Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-14

САЛХИ СЕКУНДЭД 24 МЕТР ХҮРЧ ШИРҮҮСЭХ ТӨЛӨВТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад цаг агаарын нөхцөл эрс өөрчлөгдөж, салхи шуурга, цасан болон шороон шуурганы үзэгдэл давамгайлах төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгаар салхи, шороон шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цасан болон шороон шуурга үргэлжлэхээр байна. Харин 15-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Ойрын нэг хоногийн төлөв (04-р сарын 14-15)
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төв, зүүн аймгуудын зарим хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас багатай байна.

Салхи говь болон зүүн бүс нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим үед 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга үүсгэнэ.

Агаарын температур шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр -13...-18 градус хүрч хүйтэрч, уулархаг нутгаар -7...-12 градус, харин говийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан байна. Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсч, говийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус хүрэх бол бусад нутгаар +6...+11 градус орчим байна.

Улаанбаатар хот орчмоор
Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орж, өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 орчим, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор
Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасч, хур тунадас бага байна. Шөнөдөө -2...-5 градус хүрч хүйтэрч, өдөртөө +2...+5 градус дулаан байх төлөвтэй.

Дөрөвдүгээр сарын 16-20-ны урьдчилсан төлөв
Энэ хугацаанд ихэнх нутгаар хур тунадас үе үе орж, уулархаг болон голын хөндий нутгаар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. 17-19-ний өдрүүдэд салхи ихэнх нутгаар ширүүсч, зарим үед секундэд 24 метр хүрэх хүчтэй шуурга шуурахыг анхааруулж байна.

Агаарын температур ерөнхийдөө дулаарах хандлагатай ч 18-19-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар огцом сэрүүсэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлгийг анхаарч, холын замд гарахдаа бэлтгэлээ сайтар хангахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22