Евразийн тал нутгийн нүүдэлчин ард түмнүүд хөрш зэргэлдээх эзэнт гүрнүүддээ харилцан адилгүй ул мөр үлдээжээ. Оросын автократ (хэмжээлшгүй эрхт) уламжлал нь Монголчуудаас илүүтэйгээр Византи болон Ортодокс (Үнэн алдартны) Христийн шашинтай холбоотой юм хэмээн Александр Моррисон дэлхийн тэргүүлэх сэтгэгчдийн шилдэг бүтээлүүдийг багтаасан талбар болох түүх, соёлын талаарх эргэцүүлэл, тайлбаруудыг толилуулдаг Engelsberg Ideas цахим сэтгүүлд бичжээ.
Евразийн тал нутгийн нүүдэлчин ард түмнүүд хөрш зэргэлдээх эзэнт гүрнүүддээ харилцан адилгүй ул мөр үлдээжээ. Оросын автократ (хэмжээлшгүй эрхт) уламжлал нь Монголчуудаас илүүтэйгээр Византи болон Ортодокс (Үнэн алдартны) Христийн шашинтай холбоотой юм.

Михаил Иванович Авиловын "Куликовын тулалдаан дахь Пересвет, Челубей нарын халз тулаан" (1943). Эх сурвалж: Album
Майкл Ходарковскийн “Тал нутаг ба түүний эзэнт гүрнүүд: Оросын эзэнт гүрэн ба түүний Евразийн түншүүд (The Steppe and Its Empires: The Russian Empire and Its Eurasian Counterparts)” хэмээх Йелийн их сургуулийн хэвлэлийн газарт хэвлэгдсэн номын тухайд …

Зуу гаруй жилийн өмнө, Орос-Японы дайны өмнөхөн газар зүйч Халфорд Маккиндер "Европын соёл иргэншил бол бодит утгаараа Азийн түрэмгийллийн эсрэг олон зууны турш хийсэн тэмцлийн үр дүн юм" гэж мэдэгдэж байв. Маккиндерийн үзэж байгаагаар эдгээр түрэмгийллүүд нь Монголоос Унгар хүртэл үргэлжлэх тал хээрийн агуу бүсээс эх авч, баруун зүг рүү шуурган дайралт хийсэн Тураны нүүдэлчин ард түмнүүд болох Хүннү, Авар, Болгар, Мажар, Хазар, Печенег, Куман (Кипчак), Монгол, Халимагуудын дараалсан давлагаа хэлбэрээр иржээ. Өнөөдөр, нэг зуу гаруй жилийн турш өрнөсөн, голцуу зүй ёсны шүүмжлэлийн дараа Маккиндерийн 1904 оны "Түүхийн газар зүйн тэнхлэг" өгүүлэлдээ дэвшүүлсэн "төв нутгийн онол" (heartland thesis)-оос бараг юу ч бүрэн бүтэн үлдсэнгүй. Түүний Сибирь болон Дотоод Азийн гүнд оршдог гэж тодорхойлсон газар нутгийн төв хэсэг нь өнөөдрийг хүртэл хүн ам сийрэг, улс төрийн хувьд ач холбогдол багатай хэвээр байгаа хэдий ч "төв нутаг"-ийг баруун тийш, Украин руу шилжүүлсэн түүний онолын 1919 оны шинэчлэгдсэн хувилбар нь магадгүй одоо хүртэл тодорхой хэмжээнд амьдрах чадвартай байж болох юм.
