Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-29

ЗАРИМ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж, энэ сарын 30-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхаарууллаа.

Өнөө шөнөөс маргааш орой хүртэл баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Харин өдөртөө баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно.

Салхины хувьд нутгийн баруун хагаст чиглэл өөрчлөгдөн ширүүсэж, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Агаарын температурын тухайд говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар өдөртөө +32...+37 градус хүрч хална. Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +15...+20 градус дулаан байх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд маргааш өдөр бороо орж, салхи ширүүсэх бөгөөд өдөртөө +21...+23 градус дулаан байх ч сэрүүсэх төлөвтэй байна. Мөн Багануур, Тэрэлж орчмоор дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулжээ.

Тав хоногийн төлөвөөс харахад тавдугаар сарын 31-нээс эхлэн төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, уулархаг бүс нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Мөн зургаадугаар сарын 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах аж.

Үүний зэрэгцээ тавдугаар сарын 31-нээс нийт нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа бөгөөд уулархаг нутгуудаар шөнөдөө -4...+1 градус хүрч хүйтрэхийг цаг уурчид мэдээллээ.

Иймд малчид, иргэд, тээвэрчдийг хүчтэй салхи, шороон шуурга, аадар бороо болон зам давааны нөхцөл байдалд онцгой анхааралтай байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10