Буддын шашны оюун санааны удирдагч Далай лам “Бясалгал: Далай ламын гэгээнтний эргэцүүлэл” нэртэй аудио номоороо Грэммийн аудио номын төрөлд шагнал хүртсэн юм.
Нобелийн энхтайвны шагналт Далай лам нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Энэхүү шагналыг талархал, даруу байдлаар хүлээн авч байна. Би үүнийг хувь хүний амжилт бус, хамтын, бүх нийтийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж харж байна” гэжээ.
Шагналыг түүний өмнөөс уг аудио номд оролцсон уран бүтээлчдийн нэг, хөгжимчин Руфус Уэйнрайт гардан авсан байна.
Өнгөрсөн жил Далай лам залгамж халаагаа тодорхойлох төлөвлөгөөгөө баталсан нь Хятадтай зөрчилдөх шалтгаан болсон. Хятад улс Грэммийн наадамд Далай лам тодорсныг эрс шүүмжилж, урлагийн шагналыг “Хятадын эсрэг улс төрийн манипуляцид ашиглах”-ыг эсэргүүцдэг гэдгээ мэдэгдлээ.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь “Урлагийн шагналыг Хятадын эсрэг улс төрийн манипуляцийн хэрэгсэл болгохыг холбогдох талууд ашиглахыг бид эрс эсэргүүцдэг. Энэ байр суурь маань тогтвортой, тодорхой” гэж мэдэгдэв.
Өдгөө 90 настай Далай лам 1959 оноос хойш Төвөдийн эх нутгаасаа цөллөгт амьдарч байгаа бөгөөд Хятад улс түүнийг босогч, салан тусгаарлагч гэж үздэг.
|
Эх сурвалж
| BBC
|
Б.ЭНХЗАЯА








Өдөр тутмын мэдээ