Маккиндерийн "Европын соёл иргэншил" (түүний хувьд баруун Европынх) нүүдэлчин ард түмнүүдтэй хийсэн удаа дараагийн мөргөлдөөн дунд хэлбэржсэн гэх үндэслэл нь илт хэтрүүлэгтэй байсан бөгөөд Монголын байлдан дагуулалт хүртэл Европын зөвхөн зах хязгаарт л хүрсэн юм. Гэсэн хэдий ч тэрээр дэлхийн түүхэнд үнэхээр чухал ач холбогдолтой байсан нэгэн үзэгдлийг зөв тодорхойлсон бөгөөд үүнийг түүхчид өдгөө "тал нутгийн хаалт" (closing of the steppe) гэж нэрлэх болно. Тэнгэр тэтгэгч (Цяньлун) хааны цэргүүд Зүүнгарын холбоог ялж, устгасан 1750-иад оноос эхлээд Оросын эзэнт гүрэн Төв Азийн баруун хагасыг байлдан дагуулж дуусгасан 1890-ээд оны хооронд Еврази дахь нүүдэлчдийн цэргийн хүч бүрмөсөн унтарчээ. Үүний үр дагавар нь маш асар их байсан бөгөөд энэ нь Европын хувьд биш, харин тал нутгийн шууд хөрш болох Евразийн хуурай газрын гүрнүүдийн хувьд байлаа. Эдгээр гүрнүүд Европын улсуудаас ялгаатай нь, тал нутгаас ирэх түрэмгийллийг эсэргүүцэхийг эрмэлзэхийн зэрэгцээ өөрсдийн хаант улсын болон элит соёл, төрийн удирдах урлаг, засаглалын үзэл суртлын томоохон элементүүдийг нүүдэлчдийн уламжлалаас авсан гэж үнэхээр хэлж болохоор байв.
Энэхүү симбиоз (харилцан хамаарал) нь Майкл Ходарковскийн сүүлийн номын төв сэдэв бөгөөд энэ нь Монголын дараах үеэс 19-р зууны эхэн үе хүртэлх Москови/Орос, Осман, Сефевидийн Иран, Их Могол Энэтхэг, Мин болон Чин гүрний Хятадыг харьцуулсан өдөөлт өгөхүйц судалгаа юм. Энэ бол ердөө 180 хуудастай бүтээлийн хувьд маш амбицтай ажил боловч Ходарковский бүхнийг хамарсан гэж зүтгээгүй бөгөөд үүний оронд түүний ном нь мэргэжилтнүүдийн дунд мэтгэлцээн өрнүүлэх, оюутнуудад хүртээмжтэй удиртгал болох зорилготой юм. Эдгээр нөхцөлөөр харвал, энэ нь үндсэндээ амжилттай болжээ.
Ходарковский сэдэвчилсэн долоон бүлгийн туршид эдгээр Евразийн улс бүрийн үүсэл гарвал, тэдний бүх нийтийн монархи (дэлхийг засах хаант засаг) гэх засаглалын амбиц, эзэнт гүрний бодлого ба практик үйл ажиллагаа, угсаатны болон нийгмийн шатлал, боолчлол ба албадлага, хууль эрх зүй болон цэргийн бүтцийг харьцуулсан байна. Оросын жишээ хамгийн нарийвчлан хөгжүүлэгдсэн байгаад гайхах зүйл алга: Ходарковский бол Москови болон Оросын эзэнт гүрний эрт үеийн хилийн түүхийг судалдаг түүхчдийн дунд нэр хүндтэй нэгэн бөгөөд 17, 18-р зуунд Каспийн тал нутгийн Халимаг (Ойрад) нүүдэлчидтэй Московийн улс хэрхэн харилцаж байсан тухай, 1500-1800 оны Төв Азийн тал нутгийн хил хязгаар, мөн 19-р зууны эхэн үед Оросын эзэнт гүрэн Хойд Кавказыг байлдан дагуулсан тухай томоохон монографиудыг бичсэн юм.
Ходарковский Османыг нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн боловч Сефевид болон Их Моголын жишээг заримдаа нэлээд орхигдуулсан байдаг – боолчлолын тухай бүлэгт Их Моголын талаар ердөө хагас хуудас зориулсан байх жишээтэй. Мөн Хятадын чиглэлийн эрдэмтэд (Синологчид) Ходарковскийн Хятад ба түүний эзэнт гүрний уламжлалын талаарх зарим дүгнэлттэй санал нийлэхгүй байх гэж би бодож байна. Жишээлбэл, Монголын Юань гүрэн нь "Хятадыг захирсан Хан бус анхны гүрэн" биш байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна – Монголчуудын шахан гаргасан Хойд Жин (Алтан) улс нь хожмын Манж гүрнийг үүсгэсэн Зүрчид ард түмнээс гаралтай байсан. Гэсэн хэдий ч ийм өргөн хүрээтэй, нэгтгэсэн бүтээлд ийм төрлийн алдаа гарах нь бараг зайлшгүй бөгөөд Ходарковскийн ерөнхий аргументыг үндэслэлгүйгээр бууруулахгүй юм.
Тал нутаг болон суурин соёл иргэншлийн хооронд санаа, хүмүүс, бараа бүтээгдэхүүн хоёр чиглэлд хоёуланд нь урсдаг байсныг Ходарковский тэмдэглээд, хэрэв тийм бол тэнцвэр нь суурин соёл иргэншлийн талд давамгайлах хандлагатай байсныг дурджээ. Анатолий Хазановын харуулснаар нүүдэлчин нийгэмлэгүүд өөрсдөө хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж чаддаггүй зарим түүхий эд – үр тариа, металл эдлэл зэргээрээ суурин хөршүүдээсээ үргэлж хамааралтай байдаг. Нүүдэлчдийн эдийн засаг үргэлж амиа зогоох түвшинд эсвэл түүнд ойр ажилладаг тул илүү том хэмжээний нүүдэлчин улс эсвэл аймгуудын холбоог байгуулахад шаардагдах илүүдэл нөөцийг үргэлж – алба гувчуур эсвэл дээрэм тонуул хийх замаар – суурин ертөнцөөс татах шаардлагатай болдог байв. Энэхүү хамааралт харилцаа нь соёл, технологийн салбарт ч мөн адил хамаарна: Монголчууд бичиг үсгээ Уйгуруудаас, дарь болон бүслэлтийн зэвсгийг Хятадуудаас, халифатын системийг нь устгасан Исламын ертөнцөөс шашнаа зээлж авсан байна.
Орчин үеийн эхэн үеэс өмнө энэхүү тэнцвэрийг засаж байсан зүйл бол нүүдэлчний амьдралын хэв маягаас тал нутгийн дайчдад олгодог байсан төрөлхийн цэргийн давуу тал байв. Ан агнуур хийх, мал маллах, мал сүрэг эсвэл бусад олз омог олхоор дайтах зэрэг нь бүгд моринд гаргууд байх чадвар болон нийлмэл нумыг (монголчуудын сайн мэдэх эвэр нумыг хэлжээ. орч.) маш оновчтой харвах чадварыг нийтээр нь эзэмшсэн нийгмийг бүрдүүлдэг байв. Ураг төрлийн жижиг бүлгүүдэд хуваагдсан улс төрийн бутрал нь ихэвчлэн нүүдэлчдэд энэхүү давуу талаа бүрэн хэмжээний байлдан дагуулалт, ноёрхол болгон хувиргахад саад болдог байв (үүнийг даван туулж чадвал юу боломжтойг Монголчууд гайхалтай байдлаар харуулсан). Гэсэн хэдий ч тэдний цэрэг дайны ур чадварыг худалдааны таатай нөхцөл, алба гувчуур эсвэл олз омог авахад ашиглаж болдог байсан бөгөөд нүүдэлчдийн цэргийн ур чадварыг суурин удирдагчид ихэвчлэн худалдаж авдаг эсвэл өөртөө нэгтгэдэг байв. Дэвид Кристианы маргаж байгаагаар Евразид амжилттай улс байгуулах гол түлхүүр нь нүүдэлчдийн цэргийн ур чадварыг суурин газрын газар тариалан болон ашигт малтмалын нөөцтэй холбох (оросоор смычка буюу нэгдэл) явдал байв. Чин гүрэн бол үүний сайн жишээ бөгөөд Хан Хятадын асар их хүн ам, бүтээмжтэй газар тариаланг өөрсдийн цэрэг дайны чанар болон Монгол холбоотнуудынхаа чадвартай хослуулсан боловч тэдний засаглалын суудал нь суурин бүсэд байсан нь тодорхой юм.
Кипчакын хаант улс, эсвэл түүний хожмын нэрээр Алтан Орд улсын хувьд нүүдэлчид шууд утгаараа эмээл дээр сууж байв. Ижил мөрний доод урсгал дахь Каспийн тал нутагт орших Сарай дахь нийслэл/хүрээнээсээ (Астраханиас хойд тийш 100 км орчим) тэдний хаад 13-р зууны дундаас 14-р зууны сүүл үе хүртэл ойн бүсийн Русь (Орос)-ийн ванлигуудад алба гувчуурын хатуу хяналтыг барьж чадаж байсан бөгөөд зуун жилийн дараа буюу 1480 онд л Москвагийн ванлиг алба гувчуур төлөхөө бүрмөсөн зогсоож, "Татар"-ын дээд эрх мэдлийн сүүлчийн элементүүдээс албан ёсоор салжээ. 1571 он хүртэл Алтан Ордны гол залгамжлагч болох Крымын хаант улс Москвагийн захын дүүргүүдийг шатааж чадаж байсан бөгөөд бүр 17-р зууны сүүл үед ч Московийн морин цэргийн хороодин дийлэнх нь карабин эсвэл гар буу гэхээсээ илүү нум сумаар зэвсэглэсэн хэвээр байсан нь тал нутгийн нүүдэлчин дайснуудынхаа эсрэг тэмцэхэд шаардлагатай байсантай холбоотой.
Хэрэв суурин ертөнцөд нүүдэлчдийн цэргийн ур чадварын сэтгэл татам байдал, үр ашигтай байдал тодорхой байсан бол, тал нутгийн улс төр, засаг захиргааны нөлөө суурин газарт хэрхэн нөлөөлснийг харуулах нь илүү хэцүү байсан бөгөөд энэ нь Ходарковскийн энэхүү номондоо тавьсан гол зорилго юм. Энэ нь хэсэгчлэн нүүдэлчдийн тухай бидний бичмэл эх сурвалжуудын дийлэнх нь тэдний суурин хөршүүдээс гаралтай байдагтай холбоотой бөгөөд тэдгээр нь суурин соёл иргэншил ба тайван бус, хөдөлгөөнт зэрлэгүүдийн хоорондох үнэмлэхүй заагийг онцлохыг эрмэлздэг байна. Хамгийн тод жишээ нь үнэхээр Русь байж болох юм. Тэдний хоорондоо тэмцэлдсэн дундад зууны эхэн үеийн ванлигууд Алтан Ордод хоёр зууны турш алба төлсний дараа мэдэгдэхүйц илүү нэгдмэл улс болон гарч ирсэн юм. Тэднийг урьд өмнө нь ач холбогдолгүй байсан Москвагийн суурингаас удирдаж байсан бөгөөд Москва нь Хаанд үнэнч байдлаа харуулж, алба гувчуурыг шуурхай төлсний ачаар яваандаа ийм нөлөө бүхий байдалд хүрсэн байна.
Түүхчид гэхдээ "Татарын дарлал"-ын тухай домог болон Оросын автократ (хэмжээлшгүй эрхт) уламжлал нь Монгол гаралтай гэсэн ойлголтыг үндсэндээ орхисон байна. Чингисийн залгамжлагч улсуудад хааны эрх мэдэл нь язгууртны элитийн хамтын хүчээр хязгаарлагддаг байсан бөгөөд хэрэв ийм зүйл Московид хэзээ нэгэн цагт байсан бол Догшин Иваны засаглалын үед бояр (язгууртнууд)-ын хүчийг эвдсэнээр устгагдсан юм.
Москови нь Монголын соёл, төрийн удирдах урлагт үнэхээр хэр зэрэг өр төлөөстэй байсан бэ гэдэг нь Дональд Островски, Чарльз Халперин нарын хоорондох амьд бөгөөд гүнзгий мэтгэлцээний сэдэв байсаар ирсэн. Византи нь тал нутгийн уламжлалын эсрэг хүчтэй татах хүч болж байсан бөгөөд Ортодокс Христийн шашинтай Московийн Царь улсын хамгийн чухал үзэл суртлын үндэс суурь хэвээр байв. Тэгсэн хэдий ч зарим салбарт, ялангуяа татварын тал дээр Москови өөрийн хуучин Монгол эзддээ их зүйлийг өртэй байсан гэдэг дээр тодорхой хэмжээний зөвшилцөл байдаг: өнөөдрийг хүртэл Оросын санхүүгийн үгсийн сан Монгол эсвэл Түрэг үгсээр баялаг байдаг – казна (сан хөмрөг), ясак (алба гувчуур) болон хамгийн суурь нь болох деньги (мөнгө).
Нөгөө талаас Хятад болон Исламын ертөнцийн боловсронгуй хүнд суртал нь татварын тогтолцоо эсвэл засаг захиргааны бусад асуудлаар нүүдэлчин хөршүүдээсээ сурах зүйл багатай байв. Тэдний тал нутгаас авсан зүйл нь цэргийн уламжлал, тактик – Перс болон Урду хэл дээр Түрэг үгсийн сан нь бараг зөвхөн зэвсэг, дайн болон морьдтой холбоотой байдаг – мөн хамгийн гол нь дэлхийг засах хаант засгийн (universal monarchy) санаанууд байв. Төв Ази бол орон нутагтаа хэрэглэж болохоос хамаагүй илүү гүрний харизм (династик нөлөө) үйлдвэрлэсэн бүс нутаг байсан бөгөөд үүний хамгийн тод жишээ нь Чингис хаан, Төмөр хаан болон тэдний үр хойчис юм.
17-р зууны дунд үе гэхэд Осман гүрэн, Сефевидийн Иран, Их Могол Энэтхэг, Чин гүрний Хятад улсууд бүгд бодит эсвэл төсөөллийн хувьд Дотоод Ази болон Түрэгийн ертөнцөөс гаралтай угсаа залгамжлалаар удирдуулж байсан гэдгийг түүхчид өмнө нь тэмдэглэж, дүн шинжилгээ хийж байсан. Жозеф Флетчер Османы эзэнт гүрэн дэх ах дүүсээ хөнөөх замаар залгамжлагчийн маргааныг шийдвэрлэдэг Чингисийн нөлөөт уламжлалыг тодорхойлохын тулд "цуст танистри" (bloody tanistry) гэсэн нэр томъёог гаргаж ирсэн байдаг. Төмөрийн өвийг зөвхөн Энэтхэгээс бус, Сефевид болон Османууд Төмөрийн одон орны "Сахиб-киран" буюу "Аятай зохицолдох цаг үеийн эзэн" (Lord of the auspicious conjunction) гэсэн цолыг авснаас харж болно. Виктор Либерманы монументаль бүтээл болох Strange Parallels нь Чин гүрэн болон Их Моголын удирдлага дор Хятад болон Өмнөд Азийг нэгтгэхэд Дотоод Азийн улс төрийн уламжлал болон гүрний харизм ямар үүрэг гүйцэтгэсэнд онцгой анхаарал хандуулдаг.
Энэхүү судалгааны бүтээлүүдийн ихэнх нь нэлээд нягт, нарийн мэргэжлийн байдаг – Либерманы номын зөвхөн хоёрдугаар боть нь гэхэд 947 хуудастай – бөгөөд Ходарковскийн бүтээл энэ дүр зургийг илүү хүртээмжтэй байдлаар тайлбарладаг. Түүхийн хуудаснаас тодорхой харагдаж буйгаар, Орос улс энэхүү Дотоод Азийн гүрнүүдийн нэрсийн жагсаалтаас гадуурх үл хамаарах зүйл юм. Учир нь Рюриковичууд болон тэднийг орлосон Романовуудын аль нь ч Чингисийн өв залгамжлалд шууд хамааралтай гэж зүтгээгүй боловч Догшин Иваны "Опричнина"-гийн харанхуй жилүүдэд Чингисийн удмын, Христийн шашинд орсон Татар язгууртан Симеон Бекбулатович Москвад нэр төдий хаанчилж байсан удаатай.
