Dark Light
Нийтлэл | 2026-09-07

ТАЛ НУТАГ БЭХЛЭЛТ БИШ: МОНГОЛ УЛС ИРАНЫ "МОЗАИК ХАМГААЛАЛТ"-ААС ЮУ СУРАХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
АНУ-ын Тэнгисийн цэргийн төгсөлтийн сургуулийн ахлах багш, судлаач Сиамак Нафиси (Siamak Naficy) Иран болон барууны орнуудын сөргөлдөөнөөс Монгол Улс стратегийн хувьд ямар сургамж авч болох, хэт төвлөрсөн системээ хэрхэн өөрчилж, хямралыг тэсвэрлэх чадвартай болох талаар "Small Wars Journal"-д бичжээ
 
Шөнийн 03:17 цаг. Улаанбаатар хотын гэрэл унтарлаа. Хаа сайгүй биш, нэг дор ч биш. Гэхдээ л хангалттай том хэмжээнд. Нэгэн дэд станц ажиллагаагүй болов. Дараа нь дахин нэг. Харилцаа холбоо тасалдаж, эхлээд чанар нь муудсанаа, удалгүй бүрмөсөн чимээгүй болов. 03:24 цаг гэхэд өндөр албан тушаалтнууд хоорондоо холбоо барьж чадахаа байлаа. 03:31 цаг гэхэд кибер халдлага, пуужингийн цохилт уу, эсвэл зүгээр л осол уу гэдэг нь үл мэдэгдэх, зөрүүтэй мэдээллүүд тарж эхлэв. Хэн ч юунд ч итгэлтэй биш, хэн ч нөхцөл байдлыг хяналтандаа авч чадсангүй.
Тэгтэл жинхэнэ асуудал эхлэв. Энэ нь халдлага өөрөө биш, харин түүний дараа үүссэн нам гүм байдал, хүлээлт байлаа. Хаа нэгтээ хэн нэгэн дэг журмыг сэргээж, удирдамж зааварчилгаа өгөх байх гэсэн сохор найдлага.
Гэвч ямар ч заавар ирсэнгүй.
 
Орчин үеийн дайны хамгийн аюултай агшин бол эхний цохилт биш юм. Харин түүний дараа нөмрөх чимээгүй байдал — төвлөрсөн удирдлага харанхуйлж, холбоо тасарч, хэзээ ч ирэхгүй тушаалыг хүн бүр хүлээж суугаа тэр л мөч юм. Энэ бол ихэнх улс орнуудын хамгийн бага бэлтгэгдсэн байдаг эмзэг цэг билээ.
 
Жижиг улс орнуудын батлан хамгаалах төлөвлөлтөд нэгэн тогтвортой төөрөгдөл оршсоор байдаг: тэр нь амьд үлдэх нууц нь ердөө "нягтрал, нэгдэл" дотор байдаг гэх үзэл юм. Тушаал шийдвэрийг чангатгаж, эрх мэдлийг төвлөрүүлж, нийслэл хотоо бэхжүүлж, төв цэгээ хамгаалах нь амар амгалан мэт санагдавч энэ нь туйлын буруу стратеги юм. Өнөөгийн Иран болон АНУ/Израилийн сөргөлдөөний дүр төрхөөс харахад орчин үеийн дайн нь дарамт шахалтын дор хэт төвлөрсөн бүтэцтэй байхыг хатуу шийтгэдэг болохыг бэлхнээ харуулж байна. Өндөр нарийвчлалтай цохилтууд, кибер тасалдал, тагнуулын нэвтрэлт зэрэг нь системийн "төв"-ийг олж тогтоон, түүнийг маш хурдан хугацаанд ажиллагаагүй болгоход чиглэгддэг. Төвөөсөө шууд хамааралтай улс орон бол маш амархан саажиж болох улс юм.
 
Энэ асуудалд Ираны өгөх хариулт нь гоёмсог чамирхал эсвэл өндөр үр ашигтай байдал биш юм. Тэр байтугай уламжлалт утгаараа үр дүнтэй байдал ч биш. Тэдний гол зарчим бол "Амьд үлдэх чадвар" (Survivability) бөгөөд үүнийг хийсвэр ойлголт биш, харин бүтцийн загварчлал болгон хөгжүүлжээ. Чухал ач холбогдолтой хүчин чадлуудыг газар зүйн байршил болон институтуудын хувьд зориудаар тараан байршуулсан байдаг. Тушаал өгөх эрх мэдлийг давхарлаж, логистикийн сүлжээг орон нутгийн түвшинд хуваарилжээ. Энэхүү систем нь ганц удаагийн эсвэл дараалсан хэд хэдэн цохилт системийн үйл ажиллагааг зогсоож чадахгүй байхаар бүтээгдсэн. Яг үүний улмаас л Монгол Улс үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм.
Энд Ираныг дурдаж байгаа нь геополитикийн холбоотон гэдэг утгаараа биш, харин бүтцийн дизайныг нь чухалчилсных юм. Иран улс технологийн хувьд давуу талтай дайснуудтайгаа тэмцэхэд хэдэн арван жилийг зориулан бэлтгэсэн.
 
