Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-17

ГОВЬД 33 ХЭМ ХҮРЧ ХАЛАХ Ч УУЛААР НОЙТОН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж, малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.

Урьдчилсан мэдээгээр энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсгээр хүйтэн бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Үүний зэрэгцээ агаарын температур эрс буурч сэрүүсэх бөгөөд 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах нөхцөл бүрдэхийг анхаарууллаа.

Өнөө шөнө баруун, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр байх ч төв болон говийн бүсээр түр зуур хүчтэй ширүүснэ.

Температурын хувьд нутгийн хойд хэсгээр мэдэгдэхүйц сэрүүсч, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 7-12 хэм, Хангайн бүс болон Орхон, Сэлэнгэ голын сав газраар 12-17 хэм дулаан байх бол говийн өмнөд хэсгээр 28-33 хэм хүрч хална.

Улаанбаатар хот орчимд үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө 23-25 хэм дулаан байх боловч салхи зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Харин 19-23-ны хооронд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно. Энэ үеэр нутгийн зүүн болон хойд хэсгээр сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс болон томоохон голын хөндийгөөр шөнөдөө хөрсөн дээр -2-оос +3 хэм хүртэл цочир хүйтрэх төлөвтэй байна.

Иймд малчид, тариаланчид, замд гарах иргэд цаг агаарын өөрчлөлтийг анхаарч, хүчтэй салхи, аадар бороо болон сэрүүсэлтийн үед шаардлагатай арга хэмжээг авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16