Цаг уурын байгууллагаас ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Малчид, иргэд, тээвэрчдэд ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст халуун хэвээр үргэлжлэх бол зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна. Мөн мөндөр, хүчтэй салхи, үер, усны аюул үүсэх эрсдэлтэй тул сэрэмжтэй байхыг зөвлөв.
Долдугаар сарын 4-ний 20:00 цагаас 5-ны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр:
Шөнөдөө төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрч, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Шөнөдөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +23...+28 градус хүрэх бол Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр +6...+11 градус байна. Өдөртөө Алтайн өвөр говь орчмоор +35...+40 градус хүрч халах бол ихэнх нутгаар +24...+29 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар +20...+25 градус дулаан байх төлөвтэй.
Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Багануур орчимд бороо орохгүй. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байх бол Тэрэлж орчимд өдөртөө үүлшин, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, +22...+24 градус дулаан байна.
Ирэх тав хоногийн төлөв
Долдугаар сарын 6-10-ны хооронд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон говийн зүүн хэсгээр, мөн 7-9-ний өдрүүдэд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бөгөөд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх төлөвтэй.
Говийн баруун өмнөд хэсэгт өдөртөө +35...+40 градус хүрч халах бол ихэнх нутгаар +24...+29 градус дулаан байна. Харин долдугаар сарын 9-нөөс эхлэн нутгийн баруун хагаст сэрүүсэх төлөвтэй байна.
Б.АМАРТҮВШИН






Өдөр тутмын мэдээ