Хэрэв Чингисийн болон Төмөрийн гүрнүүдийн өв залгамжлалын тухай мэтгэлцээн өдгөө голчлон түүхийн сонирхол татах зүйл болсон бол, Ходарковский орчин үеийн ач холбогдол бүхий түүхийн маргаантай асуудлуудаас ч зайлсхийдэггүй. Үүний нэг нь бидний "колоничлолын маргаан" гэж нэрлэж болох зүйл юм. Түүхийн урсгалд түүний Оросын тал нутгийн хил хязгаарыг судалсан хоёр дахь ном нь "колоничлолын эзэнт гүрэн бүрэлдсэн нь" гэсэн дэд гарчигтай байсан бөгөөд энэ нь Орост түүнд нэлээд дайсагнасан хандлагыг авчирсан юм (үүн дээр нэмээд түүнийг олигархи, ойролцоо нэртэй Михаил Ходорковскийтой андуурах тохиолдол гардаг байв). Ходарковский энэ сэдэв рүүгээ номынхоо дүгнэлт хэсэгт эргэн орж, Оросын болон Хятадын эзэнт гүрнийг хоёуланг нь колоничлолын шинжтэй байсан (одоо ч гэсэн гэж хэлж болно) гэж тодорхойлж болно гэж бичжээ. Ходарковский үүгээр юу хэлэхийг хүссэн бэ гэвэл, хоёулаа колоничлолын ялгаатай байдлын дүрмийг мөрдөж байсан – харьяат хүн амд зориулсан, угсаатны байдлаар тодорхойлогдсон засаг захиргааны тодорхой хэлбэрүүд нь тэдэнд эзэнт гүрний голлох үндэстний гишүүдээс цөөн эрхийг олгож байсан бөгөөд соёлын шатлал нь сүүлийнхийг хамгийн дээр тавьдаг байв. Би үүнтэй ерөнхийдөө санал нийлэх боловч Хаант Оросын эрх баригч элит нь угсаатны хувьд Орос гэхээсээ илүү Христийн шашинтай, Европынх байсан – Балтийн Германчууд, Польшууд, Гүржүүд үүнд хэт их төлөөлөлтэй байсан – харин Чин гүрний Хятадад Манж, Монголчууд Хан Хятадуудаас илүү давуу эрх эдэлдэг байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Хятадын жишээн дээр анхаарах ёстой бусад зарим чухал нөхцөлүүд байна. Хэдийгээр 1759 оноос хойш Зүүнгаруудыг бүрмөсөн устгаж, улмаар Хан Хятад суурьшигчдаар сольсон нь орчин үеийн Европын колоничлолын практикийг санагдуулдаг ч Төвд нь Далай ламын орон нутгийн хяналтан дор шууд бусаар захирагддаг протекторат байсан бөгөөд Шинжаан нь 1870-аад оны дахин байлдан дагуулалтын дараа л колоничлолын домэйн хэлбэрээр гарч ирсэн бөгөөд энэ нь Ходарковскийн номондоо авч үзэж буй хугацаанаас хамаагүй хожуу үе юм. Чин гүрний засаглал тэгш бус байсан байж болох ч, өнөөдөр Төвд, Уйгуруудын Хятадын Коммунист Намын гарт амсаж буй хэрцгий хэлмэгдүүлэлт, соёлын устгалтай харьцуулахад харьцангуй зөөлөн байсан юм.
Оросын тал дээр, Гадаад хэргийн сайд Сергей Лавровын 2022 онд Орос улс "колоничлолын цуст гэмт хэргээр бузарлагдаагүй" гэж мэдэгдсэн нь – Орос улс Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл хийснийхээ дараа Африкийн орнуудад таалагдах гэсэн оролдлого байв – Оросыг колоничлолын гүрэн гэж үзэх санааг үл зөвшөөрөх хандлага нь зөвхөн Зөвлөлтийн үед л бүрэлдсэн гэдгийг тусгаж байна. Ходарковский Хаант Оросын албаны хүмүүс Оросын колоничлол байсныг mөн үгүйсгэж байсан гэж бичсэн ч энд би санал нийлэхгүй байна. Колоничлолын хэллэгийг Хаант засгийн сүүл үед Кавказ, Төв Ази, Сибирь, Алс Дорнод дахь бодлого, засаглалыг тодорхойлоход чөлөөтэй ашигладаг байсан. Г.В. Глинка буюу Славян тариачдыг Европын Оросоос Сибирь болон Төв Азийн эзгүй (гэвч үнэндээ эзэнтэй) газар нутаг руу нүүлгэн суурьшуулах ажлыг хариуцсан төрийн захиргааны дарга 1914 онд "Азийн Оросын газар нутаг бол манай улсын салшгүй бөгөөд хуваагдашгүй хэсэг бөгөөд үүний зэрэгцээ манай цорын ганц колони юм" гэж бичиж байжээ. Түүйн байгууллагын сэтгүүл нь Вопросы Колонизации ("Колоничлолын асуудлууд") гэж нэрлэгддэг байв. Орос улс Брюссель дэх Олон улсын колоничлолын хүрээлэнг үүсгэн байгуулагч гишүүн байсан. Үгүйсгэх зүйл байхаас хол, колонитой байх нь Оросын Европын агуу гүрнүүдийн клубын алтан карттай гишүүн гэх статусын илэрхийлэл байсан юм.
Ходарковский Исламын Евразийн эзэнт гүрнүүдэд колоничлолын шошго зүүхээс зайлсхийсэн бөгөөд энд түүний зөв гэж би бодож байна – тэдний шатлал нь угсаатны байдлаар тодорхойлогддоггүй байсан бөгөөд Осман, Сефевид эсвэл Их Моголын эзэнт гүрнүүдэд энэ хугацаанд удирдах үндэстэн эсвэл илт колоничлогдсон харьяат иргэдийг тодорхойлох боломжгүй юм (Османы хувьд энэ нь эзэнт гүрний оршин тогтносон сүүлийн хагас зуунд өөрчлөгдсөн ч гэсэн). Тэд илүү цэвэр династик (угсаа залгамжилсан) улсууд байсан бөгөөд элитийн гишүүнчлэлийг шашнаа солих болон эзэнт гүрний хэлийг эзэмшсэнээр баталгаажуулж болдог байв. Османы тэргүүн сайд нар (вазирууд) Турк гаралтай гэхээсээ илүү Балканы Славян эсвэл Албани гаралтай байх магадлал өндөр байсан бол Сефевидүүдэд Гүржийн боол элитүүд, Их Моголуудад Ражпутууд болон бусад дээд кастын Хиндучууд зүтгэдэг байв.
Ходарковскийн Исламын Евразийн гурван эзэнт гүрнээс олж харсан өөр нэг тодорхой бөгөөд зарим талаар гайхалтай ялгаа нь хууль эрх зүйн гүйцэтгэсэн хамаагүй том үүрэг байв. Оросын болон Хятадын автократ эрх мэдэл нь үндсэндээ ямар ч хуулийн тогтолцоогоор хязгаарлагддаггүй байсан бөгөөд хууль нь удирдагчийн хүсэл зориг болон эзэнт гүрний зарлигуудын цуглуулгын синоним төдий байв – 19-р зууны хоёрдугаар хагасаас өмнө аль ч эзэнт гүрэн бие даасан шүүх засаглал эсвэл хувийн хуульчдын мэргэжилтэнгүй байв. Үүний эсрэгээр, Исламын ертөнц дэх хууль нь төрийн эрх мэдлээс бүрэн хамааралгүй байгаагүй ч өөрийн гэсэн институци болон оюуны салбарыг бүрдүүлдэг байв. Нөлөө бүхий хууль зүйн бичвэрүүд, шүүгчдийн тайлбарлах үүрэг, хууль эрх зүйн урьдын жишээнүүдийн хуримтлал нь удирдагчийн эрх мэдэлд тэнцвэржүүлэгч хүч болж өгдөг байв.
Энэ бүхний илэрхийлж буйгаар, тал нутагтай соёл, улс төрийн хувьд харилцаж байсан нийтлэг туршлага нь түүний хөршүүдийн дунд засаглалын эсрэг эсвэл улс төрийн үзэл суртлын нийтлэг хэв шинжийг заавал бий болгоогүй бөгөөд энэ нь уншигчийн Ходарковскийн бодол төрүүлэм номноос гаргаж болох хамгийн чухал дүгнэлт байж магадгүй юм.
ТАТАР МАЙДАР










