Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр хүчтэй салхи шуурч, цаг агаар эрс сэрүүсэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд малчид, иргэд, тээвэрчдийг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөжээ.
Өнөө шөнөөс маргааш орой хүртэлх хугацаанд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар хур тунадас багатай байх төлөвтэй байна. Харин салхи нутгийн баруун болон төвийн хэсгээр ширүүсч, шороон шуурга шуурах юм.
Агаарын температурын тухайд говийн бүс нутгаар өдөртөө +33…+38 градус хүрч халуун байх бол баруун хойд хэсгээр сэрүүсэж, уулархаг нутгаар +5…+17 градус дулаан байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө +28…+30 градус дулаан байх бөгөөд салхи зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулжээ.
Багануур орчмоор мөн салхи ширүүсч, өдөртөө +26…+28 градус дулаан байх бол Тэрэлж орчмоор шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +26…+28 градус хүрэх төлөвтэй байна.
Мөн тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орж, 13-14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн хэсгээр эрс сэрүүсэхийг цаг уурчид мэдээллээ. Уулархаг нутгаар шөнөдөө -1…-6 градус хүрч хүйтрэх тул малчид, тариаланчид, замд зорчих иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







