Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн эмч нар 2010 оноос хойш 391 элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Хэдхэн жилийн өмнө эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал гэдэг гадаад улсыг зорихоос нааш шийдэгдэхгүй асуудал байсан бол өдгөө Монгол эмч нар 391 хүнд амьдрал бэлэглэж, 391 айлыг хагацал үзэхээс аварчээ. Монгол эмч нарын энэ амжилтыг үнэлж Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос хүндэт өргөмжлөл гардуулсан байна. Манай улс шиг хөгжингүй оронд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахад ямар сорилтуудтай тулгарч байгаа тухай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн ахлагч , Монгол улсын Гавьяат эмч Оргойн Сэргэлэнтэй ярилцлаа.
УУЛЗСАН ХҮН БҮР ХЭЗЭЭ Ч БҮТЭШГҮЙ ЗҮЙЛ МЭТ ХҮЛЭЭН АВДАГ БАЙСАН 2007 ОН
2007 оноос эхлэн Монгол улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулах талаар судалж эхэлсэн. Яг үнэндээ тэр үед сонссон хүн болгон дэмждэггүй байсан. Бүтэшгүй зүйл мэт л хүлээн авдаг байлаа. Харин АШУҮИС-ийн захирал академич Ц.Лхагвасүрэн багш маань биднийг ганц дэмжиж ойлгосон хүн юм. Ц.Лхагвасүрэн захирал маань бидэнд туршилтын мэс заслын өрөөг тохижуулж өгсөн.
Тэр үеийн манай эрдэм шинжилгээ эрхэлсэн Ж. Нарантуяа захирал маань Шинжлэх ухааны академи руу холбогдож Шинжлэх ухаан технологийн сангаас 4 сая төгрөг авч өгч байсан. Ингээд л 4 сая төгрөгөөрөө туршилт хийх гахай худалдаж аваад элэг шилжүүлэн суулгах мэс заслаа эхлүүлж байлаа. 26 гахай дээр элэг шилжүүлэн суулгаж туршсан. 2006-2009 он хүртэл гахай дээр элэг шилжүүлэн суулгаж туршихаас хэтрэхгүй, хэн ч ойлгож дэмжихгүй ч судалсаар, явсаар л байсан. Харин 2010 онд Олон улсын мэс заслын хурал БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан юм. Тэр хурлын үеэр БНСУ-ын Аса анагаах төвийн САН ГҮ ЛИ профессортой танилцах аз тохиосон юм. САН ГҮ ЛИ багш маань сайхан сэтгэл гаргаж эхний 2 жил манай багийг сургах мөнгийг хувиасаа санхүүжүүлсэн. Эхний хоёр жил хувиасаа санхүүжүүлж байснаа төгсгөлд нь Аса анахгаах ухааны төвтэй манай багийг холбож өгсөн. Аса анахагах ухааны төв жил бүр манай багаас 20-25 хүн сургадаг. Бид зөвхөн ирэх очих зардалаа л өөрсдөө гаргадаг. Бусад бүх зардалыг Аса анагаах ухааны төвөөс гаргадаг. Бид дэлхийн номер нэг Аса анагаах ухааны төвөөс удирдамж заавар авч өнөөдрийг хүртэл тэр удирдамжийн дагуу явж байлаа. Гэхдээ монгол хүмүүсийн ялгаатай байдалд тохируулан өөрсдийн гэсэн удирдамж боловсруулах шаардлага үүссэн. Тийм ч учраас хоёр жилийн өмнөөс зөвхөн монгол хүний бие, ялгаатай байдалд тохируулсан өөрсдийн удирдамжийг боловсруулсан. Ийнхүү өнөөдөр яг 391 дэх мэс заслаа хийж байна.
ЕВРОПЫН АНАГААХ УХААНЫ ХОЛБООНООС УРИЛГА АВАВ
Ийм олон хүний амь насыг авраад энэ олон хүний гэр бүлд хагацал үзүүлэхгүй байна гэдэг бид нарын эмч болж тангараг өргөсний гол чухал үзүүлэлт юм. Өвчтөнүүд маань эдгэрээд хөл дээрээ босоод эрүүл болоод хөдөлмөр эрхлээд явж байгааг харах нь манай багийн хамгийн том тэжээл. Мөн хоёрдох том зүйл нь бидний эмчилсэн 391 хүн гадагшаа явж эмчлүүлсэн бол монголоос хэдэн төгрөг гадагшаа урсаж гарах уу? Тэр хүмүүсийн хэд нь гадагшаа явах чадалтай вэ? гээд бодохоор улсын эдийн засагт ч бас хөрөнгө оруулалт болж байгаа юм. Бас дөнгөж сая нэг мэйл аваад бүр гайхаад сууж байна. Европын анагаах ухааны холбооноос Алекс кларк гэдэг хүн холбогдсон байна. Монгол улсыг буурай болон хөгжингүй улс орнууд дотроосоо элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үр дүнтэй хөгжүүлсэн байна. Хамтраад мэс засал , түүний үр дүнтэй холбоотой судалгаа хийе гэдэг санал ирүүлсэн байна.
ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОРЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Манай улсад энэ онд Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос ирүүлсэн том зөвлөмж бол танай улс тархины үхэлтэй донорынхоо тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн. Яалт ч үгүй бид тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэхийг илүү хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Уг нь бол 2017-2019 он хүртэл тархины үхэлтэй донорын олдоц нэмэгдээд , овоо жигдрээд явж байсан юм. Харамсалтай нь монгол улс даяар их муухай сөрөг мэдээлэл тарааж буруу ойлголт төрүүлчихсэн. Шулуухан хэлэхэд үүнд нэр бүхий сэтгүүлчид буруутай. Үүнээс болоод 4.5 жил болж байхад хоёрхон тархины үхэлтэй донор гарсан. Энэ асуудал дээр засаг төр нь ч эрүүл мэндийн яам нь ч яг энэ асуудлыг хариуцаж байгаа алба нь ч илүү их анхаарал хандуулж хөгжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийнхан өөрсдөө донор хайгаад хөөцөлдөөд явна гэж байхгүй. Ёс зүйд нийцэхгүй асуудал болох юм.
МОНГОЛ УЛС ЭЛЭГНИЙ ЭМГЭГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛСЭЭР Л ...
Ерөнхийдөө манай улс элэгний эмгэгээрээ тэргүүлж л яваа. Ялангуяа элэгний хавдараар. Гэхдээ анх бид бүхний эхэлж байсан 2007 оныг бодоход тодорхой хэмжээнд элэгний өвчлөл буурсан. Гэхдээ л өндөр хэвээрээ байна.
Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоо гээд олон улс орныг хамруулдаг холбоо бий. Энэ холбооны хурал хоёр жилд нэг удаа болдог. Энэ жилийн хурал нь Австрали улсын Сидней хотод болсон юм. Нийт 127 улсын 5000 гаруй хүн оролцсон томоохон хурал болсон. Энэ холбооноос бид бүгдийн ажлыг үнэлээд хэдийгээр 3,6 хан сая хүн амтай ,жижиг, эдийн засгийн хувьд хязгаарлагдмал улс ч гэлээ элэг шилжүүлэн суулгах энэ өндөр технологийг улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг дэлхийн жишигт хүргэж чаджээ гэдэг үнэлгээ өгсөн.
Г.ГАНЦЭЦЭГ





