12 ордын долоо хоног /2024.7.8-2024.7.14/-ийн зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ долоо хоногийн эхээр хувийн амьдралд хамт ажилладаг хүнээс тань таны бодож, төсөөлж байгаагүй зүйл гарч таныг нэлээд гомдоон харилцаа холбоогоо таслахад хүргэж магадгүй. Сэтгэлээр унах хямрах нь бие махбодыг сульдуулна гэдгийг анхаар. Эрх мэдэлд хүрсэн хэн нэгний анхаарлыг татахаар шийдсэн бол одоогийнхоосоо жаахан л идэвх зүтгэлтэй байхад хангалттай. Хэтрүүлэх хэрэггүй. Харин долоо хоногийн дундуур таныг өнгөцхөн дүгнэх биш дотоод мөн чанар, авьяас билэг, ур чадварыг тань олж харан, үнэлж дүгнэх нэгэнтэй учирна. Өөрийнхөө төсөөлж ч байгаагүй зүйлээс маш их ашиг орлого олох боломжтой болно. Та амьдралаас юу хүсэж мөрөөдөж байна түүнийгээ биелүүлэхийн төлөө эргэлт буцалтгүй тэмцэж эхлээрэй. Амжилт ололт нь зөвхөн таны хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөс шалтгаална. Долоо хоногийн сүүлээр танд итгэмээргүй сайхан санал ирнэ гэж одод зөгнөж байна. Та өөртөө бүрэн итгэлтэй байж хийж буй зүйлдээ сэтгэлээ зориулахыг од эрхэс танд зөвлөж байна. Амарч тухлахаасаа илүүтэй тархиа ажиллуулж илүү их боломжийн төлөө ур ухаанаа уралдуул. Таны өмнө амжилтын маш том хаалга нээлттэй байна. Аз хийморь таныг үргэлж дагах болно гэдэгт итгэлтэй байж болно.
Үхэр: Энэ долоо хоног үхрийнхэнд жаахан таагүй эхэлж байна. Гэнэтийн осол аваарт орох гэмтэл бэртэл авах эрсдэл өндөр байгаа тул үргэлж хянамгай байхыг зөвлөж байна. Таны ажлын бүтээмж нь сэтгэл санааны тань байдалтай шууд хамааралтай байна. Хувийн асуудлаа ажилтайгаа хутгаснаар сайн юм болохгүй. Эрчүүд танилтайгаа уулзахдаа хий цэцэрхэх, байхгүй зүйлийг байгаа мэт худал ярьснаасаа болж эргээд гарах гарцаа хайх байдалд хүрнэ. Долоо хоногийн дундуур хүрээлэн буй орчин, амьдарч буй газраа цэвэр цэмцгэр үлгэр жишээ байлгахын төлөө гэр бүлээрээ бүхий л хүчээ зориулна. Бага зэргийн асуудлыг дэвэргэж, олонд дэлгэх хэрэггүй. Сэтгэл зовоосон аливаа зүйлийг та ганцаараа ч давж чадна. Өөртөө эмх цэгцийг бий болгож, аливаад хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Таны ойр дотнын хүмүүст хайр халамж дутагдаж байгааг мэдрэх болно. Хувь хүнийхээ үүднээс бусдын үгийг зөвлөгөө мэт хүлээж авах нь танд шийдвэр гаргахад ихээхэн дөхөм болно. Харин долоо хоногийн сүүлээр хайр дурлалын хувьд эрчүүд илүү гайхамшигтай аз жаргалтай байх магадлалтай. Бүсгүйчүүдийг жижиг сажиг худалдан авалтууд сэтгэлийг нь сэргээж, аз жаргалыг мэдрүүлнэ. Үр хүүхдэдээ тавих халамж, анхаарлаа улам илүү болгохыг зөвлөж байна. Та гэр бүлтэйгээ амралтаа төлөвлөсөндөө маш сэтгэл хангалуун байх болно. Гэнэтийн ямар нэгэн зүйл сэдэх, хийх, шийдвэр гаргах байдал гаргахгүй байх хэрэгтэй.
