Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр халуун хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Харин зарим уулархаг нутгаар үе үе дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тул малчид, иргэд, тээвэрчид болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Маргаашийн цаг агаар
Долдугаар сарын 15-ны 20:00 цагаас 16-ны 20:00 цаг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулс болон говийн бүсийн өмнөд хэсгээр, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас багатай байна.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай салхилж, борооны өмнө зарим газраар түр хугацаанд ширүүснэ.
Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 хэмийн сэрүүхэн байх бол Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн хойд хэсгээр +16...+21 хэм, говийн өмнөд хэсгээр +21...+26 хэм дулаан хононо. Бусад нутгаар +9...+14 хэмийн дулаантай байна.
Өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+31 хэм, Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр +32...+37 хэм хүрч хална. Харин бусад нутгаар +21...+26 хэмийн дулаан байна.
Улаанбаатар орчим
Нийслэл орчимд үүлшинэ, бороо орохгүй. Баруун хойноос секундэд 4-9 метрийн салхи салхилна. Шөнөдөө +12...+14 хэм, өдөртөө +23...+25 хэмийн дулаантай байна.
Багануур орчимд мөн бороо орохгүй, шөнөдөө +9...+11 хэм, өдөртөө +23...+25 хэм хүрнэ.
Тэрэлж орчимд үүлшинэ, хур тунадасгүй. Шөнөдөө +5...+7 хэм, өдөртөө +21...+23 хэмийн дулаантай байх төлөвтэй.
Тав хоногийн төлөв
Долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд нутгийн олон хэсгээр үе шаттайгаар бороо үргэлжилнэ.
-
17-нд баруун аймгуудын хойд, говийн баруун, зүүн аймгуудын өмнөд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар,
-
18-нд баруун болон говийн аймгуудын хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр,
-
19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын зарим газраар,
-
20-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Энэ хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр байх ч аадар борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх магадлалтай.
Агаарын температурын хувьд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 хэм, өдөртөө +19...+24 хэм байна. Харин Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 хэм, өдөртөө +33...+38 хэм хүрч хамгийн халуун байх төлөвтэй.
Говийн хойд хэсгээр өдөртөө +28...+33 хэм, бусад нутгаар +23...+28 хэмийн дулаан хадгалагдах бөгөөд 18, 19-ний өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Иймд аадар бороо орох бүс нутгаар зорчих иргэд үер ус, аянга цахилгаан, хүчтэй салхины эрсдэлийг анхаарч, харин халуун үргэлжлэх говийн бүсэд ажиллаж, зорчих иргэд наршилт, халалтын эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






