Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээг хүргэж байна. Энэ сарын 7, 8-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч аажмаар суларна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар ихэнхдээ цас орохгүй, салхи ширүүсэх нутгууд бий.
2026 оны 02-р сарын 06-ны 20 цагаас 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг байна. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -38…-43 градус хүрч хүйтэрнэ. Харин Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голын хөндийгөөр -33…-38 градус, говийн бүсийн зарим нутгаар -17…-27 градусын хүйтэн байна. Өдөртөө ихэнх нутгаар -9…-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчимд цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
Багануур орчимд цэлмэг, салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -14…-16 градус.
Тэрэлж орчимд цэлмэг, салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
2026 оны 02-р сарын 08-наас 12-ныг хүртэлх төлөв:
08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 09-нд Алтайн уулс болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, шөнөдөө -14…-39 градус, өдөртөө +3…-26 градусын хооронд хэлбэлзэнэ. Ялангуяа говийн бүсийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарч, харин өндөр уулс, хойд нутгуудаар жавар хэвээр хадгалагдана.
Цаг агаарын огцом өөрчлөлт, салхи ширүүсэх үед малчид, тээвэрчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, холын замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








