Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-11

НААДМЫН ӨДРҮҮДЭД БОРОО ҮРГЭЛЖИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж, Хэнтий болон Дорнод аймгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг анхаарууллаа.

Тодруулбал, долоодугаар сарын 12-нд зүүн бүсийн дээрх нутгуудаар хур тунадас эрчимжих төлөвтэй байгаа бөгөөд мөндөр буух, нөөлөг салхи шуурах, гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэх, уруйн үер буух эрсдэлтэй байгааг онцгойлон сэрэмжлүүлэв. Иймд малчид, аялагчид, тээвэрчид болон голын сав дагуу зорчих иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Маргааш ихэнх нутгаар сэрүүхэн байна

Өнөөдөр 20:00 цагаас маргаашийн 20:00 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлэрхэг байх бөгөөд шөнөдөө баруун болон говийн аймгуудын хойд, төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Харин өдөртөө баруун болон зүүн аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хэсгээр хур тунадас үргэлжлэх төлөвтэй байна.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй.

Агаарын температур зүүн нутгаар сэрүүсэж, шөнөдөө уулархаг болон голын хөндийгөөр +2...+7 градус хүрэх бол өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр +13...+18 градус дулаан байна. Харин говийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус хүрч дулаарна.

Улаанбаатарт шөнөдөө бороо орно

Нийслэлд үүлэрхэг байх бөгөөд шөнөдөө бага зэргийн бороо орж, өдөртөө хур тунадасгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрч, шөнөдөө +7...+9, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор мөн шөнөдөө бороо орж, өдөртөө тэнгэр цэлмэх төлөвтэй бөгөөд өдөртөө +14...+17 градусын сэрүүхэн байх юм.

Ирэх долоо хоногийн дунд үеэс бага зэрэг дулаарна

Долоодугаар сарын 13-17-ны хооронд бороо үе үе үргэлжлэх төлөвтэй байна.

  • 13-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 14-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газар, говийн хойд хэсгээр,
  • 15-нд баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр,
  • 16-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

14-нөөс баруун нутгаар, 15-наас ихэнх нутгаар агаарын температур бага зэрэг нэмэгдэж, уулархаг нутгаар өдөртөө +16...+21 градус, бусад нутгаар +22...+27 градус, говийн өмнөд хэсгээр +29...+34 градус хүрч халуун байх төлөвтэй байна. Иймээс борооны улмаас үүсэх үер усны аюул болон аянгын эрсдэлээс сэрэмжтэй байж, цаг агаарын мэдээг тогтмол авч байхыг Цаг уурын байгууллагаас зөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16