5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээлэл
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр хадгалагдах бөгөөд зарим бүс нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тодруулбал, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
01-р сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэл
Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулс, Увс нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4–9 метр.
Агаарын температур шөнөдөө ихэнх нутгаар -25…-42 градус, өдөртөө -5…-32 градус хүрч, маш хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор
Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3–8 метр. Шөнөдөө -27…-36 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор мөн цасгүй, шөнөдөө -34…-37 градус, өдөртөө -17…-21 градус хүйтэн байх төлөвтэй.
01-р сарын 25–29-ний өдрүүдийн төлөв
25–28-ны өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар, мөн Хэнтийн болон Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4–9 метр, 25-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 26-нд говь, талын нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
Энэ хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, шөнөдөө -15…-42 градус, өдөртөө -4…-31 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Анхааруулга: Малчид, иргэд, тээвэрчид хүйтний эрч чангарч, салхи шуургатай өдрүүдэд замын халтиргаа, малын бэлчээрлэлт, дулаан хамгаалалтад онцгой анхаарахыг анхааруулж байна.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ








