Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2026 оны гуравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Ялангуяа Алтайн уулархаг бүс, говь, талын нутгаар салхи ширүүсэх тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.
Ойрын хоногийн төлөв (03.25-03.26)
Баруун өмнөд нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын зарим хэсгээр, өдөртөө Алтайн өвөр говь болон Дорнод-Монголын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар тогтуун байна.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус хүрч хүйтэрнэ. Харин говийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -7…-12 градус байна. Өдөртөө ихэнх нутгаар +4…+9 градус дулаан, говийн бүс болон Сэлэнгэ, Хараа голын сав газраар +9…+14 градус хүрч дулаарна.
Улаанбаатар орчмоор
Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи 5-10 м/с. Шөнөдөө -7…-14 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор
Багануурт салхи 7-12 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Тэрэлж орчмоор салхи 5-10 м/с. Хур тунадасгүй, шөнөдөө -10…-16 градус, өдөртөө +4…+8 градус дулаан байна.
5 хоногийн урьдчилсан төлөв (03.27–03.31)
- 27-нд баруун хойд нутгаар
- 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсгээр
- 29-нд баруун өмнөд болон зүүн аймгуудын зарим нутгаар
- 30-нд говийн баруун өмнөд болон Халх голын сав газраар хур тунадас орно
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с байх боловч 28-29-нд зарим нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Температурын хувьд:
- Баруун хойд нутгаар шөнөдөө -14…-19, өдөртөө -4…+1
- Уулархаг бүсэд шөнөдөө -10…-15, өдөртөө +1…+6
- Говийн бүсэд шөнөдөө +3…-2, өдөртөө +12…+17
- Бусад нутгаар шөнөдөө -4…-9, өдөртөө +6…+11 градус байна
28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид зам, даваа гүвээ, ил задгай бүс нутгаар зорчихдоо салхи шуурганы нөхцөл байдлыг онцгой анхаарч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





