ИРЭХ ТАВ ХОНОГТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРЖ, ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСНЭ
Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 8-наас эхлэн улсын зүүн болон хойд бүсийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орж, зарим бүс нутагт салхи ширүүсэх төлөвтэй байна. Иймд малчид, иргэд, тээвэрчдийг үер, усны аюул, мөндөр, хүчтэй салхинаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо орно
Долоодугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Аадар борооны үеэр мөндөр буух, салхи түр зуур хүчтэй ширүүсэх, уулын болон голын сав газраар үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул аялал зугаалга, замын хөдөлгөөнд оролцох иргэдийг онцгой анхааралтай байхыг зөвлөжээ.
Долдугаар сарын 7-ны 20:00 цагаас 8-ны 20:00 цаг хүртэл нутгийн зүүн хагаст үүлшинэ. Харин бусад нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө төвийн аймгуудын хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо орно.
Өдрийн цагаар баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын хойд болон зүүн хэсэг, мөн зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрч, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.
Говийн бүсэд халуун хэвээр үргэлжилнэ
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8...+13 градус дулаан байна. Харин говийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Их нууруудын хотгор болон говийн зүүн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус байх төлөвтэй.
Өдрийн цагаар Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус дулаан байх бол говийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус хүрч хална. Их нууруудын хотгор болон говийн зүүн, хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байх юм.
Улаанбаатарт бороотой, +25 градус хүрнэ
Нийслэл Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орж, салхи баруун өмнөөс баруун хойш эргэн секундэд 4-9 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Шөнөдөө +15...+17, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Багануур орчмоор шөнөдөө бороо орохгүй ч өдөртөө бороо орно. Агаарын температур шөнөдөө +13...+15, өдөртөө +23...+25 градус байна.
Тэрэлж орчмоор мөн бороотой байх бөгөөд шөнөдөө +10...+12, өдөртөө +21...+23 градус дулаан байх төлөвтэй байна.
Ирэх тав хоногт сэрүүснэ
Долдугаар сарын 9-13-ны хооронд ихэнх нутгаар үе үе бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжилнэ.
-
9-нд баруун аймгуудын баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар,
-
10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн зарим хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр,
-
11-нд баруун аймгуудын зүүн болон өмнөд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн хойд хэсгээр,
-
12-нд нутгийн хойд хэсгээр тус тус бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Мөн 10-нд баруун хагаст, 11-нд зүүн хагаст салхи секундэд 7-12 метр хүрч ширүүсэх бөгөөд борооны өмнө зарим газарт түр зуур хүчтэй салхилахыг анхааруулжээ.
Агаарын температур 9-нөөс баруун хойд нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудаар, 11-нд ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна. Уулархаг нутгаар шөнөдөө +4...+9, өдөртөө +14...+19 градус хүрэх бол говийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22, өдөртөө +25...+30 градус дулаан хэвээр байх юм. Бусад нутгаар шөнөдөө +10...+15, өдөртөө +19...+24 градус дулаан байх төлөвтэй байна.
Цаг уурчдын зүгээс аадар борооны үеэр хуурай сайр, голын эрэг дагуу буудаллахгүй байх, үерийн эрсдэлтэй бүсээр зорчихдоо анхаарал болгоомжтой байж, цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол авч байхыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






