Цаг уурын байгууллагаас ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурганаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.
Салхи ширүүсч, аюултай үзэгдэл ажиглагдана
Гуравдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх нутаг болон Увс аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18–20 метр хүрч, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэх төлөвтэй байна. Иймд хүчтэй салхи, шуурганы үед замын хөдөлгөөнд оролцох, мал сүргээ отор нүүдэлд гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.
11–13-нд цас орж, шуурга шуурна
-
11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр
-
12-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг болон зүүн аймгуудын баруун хойд хэсгээр
-
13-нд төвийн аймгуудын өмнөд, зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар
бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй.
Үүний улмаас зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэй байна.
Ихэнх нутгаар огцом хүйтэрнэ
11-нд төв болон зүүн хэсгээр түр зуур дулаарах боловч баруун аймгуудаар хүйтэрч эхлэх бөгөөд 12-ноос ихэнх нутгаар агаарын температур 10–20 хэмээр огцом буурах төлөвтэй байна.
Тухайлбал:
-
Увс нуур, Дархадын хотгор болон Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38°C, өдөртөө -19…-24°C
-
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн зэрэг голын хөндийгөөр шөнөдөө -25…-30°C, өдөртөө -11…-16°C
-
Бусад нутгаар шөнөдөө -17…-22°C, өдөртөө -6…-11°C хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Улаанбаатарт
Ойрын хоногт Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3–8 метр. Шөнөдөө -9…-11°C, Яармаг-Сонгины орчмоор -17…-19°C хүрч хүйтэрч, өдөртөө +4…+6°C дулаан байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын өөрчлөлтийг анхаарч, хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцаслах, мал сүргээ хамгаалах арга хэмжээг авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ









