5 ХОНОГИЙН ЦАГ АГААР: ЦАС, ШУУРГА, САЛХИ ЭЭЛЖЛЭН ИДЭВХЖИНЭ
Малчид, иргэд, тээвэрчдэд ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл огцом өөрчлөгдөх тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Ялангуяа дөрөвдүгээр сарын 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн говь, тал, хээрийн бүс нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга дэгдэн, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байгаа юм.
Иймд зам даваа гүвээ, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэх, тээврийн хөдөлгөөнд хүндрэл учрах магадлал өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Ойрын 24 цагийн төлөв
Дөрөвдүгээр сарын 4-ний 20 цагаас 5-ны 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх ч төв болон зүүн аймгуудын зарим хэсгээр шөнөдөө, өдөртөө цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Харин бусад нутгаар хур тунадас багатай байна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6–11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18–20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд шөнөдөө нутгийн ихэнх хэсгээр -5...-15 градус хүйтэн байх бол өдөртөө нутгийн баруун хэсгээр +17...+22 градус хүрч дулаарах ч зүүн болон төвийн нутгаар хүйтэн хэвээр хадгалагдана.
Улаанбаатар орчимд
Улаанбаатар хот орчимд хур тунадас орохгүй ч салхи ширүүсч, сэрүүсэх төлөвтэй байна. Шөнөдөө -8...-14 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байх нь.
Багануур, Тэрэлж орчмоор мөн адил хур тунадасгүй ч салхи ширүүсч, шөнөдөө -11...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
5 хоногийн төлөв (04 сарын 06–10)
Ирэх өдрүүдэд цаг агаар тогтворгүй хэвээр үргэлжилнэ.
-
6-нд зүүн бүсийн зарим нутгаар
-
7-нд баруун болон хангайн уулархаг нутгаар
-
8-нд баруун аймгуудын ихэнх хэсгээр
-
9-нд нутгийн олон хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Эдгээр өдрүүдэд салхи үе үе ширүүсч, говь болон тал хээрийн нутгаар шороон шуурга дэгдэх төлөвтэй.
Температурын хувьд 6, 7-нд ихэнх нутгаар дулаарах ч 8, 9-нд хойд нутгаар эргэн сэрүүсэх хандлагатай байна. Баруун өмнөд нутгаар өдөртөө +19...+24 градус хүрч дулаарах бол хойд болон зүүн бүс нутгаар сэрүүн хэвээр байх юм.
Анхааруулга
-
Цасан болон шороон шуургын үеэр үзэгдэх орчин эрс муудна
-
Замын нөхцөл хүндэрч, халтиргаа гулгаа нэмэгдэнэ
-
Малчид малаа ойр байлгах, тээвэрчид холын замд болгоомжтой зорчих шаардлагатай
Иргэд цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