Монгол Улс Орос, Хятад гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд оршдог өөр стратегийн орчинтой боловч тулгарч буй суурь асуудал нь ижилхэн: эмзэг төв цэгт найдалгүйгээр илүү хүчирхэг тоглогчдын шахалт дарамтыг хэрхэн тэсвэрлэж гарах вэ?
 
Шинжээчдийн Ираны “Мозаик хамгаалалт” (Mosaic Defense) гэж нэрлээд байгаа зүйлийг үндсэндээ "бэхлэлт цайз"-ын загвараас бүрмөсөн татгалзсан хэрэг гэж ойлговол зохино. Практикт энэ нь орон нутгийн түвшинд зохион байгуулагдсан хагас бие даасан цэргийн болон хагас цэргийн ангиудын (ялангуяа Исламын хувьсгалт гвардийн корпус болон Басиж сайн дурынхан) нэгдэл юм. Эдгээр ангиуд нь төв удирдлагаас таслагдсан тохиолдолд орон нутгийн нөөц бололцоо, газар орны мэдлэг, урьдчилан тодорхойлсон үйл ажиллагааны зорилгод тулгуурлан бие даан ажиллах чадвартай байдаг. Үүний үр дүн нь өндөр үр ашиг биш, харин тогтвортой оршин тогтнох чадвар юм. Иран улс тодорхой байдлыг илүүц нөөцөөр, хяналтыг тэсвэрлэх чадвараар сольж чадсан юм. Эрх мэдэл, хүчин чадлыг нэг дор төвлөрүүлэхийн оронд газар зүй, институт болон үйл ажиллагааны хувьд тараан байршуулжээ.
 
Суурь үндэслэл нь маш хатуу: ширүүн мөргөлдөөний үед төв удирдлага эхний шатанд л суларч, устгагдах болно. Харилцаа холбоо тасалдана. Дээд удирдлага эхний шатыг давж гарч чадахгүй байж болно. Тиймээс систем энэ бодит байдлыг урьдчилан тооцож ажиллах ёстой. Эрх мэдлийг доод шат руу шилжүүлдэг. Орон нутгийн командлагчид дээрээс ирэх зааврыг хүлээлгүйгээр, урьдчилсан зорилгын дагуу ажиллах үүрэг хүлээдэг. Логистик нь тархмал байдаг. Ангиуд тусгаарлагдсан, таслагдсан үед ч үргэлжлүүлэн ажиллахаар зохион байгуулагдсан байдаг.
 
Энэ бол зүгээр нэг менежментийн философи биш, харин дайны талбарт амьд үлдэх зайлшгүй шаардлага юм. Монгол Улсын хувьд энэ бол маш таагүй үнэн билээ. Монголын төр засаг зөвхөн улс төрийн хувьд биш, үйл ажиллагааны хувьд ч маш өндөр төвлөрөлтэй хэвээр байна. Чухал дэд бүтэц, шийдвэр гаргах эрх мэдэл, хямралын үеийн хариу арга хэмжээ авах хүчин чадал бүгд Улаанбаатар хотод болон түүний эргэн тойронд төвлөрч байна. Эрчим хүчний хуваарилалт, холбооны сүлжээ, удирдлагын бүтэц бүгд нийслэл хотын тасралтгүй үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Энх тайвны цагт энэ нь үр ашигтай боловч хямралын үед маш том сул тал болно. Төв цэггүйгээр ажиллаж чадахгүй Монгол Улс бол маш амархан стратегийн саажилтад орох аюултай юм.
 