Ихэр: Долоо хоногийн эхээр шинэ төсөл, хөтөлбөрийн ажлаас үүдэлтэй аливаа асуудлууд таныг хэсэг хугацаанд төөрөлдүүлж, урам зоригийг тань мохоож мэдэх юм. Хэрэв та өөрт тулгарсан хүнд үеийг давж, саад бэрхшээлийг туулан гарч чадвал амжилтыг заавал олох болно. Шинээр танилцсан хүмүүс тань таны амжилтад ихээхэн нөлөө үзүүлнэ. Хэн нэгэн танаас тусламж дэмжлэг хүсвэл эргэлзэх зүйлгүй туслаарай. Танд хариу нь ирэх л болно. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуул. Уур бухимдлаа дарж аль болох тайван байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур таны амьдрал тэнцвэртэй байдалд хүрсэн байна. Аз туршсан аливаа зүйлээс холхон байхыг зөвлөж байна. Таны хувьд нэлээд эрсдэлтэй алхам байх болно. Харин долоо хоногийн сүүлээр өөртөө итгэлтэй, хөдөлмөрч хүмүүсийг од гараг ивээлдээ авна. Тэдний уужуу ухаан, даруу төлөв байдал нь нэр хүндийг нь өсгөөд зогсохгүй материаллаг байдлыг нь сайжруулна. Шийдэмгий байхыг зөвлөж байна. Урлаг уран сайханд дуртай, эсвэл энэ салбарын хүмүүсийг амжилт дагана. Харин төрийн албанд ажилладаг хүмүүсийн хувьд хийх хүсэл эрмэлзэл нь ямар нэгэн зүйлээс болж мухардалд орж, тэдэнд ямар ч гарц байхгүй мэт санагдана.
Мэлхий: Долоо хоногийн эхээр төлөвлөөгүй чухал асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч магадгүй. Бүх саад тотгор, хүндрэлийг үл харгалзан элдэв урхийг тойрон гарч зорьсондоо хүрнэ. Нэлээд олон ашигтай төсөл төлөвлөгөөг бага хүчээр, богино хугацаанд гүйцэтгэж чадах төлөвтэй. Эдгээр төслүүд нь их хэмжээний ашиг орлого, нэр хүндийг авчрах магадлал өндөр байна. Ойр дотнын найз нөхдөд тань таны тусламж дэмжлэг хэрэгтэй болж магадгүй. Өөрт болон ойрын хүний асуудалд нухацтай хандаж өөрийн боломж бололцоогоо байж болох хэмжээнд ашиглаарай. Санхүүгийн хүндрэлд орох магадлалтай тул өндөр өртөгтэй бараа худалдан авахаас энэ удаад татгалзсан нь дээр байх. Долоо хоногийн дундуур та эрч хүчээр цэнэглэгдэж сэтгэл санаа өөдрөг хувийн амьдрал бүтэмжтэй байна. Худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа бодол орж ирнэ гэж одод танд зөгнөж байна. Гэвч өөрийн бодлоо бодит болгож чадах эсэх нь зөвхөн танаас шалтгаална гэдгийг санаарай. Харин долоо хоногийн сүүлээр манлайлагч, гүйлгээ ухаан сайтай, түргэн сэтгэдэг гэх мэт чадвараа ашиглан ямар ч салбарт амжилттай ажиллаж, албаны болон хувийн амбицаа нэмэгдүүлнэ. Найз нөхөд тань танд маш том урам, зориг бэлэглэж таны амралтыг чимнэ. Баяр баяслаар дүүрэн байж ихийг хийж бүтээх хүслээ барьж дийлэхгүй. Таныг зөв шийдвэр, зөв сонголт хийхэд тань хайртай хүмүүс тань туслах болно.
Арслан: Энэ долоо хоногийн эхээр нийгмийн хүрээлэлд үл ойлголцол гарч магадгүй. Аливаа шийдвэр нь нийтийн эрх ашгийн төлөө бус зөвхөн амин хувийн сонирхлын төлөө байвал алдаа болох тул ямар нэгэн алхам хийхээсээ өмнө сайтар бодож, тунгаа. Чухал үүрэг хариуцлага шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэсэн бол албан тушаал ахих санал гаргахад тохиромжтой үе. Хувийн харилцаа ил тод бөгөөд итгэлцэл дүүрэн байх тул гэр бүлийн уур амьсгал сайхан байна. Харин долоо хоногийн дундуур хувь хүний хөгжил талаасаа хэн нэгний анхааралд өртөж магадгүй үе. Танд өөрийгөө илэрхийлсэн хэнийг ч үл тоож, дорд үзэхгүй байхыг зөвлөж байна. Гялалзсан амжилттай үе гэнэт ирж, аз ивээнэ гэж найдах хэрэггүй. Харин ч санасан сэдсэн зүйл бүтэхгүй байсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр олны дунд цагийг өнгөрүүлбэл танд суралцах зүйл их, ашигтай зөвлөгөө арвин байх болно. Уулзалт хэлэлцээрийг сайн бэлтгэхгүй бол таны төлөвлөгөө нурах магадлалтай. Настай хүмүүсийнхээ эрүүл мэндийг анхаарахгүй бол өвчин хууч нь сэдрэх магадлалтай үе.
