уран бүтээлийн зорилго юу байгаа вэ? 
-21 аймгийн аялан тоглолтоо хийнэ. Б.Алтанжаргал ахтайгаа хамтарсан уран бүтээлийн үндэсний баяр хийх байх. Хамтарсан цомгоо 21 аймгийн аялан тоглолтоос өмнө үзэгч, сонсогчдодоо хүргэнэ. Хоёр шинэ клип гарах гээд хүлээгдэж байгаа. Аялан тоглолтоороо хөдөө орон нутгийн уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллаж, тоглолтоо хийнэ.
-Таныг дээлэнд их хайртай бүр өөрөө урлаж өмсдөг цуглуулгатай гэж харсан. Өдөр тутамдаа ч өмсдөг үү?
-Тийм, Надад маш олон дээл бий. Батцэцэглэнгийн арга хэмжээ, тоглолтыг үзэхээр ирэхдээ дээлтэй очдог шүү гэж хүмүүс боддог болоосой гэж хүсэж байна. Дээлийг ганц удаа өмсөөд хадгалахын тулд биш өмсөх гэж авдаг. Дээлээ өмсөж очих газруудынх нь нэг миний арга хэмжээ байгаасай. Монгол дээлээрээ гангараач гэж уриалдаг уриалагч нь байхыг хичээдэг.
-Саяхан та өөрийн цахим хаягтаа нутгийн маань үйл ажиллагаанд оролцуулдаггүй гэх утгатай зүйл нийтэлсэн байсан. Үүнээсээ болж пянзны баяраа хойшлууллаа гэж байсан. Юу болсон талаар ярьж болох уу?
-Тухайн арга хэмжээнд оролцохын тулд пянзныхаа нээлтийн арга хэмжээг 7 хоногоор хойшлуулсан. Би цахим хуудсаараа дамжуулан ямар нэгэн гомдол нэхэж, хэн нэгнийг үгүйсгэж байгаагүй. Намайг яагаад ирэхгүй байгаа юм гэж нутгийнхан их асуусан. Нутгийнхандаа очдоггүй юм шиг харагдаад байсан болохоор үнэнийг л хэлье гэж бодсон. Цаг хугацаа бүх зүйлийг харуулдаг сайхан зүйл. Үүний тухай олон яриад баймааргүй санагдсан учраас залруулга пост хийсэн. Уран бүтээлээрээ л сонсогчдодоо харагдаад байж байя гэж бодсон. Амьдралд янз янзын зүйл тохиолддог ч сайн сайхан байж намайг хараад хүн баярлаж байгаасай гэж уран бүтээлээ туурвидаг. Цаашид ч энэ хэвээрээ байна гэж бодож байна.
Б.ОРГИЛМАА
Б.ЭНХЗАЯА

Сэтгэгдэл бичих
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26