Цаг уурын байгууллагаас гаргасан 5 хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 29-нийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч агаарын температур эрс хүйтрэх төлөвтэй байна. Энэхүү мэдээ нь малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарал хандуулах шаардлагатайг сануулж байна.
2026 оны нэгдүгээр сарын 26-ны 20 цагаас 27-ны 20 цаг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар багавтар үүлтэй байх бөгөөд шөнөдөө Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Харин өдөртөө нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5–10 метр хүрнэ.
Агаарын температурын хувьд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө, Туул голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр -35…-40 градус хүрч, бусад олон нутгаар -30 градусаас доош хүйтэрнэ. Өдөртөө Увс нуур, Дархадын хотгор болон зарим голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүсийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3–8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байх төлөвтэй байна. Харин Багануур, Тэрэлж орчмоор мөн адил цасгүй ч шөнөдөө -33…-36 градус хүрч хүйтэрнэ.
Цаашдын төлөвөөр нэгдүгээр сарын 29-нд Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын сав газраар, 30-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна. Энэ үед салхи ширүүсч, говь талын нутгаар секундэд 12–14 метр хүрч болзошгүйг анхаарууллаа.
Иймд малчид, иргэд, тээвэрчид хүйтний эрч чангарч, цас, салхитай өдрүүд тохиох тул зам, тээвэр, малын хашаа хороо, дулаан хувцаслалтдаа онцгой анхаарахыг цаг уурын байгууллагаас зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ








