Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байх төлөвтэй байна. Иймд малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, холын замд гарахдаа бэлтгэлээ сайтар хангахыг зөвлөж байна.
Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын зарим газраар, маргааш өдөр баруун аймгуудын баруун хэсэг, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим нутгаар бороо орж, зарим газарт дуу цахилгаантай байх төлөвтэй байна.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрч салхилах бөгөөд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм.
Агаарын температурын хувьд шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж, Байдраг голын хөндийгөөр -2...+3 градус хүрч сэрүүсэх бол Алтайн өвөр говьд +13...+18 градус дулаан байна. Өдөртөө Алтайн өвөр говийн нутгаар +28...+33 градус хүрч халуун байх бол Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус дулаан байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд үүлшинэ. Бороо орохгүй, баруун хойноос секундэд 6-11 метр салхилна. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байх төлөвтэй байна.
Харин ирэх тав хоногт буюу зургаадугаар сарын 10-14-ний хооронд нутгийн ихэнх хэсгээр үе үе бороо орж, зарим газарт дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх ч борооны өмнө түр хугацаанд ширүүсч болзошгүйг цаг уурчид анхаарууллаа.
Иймд иргэд, малчид, тээвэрчид аян замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тогтмол авч, аадар бороо болон хүчтэй салхины үед болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







