Малчид, иргэд, жолооч, тээвэрчид анхааралтай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Долдугаар сарын 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд зарим газраар мөндөр бууж, салхи түр зуур ширүүсэхээс гадна үер, усны аюул үүсэх эрсдэлтэй байна.
Өнөөдрийн цаг агаар
Долдугаар сарын 12-ны 20:00 цагаас 13-ны 20:00 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлэрхэг байна. Шөнөдөө баруун, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зүүн хэсэг болон төвийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Харин бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас багатай байх төлөвтэй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилж, борооны өмнө зарим газраар түр хугацаанд ширүүснэ.
Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, говийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр +17...+22 градус, говийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус хүрч дулаарна.
Улаанбаатар хот орчимд
Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй ч өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Багануур орчимд өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, +20...+22 градус дулаан байх бол Тэрэлж орчимд мөн аадар бороо орж, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
Ирэх 5 хоногийн төлөв
Долдугаар сарын 14-18-ны өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр үе үе бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
-
14-нд төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар,
-
15-нд баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр,
-
16-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар,
-
17-нд нутгийн зарим газраар тус тус бороо орно.
Салхи 14-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр хүрч, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Агаарын температур 14-нд баруун нутгаар, 15-наас эхлэн ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Уулархаг бүс нутгаар шөнөдөө +5...+10, өдөртөө +17...+22 градус байх бол Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22, өдөртөө +29...+34 градус хүрч хална. Харин бусад нутгаар шөнөдөө +9...+14, өдөртөө +22...+27 градус дулаан байх төлөвтэй байна.
Иймд аадар бороо орох үед гол мөрөн, хуурай сайр, жалга орчимд зорчихгүй байх, үер усны аюулаас сэрэмжлэх, мөндөр, хүчтэй салхины үеэр мал сүрэг болон эд хөрөнгөө хамгаалахыг онцгойлон зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





