"Шороон үхэр"-ийн зурхайн зурлагаар шинжвэл: Үхрийн толгой, шийр, туурай, ногт нь ногоон өнгөтэй, эвэр, чих, сүүл нь хар, эрүү, хамар, омруу нь цагаан, цулбуур нь шар, ходоод, бие нь улаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.
Үхэр хариулаач нь: Ногоон царайтай, цагаан дээл, гуталтай, улаан бүс бүсэлсэн, малгайныхаа баруун чихийг сөхөөд, зүүнээ буулгасан, үс нь чихнийхээ өмнүүр хийсэн, мяндсаар томсон бургасан хар шилбүүр барьсан, цагаан өнгийн гуталтай, зүүн гутлаа өмсөөд, баруунаа бүсэндээ зүүсэн, хүч чадал багатай идэр залуу, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж байна.
Дээрх зурлагыг шинжвээс: Тухайн жилийн хавар ба улирал бүрийн эхээр салхи шуурга ихтэй, хур ус тааруухан, жилийн дундуур гундуу, адуу малд халгаатай, хурмал өвчин өчүүхэн гарах ба жилийн ноён нуруу ерөнхийдөө төлөв түвшин байх нигууртай. Энэ жил нялхаст буюу ард түмэнд амгалан, өвгөдөд буюу дээд суудалтанд ширүүвтэр, залууст буюу дунд суудалтанд сайн. Энэ жил улс эх орны хувьд хөгжил санхүү эдийн засаг сайжирна. Газар орон амар түвшин болох, ард иргэдийн ажил үйлс бүтэмжтэй. Идэр залуусын ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрнэ. Өндөр настан болон архаг хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ анхаарахад гэмгүй.