Ираны хандлагын хамгийн радикал элемент нь зөвхөн хүчээ тараан байршуулах биш, харин "Урьдчилсан эрх олголт" (Pre-authorization) юм. Ангиудад зөвхөн бие даасан байдал олгоод зогсохгүй, бодит цагийн удирдамжгүйгээр ажиллахыг тэднээс шаарддаг. Тушаал шийдвэрийг урьдчилан тодорхойлж, шийдвэр гаргах эрхийг доод шатанд шилжүүлснээр орон нутгийн командлагчид зөвшөөрөл хүлээлгүйгээр хөдөлж чаддаг. Тушаал хүлээж суух нь өөрөө бүтэлгүйтлийн нэг хэлбэр гэж уг систем үздэг. Гэвч энэ стратеги нь хяналтыг үр ашигтай байдалтай адилтгадаг орчин үеийн хүнд сурталтай орнуудын зөн совинтой зөрчилддөг. Хямралт нөхцөлд төвлөрсөн удирдлага нь зөвхөн хэцүү биш, харин ч илүү аюултай байдлыг дагуулдаг билээ.
 
Монгол Улсын батлан хамгаалах болон засаглалын бүтэц одоогоор энэхүү бодит байдалд зориулагдаж хийгдээгүй. Шийдвэр гаргах эрх мэдэл дээрээ тыг барьсаар байна. Хямралын үеийн төлөвлөгөөнүүд нь холбоо харилцаа болон удирдлагын тасралтгүй байдлыг сохороор таамагладаг. Ираны загвар бол өөр өнцгөөс эхэлдэг: Хэрэв тасалдал, саатал нь онцгой тохиолдол биш, харин ердийн суурь нөхцөл байдал болбол яах вэ? Систем бүхэлдээ задарсан үед хэрхэн ажиллах вэ?
 
Монгол Улсын хувьд энэ нь зөвхөн цэргийн номлолын өөрчлөлт биш, харин сэтгэлгээний соёлын хувьд том шилжилт шаардана — дуулгавартай байдлаас идэвх санаачилга руу, шатлан захирахаас зорилго чиглэл рүү, хяналтаас уян хатан чанар руу шилжих хэрэгтэй болно.
 
Иран улс дотоод уян хатан чанараа "Хэвтээ шатлалын хурцатгал" (Horizontal Escalation) буюу дайны талбарыг өөр газар нутаг, салбарт тэлэх замаар дайсандаа хохирол учруулах гадаад стратегиар нөхдөг. Монгол Улс энэ загварыг шууд хуулбарлах боломжгүй; бидэнд прокси (гар хөл) сүлжээ, бүс нутгийн нөлөөлөл байхгүй. Гэвч үүний цаадах суурь логик хэвээр үйлчилнэ. Тэгш хэмтэйгээр ялж чадахгүй улс мөргөлдөөний бүтцийг өөрчлөх ёстой. Локалчлагдсан сөргөлдөөнийг илүү өргөн хүрээний стратегийн асуудал болгон хувиргах шаардлагатай. Монгол Улсын хувьд энэ нь өөрт байгаа хөзрөө ашиглах явдал юм: хоёр их гүрний дундах газар зүйн байршил, стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмалын нөөц, болон сайн хөгжсөн “Гуравдагч хөрш”-ийн дипломат харилцаа үүнд хамаарна.
 
Практикт энэ нь олон улсын байгууллагуудыг яаралтай татан оролцуулах, олон талт хэлэлцээрүүдийг идэвхжүүлэх, эдийн засаг болон дипломат талуудыг дайчлах замаар дурын дайсны халдлагын өртгийг асар өндөр болгох явдал юм. Зорилго нь згээр нэг хурцадмал байдлыг нэмэх биш, харин хохирлын тооцоог өөрчлөхөд оршино. Асуулт нь Монгол яаж илүү хүчирхэг дайсныг ялах вэ гэдэгт биш, харин Монголтой холбоотой мөргөлдөөнийг зөвхөн дотооддоо тогтоон барих боломжгүй гэдгийг хэрхэн батлах вэ гэдэгт байна. Өөрөөр хэлбэл, Монголыг хамарсан мөргөлдөөн хяналтад орохоосоо өмнө олон улсын шинж чанартай болох ёстой.
Гэвч энд нэг аюултай тал бий бус уу — түүх бидэнд үүнийг анхааруулж байна.
 
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы "Валкири ажиллагаа" (Operation Valkyrie) нь анхнаасаа төрийн эргэлт хийх төлөвлөгөө байгаагүй, харин холбоотнуудын бөмбөгдөлт эсвэл албадан хөдөлмөр эрхлэгчдийн бослогын үед дэг журмыг сэргээх зорилготой онцгой байдлын төлөвлөгөө байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хямралын үед төрийн хяналтыг хадгалах зориулалттай систем байв. Үүний сул тал нь яг өөрийнх нь давуу тал дотор оршиж байлаа. Эрх мэдлийг урьдчилан шилжүүлж, тушаалуудыг урьдчилан бичиж, тушаалын хэлхээг бэлэн болгосон байсан нь уг системийг маш үр ашигтай болгосон ч, нөгөө талаар урвуулан ашиглах боломжийг олгосон юм.
 
Клаус фон Штауффенбергийн удирдсан дотоод бүлэг 1944 оны 7 дугаар сарын 20-нд Адольф Хитлерийг хөнөөх оролдлого бүтэлгүйтсэний дараа энэхүү бэлэн системийг өөрсдийн талд ашиглахаар оролдсон байдаг. Төлөвлөгөө эцэстээ нурсан ч сургамж нь тодорхой үлдсэн: Төвлөрсөн хяналтгүйгээр ажиллахаар зохион байгуулагдсан ямар ч бүтэц нь төв удирдлагагүйгээр манипуляцид (хууран мэхлэлтэд) өртөх магадлалтай байдаг. Иран улс энэхүү эрсдэлийг үзэл суртал, зэрэгцээ институтууд болон дотоод хяналтын тусламжтайгаар зөөлрүүлдэг. Монгол Улс эдгээр механизмыг хуулбарлахгүй, хуулбарлах ч ёсгүй. Гэвч үүний цаадах суурь асуудлыг үл тоомсорлож болохгүй.
 
Энэ нь төвлөрлийг сааруулахын эсрэг аргумент биш юм. Харин үүнийг хэрхэн зөв зохион байгуулах тухай асуудал билээ. Төвлөрсөн бус систем ч гэсэн хоорондоо уялдаа холбоотой систем байх ёстой. Монгол Улсын хувьд уян хатан байдлын загварт дараах зүйлсийг тусгах шаардлагатай:
  • Хүнд нөхцөлд тушаалуудын үнэн зөв байдлыг баталгаажуулах найдвартай систем
  • Шилжүүлсэн эрх мэдлийн тодорхой хил хязгаар
  • Бие биенээ давхар шалгах удирдлагын хэлхээ холбоо
  • Үзэл суртлыг орлох хэмжээний институтийн итгэлцэл болон мэргэжлийн хэм хэмжээ
Өөрөөр хэлбэл, систем нь зөвхөн "толгойгүй" болоод зогсохгүй, "хуурамч дүр эсгэгч"-дээс өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Монгол Улсын Иранаас авч болох гол сургамж нь тактикийнх биш, харин философийнх юм. Ихэнх улс орнууд бүх зүйл зүгээр байх үед ажиллахаар системээ зохион бүтээдэг. Тэр ч байтугай онцгой байдлын төлөвлөгөө нь системийн ерөнхий бүтэц бүрэн бүтэн байна гэж таамагладаг. Харин Иран улс системийг бүхэлдээ нуран унах, дараалсан бүтэлгүйтэл бий болох нөхцөлд зориулж системээ бүтээдэг. Энэ нь тэднийг ялагдашгүй болгодоггүй ч, маш хурдан хугацаанд сүйрэхээс хамгаалдаг. Монгол Улсын зорилго бол Ираныг шууд хуулбарлах явдал биш юм. Улс төр, соёл, геополитикийн нөхцөл байдал дэндүү өөр билээ. Гэвч бүтцийн суурь зарчмуудыг хөрвүүлэн ашиглах бүрэн боломжтой:
  • Системийг зориудаар хэсэгчилж, ганц цэгээс хамааралтай сул талуудаас зайлсхийх
  • Тасалдал үүссэн үед үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд урьдчилсан эрх олгох
  • Мөргөлдөөнийг шууд тулааны талбараас халиулан тэлэх стратегийг боловсруулах
  • Бие даасан байдал болон дотоод урвуулан ашиглалтын эсрэг хамгаалалтыг тэнцвэржүүлэх
Хамгийн гол нь, зөвхөн "төв"-өө хамгаалснаар улс орноо хамгаалж чадна гэсэн сохор төөрөгдлөөсөө ангижрах хэрэгтэй.
Тал нутаг бол хэзээ ч бэхлэлт цайз байгаагүй. Түүний хүч чадал нь үргэлж тархац, хөдөлгөөнт байдал, тэсвэр хатуужил дунд оршсоор ирсэн билээ. Одоогийн гол асуулт бол Монгол Улсын орчин үеийн институтууд энэхүү уламжлалт логикийг зориудаар ухаарч бэлтгэх үү, эсвэл дайны гал дунд үүнийг хүчээр эргэн санахад хүрэх үү гэдэгт л байна.

 

Сэтгэгдэл бичих
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19