Охин: Долоо хоногийн эхээр дээд албан тушаалтантай ам мурийх үл ойлголцолд хүрэх явдал гаргахгүй харилцаандаа онцгой анхаар. Аливаа санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз. Мөн хайр дурлал амрагийн явдлаас зайлсхий. Эрчүүдийн хувьд товлосон ажлаа амжилттай дуусгаж, хуучин алдаа дутагдлаа засаж чадна. Харин бүсгүйчүүд хамтран зүтгэгчдээ анхааралтай ажиглаж, ажиллаж буй хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг дахин сайтар шалгах хэрэгтэй. Ажил алба тань танаас ер бусын өндөр төвлөрөлт, сахилга бат, зохион байгуулалтыг шаардах болно. Долоо хоногийн дундуур таны ганцаарчилсан тоглолт бус хамтын хүчээр хийсэн зүйл тань амжилт дагуулах болно. Эд хөрөнгөний тал дээр төлөвлөсөн зүйл тань жаахан асуудалтай, саад ихтэй байх магадлалтай. Танд ирээдүйг тань гэрэл гэгээтэй болгож мэдэх таатай үйл явдал тохиолдоно. Бүх зүйл тань таны төсөөлж байгаагаас илүү бүтэмжтэй байж аливаа толгой эргүүлсэн нөхцөл байдлаас өөрт ашигтайгаар гарч чадна. Тархи толгой, сэтгэцэд нөлөөлөхүйц хорт зүйлсээс хол байсан нь дээр. Харин долоо хоногийн сүүлээр бодол санаагаа төвлөрүүлэн хамтрагчийнхаа гаргасан санааны тухай эргэцүүл, хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг судал. Бүтээлч хөдөлмөрч зан, дур булаам байдал хослон таны ажлыг амжилттай болгож үр дүн нь ч гарт баригдахуйц тааламжтай байх болно. Амьдралын чадамж, эрч хүч нэлээд дээгүүр байна. Өнгөрсөнд болсон бүхий л таагүй зүйлээсээ ангижрахыг зөвлөж байна.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр аливаа тулгарах саад бэрхшээлийг үл тоон санал болгосон шинэ төслийг хүлээн авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харилцагч болон хамтрагчтайгаа харилцаагаа муутгах хэрэггүй. Өмнөх өдрүүдийн таагүй байдлуудыг үлдэн хөөж ирэх өдрүүдийг эрч хүчтэй угтах бэлтгэлээ хий. Агаар салхинд гарах, аялал зугаалгаар явахад таатай. Хол явахаар бол бэлтгэлээ сайн базааж ардаа үлдэх ажлаа сайтар шийдэж гарахыг зөвлөж байна. Харин долоо хоногийн дундуур бүсгүйчүүдийг од гараг ивээлдээ авсан тул өөрийн хийхийг хүссэн, өөрчлөхийг хүссэн бүхий л зүйлээ зоригтой барьж ав. Хичээл зүтгэл бүрийг тань үнэлэх болно. Ямар ч тохиолдолд түнш болон бусдад өгсөн амлалтдаа хүрч байхыг зөвлөж байна. Хариуцлагатай ажилд анхаарал болгоомжтой байж мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр агаар ажиллах, группийн уулзалт, аялал зохион байгуулахад таатай. Бүсгүйчүүд дуртай зүйлээ хийж, олны дунд бужигнаж өнгөрүүлэхийг хүснэ. Харин эрчүүд гэртээ байх хугацаагаа юунаас ч илүү үнэтэй мэт санаж буйдангаасаа салахгүй бүтэн өдөржин амарна. Өмнө өчнөөн удаа амжилттай хийж байсан ажил тань бүтэлгүйтэх магадлал өндөр байна. Та хариуцсан ажлаа хариуцлагатай хийхэд үр дүн нь мэдээж таны хүссэнээр л байх болно гэдгийг мартах хэрэггүй.
Хилэнц: Энэ долоо хоногийн эхээр ашиг орлого нэмэгдэж материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Ажил хэргийн төлөвлөгөөнд олон ахиц дэвшил байгаа ч зарим нэг нөхцөл байдлын улмаас төлөвлөсний дагуу байж чадахгүй байх. Гэрээ хэлэлцээр, албан ярилцлагын үед бусдын үйлдэлд тэвчээртэй хандахгүй бол зарим асуудлын гол буруутан нь болж мэднэ. Ажлаа цэгцлэхгүй бол сайхан амралтын тухай бодоод ч хэрэггүй. Бусдын итгэлийг алдахгүй болсон цагт амжилт, үр дүнг хүртэнэ гэдгийг санаарай. Долоо хоногийн дундуур төлөвлөөгүй зардал нь нэлээд чирэгдэл учруулж болзошгүй тул төсвөө аль болох хэмнэлттэй байлгахыг зөвлөж байна. Өмнө хийж үзээгүй зүйлээ хийх зориг, итгэл ундарч байгаа ч аз сорих таны хийх зүйл биш байна. Хайртай хүмүүстээ сэтгэлийн таашаал бэлэглэ. Харин долоо хоногийн сүүлээр нэлээн сорилтууд өмнө тань ирэх нь. Эрүүл мэндийн зарим асуудал гарч ирнэ. Энэ нь ихэвчлэн ахмад хүмүүст хамаатай байж магадгүй. Гэр бүлийн бүхий л харилцаанд маш хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Олон хүний хэл ам, хов жив таныг тойрохгүй бололтой. Аливаа харилцаанд найрсаг эвтэй байхыг зөвлөж байна. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх талаар төлөвлөгөө боловсруулахад сайн үе.
Нум: Долоо хоногийн эхээр зарим нэг хүмүүсийн ухаангүй тэнэг үйлдлээс болж санхүүгийн байдал дордоход хүрч болзошгүй. Эд хөрөнгөтэй холбоотой янз бүрийн асуудлууд гарч болзошгүй. Хурц ухаан, аливааг дүгнэж чадах чадвар тань энэ удаагийн ажилд ихээхэн нөлөө үзүүлж эерэг үр дүнг авчрах болно. Өөртөө итгэлтэй байдал мөн өөдрөг үзэл нь бусад бүх асуудлыг шийдэж чадна. Өөрөөсөө өндөр албан тушаалтантай харилцах нэлээд ярвигтай ч та өөрийн арга барилаараа амархан ойлголцож чадна. Урдаа тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байгаарай. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ онцгой анхаар. Ахимаг насны хүмүүс даралт ихсэх, зүрх өвдөх зэрэг эрүүл мэндийн асуудал тулгарч магадгүй. Сэтгэл санааны хямрал нь аливаа өвчний эхлэл гэдгийг мартаж болохгүй. Амьдралын өдөр тутмын хэв маягийг өөрчлөх гэж хичээх тань үр дүнгээ өгнө. Бясалгал хийх нь таныг уурлаж, бухимдахгүй байхад сургахаас гадна тайван энэрэнгүй болгох болно. Зарим тохиолдолд хамтрагчийнхаа саналыг өөрийн бодлоос илүүд үзэх нь оновчтой байх болно. Харин долоо хоногийн сүүлээр гэр бүл үр хүүхэд тань тантай өдрийн турш хамт байхыг хүснэ. Та тэдний хүсэлтийг хүлээн авч гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч, идэвхтэй амрах хэрэгтэй. Материаллаг байдлаа сайжруулах тал дээр ихээхэн анхаарч, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, байр, машин, газар худалдан авах талаар судлах ч таны нүдэнд гарц биш бэрхшээл л илүү ихээр харагдаж урам зоригоо бууруулна. Өөртөө хяналттай байхыг зөвлөж байна.
Матар: Долоо хоногийн эхээр амьдралдаа томоохон шийдвэр гаргаж магадгүй. Таны азтай байдал улам нэмэгдэж бодит байдлаас дүгнэлт хийж шинэ санаа гаргах чадвартай байна. Гайхамшиг тохиож таны хүсэл биелэх эсвэл ажлыг тань өмнөөс чинь хийж өгнө гэж найдах хэрэггүй. Өөрөө өөртөө эзэн байхыг танд сануулж байна. Сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр түлхүү анхаар. Амьдралд тань ямар нэгэн өөрчлөлт орж болзошгүй. Хайр дурлал, гэрлэлт, амлалттай холбоотой зүйл тохиолдоно. Долоо хоногийн дундуур та хэн нэгний ятгалгад өртөх, ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийх, буруу ажлаа барьж авч болзошгүй. Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд идэвх чармайлт гаргаж эхлүүлсэн ажлынхаа араас тууштай зүтгэсний хариуг авна. Өөртөө итгэлтэй, шийдэмгий, зоригтой байх нь эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татаж тэдний дунд нэлээд таатай сэтгэгдлийг үлдээж чадна. Дур булаам бүсгүйчүүд нийгэмд болон салбартаа гялалзсан амжилтыг үзүүлж олон шинэ шинэ боломжийг олж харна. Харин долоо хоногийн сүүлээр бизнесийн салбартаа аль хэдийнээ хөлөө олчихсон хүний хувьд өөр илүү ямар боломж байгааг судлах ч бусад бараа үйлчилгээний тал дээр өөрөөс шалтгаалаагүй бага зэргийн асуудал тулгарч болзошгүй. Байдал аяндаа намжиж эргээд хэвийн горимд шилжинэ. Дотнын хүмүүстэй муудалцах, санал зөрөлдөх явдал тохиолдож магадгүй. Та өөрийн зөв гэдэгтээ бат итгэлтэй байх бөгөөд бууж өгч уучлалт гуйх хүсэлгүй байна. Өсвөр насныхан, эзэгтэй нарын хувьд гэрийн ажлаа хоббитойгоо хослуулан олон янзаар мөн бусдын гаргасан шинэ санаачилга зөвлөмжийг дагахыг хичээ.
Хумх: Долоо хоногийн эхээр амьдралын мөн чанар, зорилгоо тодорхойлж төлөвлөхөд таатай. Хэн нэгний муу нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй. Ойрд байгаагүйгээр дуу шуутай, хөл хөдөлгөөн ихтэй, айлчин гийчин ирж гэр дүүрэн, халуун дулаан уур амьсгал зонхилно. Төрийн байгууллагад хандах гэж байгаа бол цагаа маш сайн тооцоолох хэрэгтэй. Олон хүнтэй харилцахад нэлээд хүндрэл бэрхшээлтэй тул та ч мөн адил бусдыг ойлгох сэтгэлтэй бай. Янаг амрагийн явдалд орооцолдох хэрэггүй. Бүтэлгүй зүйлтэй учирна. Долоо хоногийн дундуур ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө танд үнэхээр шаардлагатай эсэх, та үүний талаар хэр зэрэг мэддэг вэ гэдгээ сайтар нягталж шалгахыг зөвлөж байна. Ажил хэргийн уулзалт гэрээ хэлэлцээр нь хэн нэгний буруутай үйлдлээс болж амжилтгүй болно. Амьдралынхаа мөч хором бүхнээс таашаал авахыг хичээ. Болохгүй зүйлийг дэвэргэн бодох, жижиг сажиг асуудлыг зохицуулж чадахгүй зүдрэх нь таныг ядрааж, стрессдүүлэхээс цаашгүй тул аль болох сайн сайхныг бодож, мөрөөдөж амьдралаа гэрэл гэгээтэйгээр хараарай. Харин энэ долоо хоногийн сүүлээр бүхий л зүйлд сэтгэлийн хөөрлөөр бус бодит байдлаа эрүүл ухаанаар харж ухаалгаар хандвал аливаа саад бэрхшээл, таагүй зүйлээс хол байж чадна. Өөртөө бүх ачааллыг авахаас зайлсхийж бусдын тусламж дэмжлэгийг татгалзалгүй аваарай. Эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гарна. Үүнийг хурдан шуурхай шийдвэрлэж эмнэлэгт хандаарай.
Загас: Долоо хоногийн эхээр бүтээлч байдал, оюунлаг, хөдөлмөрч байдлаараа бусдын анхаарлыг татаж чадсан таны хувьд ахин олон олон боломж гарч ирэх болно. Өөрчлөлт шинэчлэлт хийх, урт хугацааны төлөвлөгөө боловсруул. Хэрэв танд туслах итгэлтэй хүнээ зөв олж чадвал таны хүч хүрэхгүй зүйл гэж үгүй санагдана. Хайр дурлалтай учирч, адал явдал, олон сайхан зүйлүүдийг үзэж, мэдрэх цаг үе бүсгүйчүүдэд тохионо. Долоо хоногийн дундуур хуучин найз нөхөдтэйгөө уулзаж холбоо тогтоосноор ирээдүйд хийх ажлаа амжилттай байлгах, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах эх үүсвэрээ бий болгоно. Сүүлийн үед хийсэн томоохон наймааны үр ашгийг үзэхийн тулд танаас багагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах болно. Таны хувийн амьдралд гэнэтийн санаандгүй мэдээ мэдээлэл ирж магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр шинээр бий болсон холбоо харилцаа тань таны ажилд ихээхэн дэмжлэг туслалцаа болж, таныг амьдралыг өөр нүдээр харах толь болно. Бэртэл гэмтэл авахаас сэргийл мөн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжоо алдахгүй байхыг сануулж байна.