ИХЭНХ НУТГААР ДУЛААРЧ, ЗАРИМ БҮСЭД ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан төлөвөөр ойрын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар дулаарч, агаарын температур улирлын дундажтай ойролцоо болон түүнээс дулаан байх төлөвтэй байна. Харин уулархаг болон зүүн бүсийн зарим нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул малчид, иргэд, аялагчид, тээвэрчид цаг агаарын өөрчлөлтийг анхаарч, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Маргааш зүүн нутгаар бороо орно
Долдугаар сарын 13-ны 20:00 цагаас 14-ний 20:00 цаг хүртэл нутгийн зүүн хагаст үүлшинэ. Төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох бол бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадасгүй байна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилж, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +4...+9 градус сэрүүхэн байх бол говийн өмнөд хэсгээр +17...+22 градус дулаан байна. Өдрийн цагаар уулархаг нутгаар +19...+24 градус, ихэнх нутгаар +23...+28 градус, харин Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр +30...+35 градус хүрч хална.
Улаанбаатарт бороо орохгүй
Нийслэл Улаанбаатар хот орчимд үүлшинэ. Бороо орохгүй бөгөөд баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхи салхилна. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Багануур орчимд мөн бороо орохгүй. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байх төлөвтэй.
Тэрэлж орчимд үүлшинэ. Хур тунадасгүй, баруун хойноос секундэд 6-11 метрийн хурдтай салхи салхилна. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Тав хоногийн төлөв: Дулаан үргэлжилж, аадар борооны бүс тэлнэ
Долдугаар сарын 15-19-ний өдрүүдэд ихэнх нутгаар дулаан хадгалагдах боловч уулархаг бүс болон баруун, төвийн нутгаар үе үе дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
-
15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
-
16-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор,
-
17-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын баруун хэсгээр,
-
18-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Энэ хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр байх ч аадар борооны өмнө түр хугацаанд ширүүсэх магадлалтай.
Агаарын температурын хувьд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлжийн орчмоор шөнөдөө +4...+9, өдөртөө +18...+23 градус байх бол Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24, өдөртөө +31...+36 градус хүрч хална. Харин говийн хойд хэсгээр өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байх төлөвтэй байна.
Иймд аадар борооны үеэр гол, сайр, хуурай жалгаар ус түргэн урсах, салхи түр зуур ширүүсэх эрсдэлтэй тул орон нутагт зорчих иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс болон малчид, тээвэрчид цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






