Энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэртээ цоожлогдож үлдсэн 3 бяцхан зүрх тэнгэрт одсон харамсалтай үйл явдал боллоо. Сумын Засаг даргын бүх нийтийн их цэвэрлэгээний захирамж гарч даргын тушаалыг биелүүлэхээр цэцэрлэгийн эрхлэгч хүүхдүүдийг амрааж. Цэцэрлэг орохгүй тул бага насны 3 бяцхан охин харах хүнгүй гэртээ цоожлогдон үлдсэн байх үед энэ аймшигт явдал тохиожээ. Энэ явдал зүгээр нэг уншаад өнгөрөх, халаглаад үлдэх асуудал биш. Яаж зовсон бол, эвий минь яана аа гэж мунгинах биш маргааш ийм тохиолдол дахин давтагдахгүй байхын төлөө томчууд бид хичээх ёстой.
Өдөр бүр хэдэн мянган хүүхэд гэртээ цоожлогдож, харж хамгаалуулах эрхээ хасуулж, гэртэйгээ шатаж, цонхоороо унаж гэмтэж, бэртэн, амь насаа алдаж байгаагийн шалтгааныг бид өнөөх “Амьдрал хэцүү байна” гэсэн ганцхан үгээр л тодорхойлдог.
Мэдээж цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу, гэр бүлийн ганц гишүүний цалингаар амьдрах боломжгүй эдийн засгийн нөхцөл, хулгайч, дээрэмчин гээд шалтаг, шалтгаан олон боловч хэдий болтол нэргүй буруутан нийгэм рүү хамаг муугаа чихэж суух вэ. Энэ хорвоод амьдрах гэж, хайрлагдах гэж ирсэн бяцхан үрсээ хайхрамжгүй, хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаасаа болж цаг бусаар буцаасаар байх уу. Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд өсөн торних эрхийг хамгаалахын төлөө эцэг, эхийн хүлээх хариуцлагыг одоо ярих цаг болсон бус уу.
Манай улсад хүүхдээ хараа хяналтгүй орхисон аав, ээжүүдэд хариуцлага тооцдог ийм хуулийн тогтолцоо яалт ч үгүй хэрэгтэй байгааг харамсмаар олон тоо баримт, эмгэнэлт явдлууд харуулсаар байна.
СҮҮЛД ГАРСАН ГУРАВХАН ЭМГЭНЭЛТ ЯВДЛЫГ ЭРГЭН САНУУЛАХАД:
2022 оны долоодугаар сарын 28. Булган аймгийн Тэшиг сумын төвд айлын байшин шатаж дотор нь байсан гурван хүүхэд нас барсан хэрэг гарсан билээ. Гал гарах үед нас барсан хүүхдүүдийн аав, ээж гэртээ эзгүй буюу аав нь хөдөө явсан, ээж нь тэр үед гэртээ эзгүй байсан аж. Энэ үеэр таван настай охин, гурван настай хүү, нэг настай охин хэний ч тусламжийг авч чадалгүй амиа алдсан байдаг.
2022 оны хоёрдугаар сарын 05. Дархан хотод нэг айлын гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан хэрэг гарсан. Паар нь хагарснаас цахилгааны саатал гарсан нь 4, 5, 1 нас зургаан сартай охидын амийг авсан болохыг шалгалтаар тогтоосон байна. Тухайн үед охидын ээж цэцэрлэгт үйлчлэгч хийдэг байсан бөгөөд “Ээж нь урлагийн үзлэгтээ бэлдээд ирье, миний хүүхдүүд гэртээ тоглоод байж байгаарай” гэж хэлээд дэрсхэн хүүхдүүдээ үнсээд гарсан.
2023 оны аравдугаар сар. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Харуул Алтай хотхоны есдүгээр давхраас 7 болон 5 настай эгч дүү хоёр унаж, амь насаа алдсан.