Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи ширүүсч, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул малчид, иргэд, тээвэрчид болзошгүй гал түймрийн аюулаас онцгойлон сэрэмжлэхийг анхааруулж байна. Ялангуяа говь, талын бүс нутгаар салхины хурд нэмэгдэж, гал алдах эрсдэл өндөр хэвээр байна.
Ойрын нэг хоногийн төлөв: Зүүн хэсгээр хур тунадастай
2026 оны 5-р сарын 5-ны 20:00 цагаас 6-ны 20:00 цаг хүртэлх хугацаанд нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, харин говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг болон голын хөндийгөөр -1…-6 градус хүрч хүйтрэх бол говийн баруун өмнөд хэсгээр +6…+11 градус дулаан байна. Өдөртөө ихэнх нутгаар +14…+19 градус, харин говийн бүсэд +20…+25 градус хүрч дулаарна.
Орон нутгийн дэлгэрэнгүй төлөв
Улаанбаатар хот орчимд шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи зарим үед ширүүсч, шөнөдөө -1…-3 градус, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
Багануур орчимд мөн хур тунадасгүй ч салхи илүү ширүүсэх төлөвтэй. Шөнөдөө -2…-4 градус, өдөртөө +9…+11 градус байна.
Тэрэлж орчимд шөнөдөө бага зэргийн бороо орж, өдөртөө тогтуун болно. Температур шөнөдөө -2…-4 градус, өдөртөө +7…+9 градус байна.
5 хоногийн төлөв: Дулаарч эхэлнэ ч зарим бүсэд бороо, нойтон цастай
5-р сарын 7-ноос эхлэн нутгийн баруун хэсгээр дулаарч, цаашдаа ихэнх нутгаар агаарын температур нэмэгдэх хандлагатай байна.
- 5-р сарын 8-нд төвийн аймгуудын зарим нутгаар
- 5-р сарын 9-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
- 5-р сарын 10-нд Монгол-Алтайн бүсээр
бороо, нойтон цас орно.
Салхи 10-ны өдөр Алтайн салбар уулсаар түр зуур ширүүсэх төлөвтэй.
Шөнөдөө уулархаг нутгаар -1…+4 градус орчим сэрүүхэн байх ч говийн өмнөд хэсгээр +13…+18 градус дулаан байна. Өдөртөө ихэнх нутгаар +19…+24 градус, говийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус хүрч дулаарах төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид та бүхэн салхи шуурга, хуурайшилт, температурын хэлбэлзэлд тохируулан ахуй амьдрал, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







